МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн саналыг Канад Улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдээс 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд Оттава дахь элчин сайдын яамны байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

- Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,  

- Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай, 

- Оттава дахь элчин сайдын яаманд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ www.ottawa.embassy.mn гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа: 

- Embassy of Mongolia 503-151 Slater Street, Ottawa, ON K1P5H3  гэсэн хаягаар шуудангаар, эсхүл (613) 569 3916 дугаарын факсаар, эсхүл ottawa5@mfa.gov.mn гэсэн и-мэйл хаягаар илгээх замаар бүртгүүлнэ үү.

Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг элчин сайдын яамнаас авах боломжтой бөгөөд харин гадаад паспортоо авч ирэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.
Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Оттава дахь Элчин Сайдын Яам, Салбар комисс № 20
Лавлах утас: 613-569-3830