Элчин сайд Р.Алтангэрэлээс Хүн ам, орон сууцны завсрын тооллогын талаар Канад Улсад амьдарч буй нийт Монгол Улсын иргэдэд хүргүүлж буй уриалга

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо хүн ам, орон сууцны завсрын тооллогыг 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Монгол Улсын хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам зохион байгуулж байхаар хуульд заасан бөгөөд завсрын тооллого нь статистик мэдээллийг тодотгох, шинэчлэн сайжруулах, хүн ам, өрхийн мэдээллийн санг баяжуулж, төрийн захиргааны төв болон салбарын байгууллагуудын мэлээллийн сангуудтай уялдуулах, мөн хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг явуулах суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Гадаадад оршин сууж буй иргэдийг бүртгэлд өргөн хамруулах нь тэдний хууль ёсны эрхийг хамгаалах, төрийн үйлчилгээг түргэн хүргэх, саналт хүсэлтийг нь шуурхай шийдвэрлэх, сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэх давуу талтай. Иймд Монгол Улсын иргэн Та бүхэн энэхүү тооллогод өргөнөөр оролцож, Үндэсний Статистикийн хорооны бүртгэлийн http://e-census.nso.mn гэсэн цахим холболтоор орж өөрсдийн мэдээллийг бүртгүүлэхийг дахин уриалж байна.