МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ БҮРТГЭЛ

16 нас хүрсэн эсвэл өмнө нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байгаагүй Монгол Улсын иргэн Элчин сайдын яаманд хандаж, иргэний бүртгэлд хамрагдана. Иргэний бүртгэлд хамрагдах Монгол Улсын иргэн Элчин сайдын яаманд заавал биеэр ирж хурууны хээгээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана. Иргэний бүртгэлд хамрагдахдаа дараах материалыг бүрдүүлэн авч ирнэ. Үүнд:

  1. Монгол Улсын иргэний төрсний гэрчилгээ, эсвэл иргэний үнэмлэх;
  2. Монгол Улсын иргэний гадаад паспорт;

Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгүүлэх иргэн өөрийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Консулын ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотлож ИУБ-31 маягт дээр гарын үсэг зуруулах бөгөөд бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ Танд өгнө. Энэхүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад шаардлагатай тул хаяж, үрэгдүүлэхгүй байхыг анхаарна уу.
Шинэчилсэн бүртгэлд хамрагдасны дараагаар УБЕГ-ын https://burtgel.gov.mn/ цахим хуудас,  1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулан таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгаж болно.


Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараа Таны цахим үнэмлэх Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн Хороонд хэвлэгдэж очих бөгөөд Таны итгэмжлэлийн дагуу Монгол Улсад байгаа итгэмжлэгдэгчээрээ дамжуулан цахим үнэмлэхээ хүлээн авах боломжтой.


Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1, УИХ-ын 2009 оны 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоол, 2011 оны 2 дугаар сарын Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын /хуучин нэрээр/ хамтарсан тушаалын дагуу хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хилийн чанадад зохион байгуулж байгаа болно.