Элчин сайдын мэндчилгээ

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудсанд тавтай морилохыг хүсэн мэндчилж байна.

Монгол Улс Канад Улстай дипломат харилцаа тогтоогоод 40 жил гаруй жил болж байна. Энэ дөчин жилийн хугацаанд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээтэй түншлэлийн түвшинд хүртлээ өргөн хөгжиж, Канад Улс Монгол Улсын гурав дахь хөршүүдийн нэг нь нэгэнт болоод байна. Канад Улс нь Монгол оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг анхнаас нь тууштай дэмжиж, оюун санааны болон санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлсээр ирсэн юм. Улаанбаатар, Оттава нийслэлүүдэд хоёр орон өөрсдийн дипломат төлөөлөгчийн газар Элчин сайдын яамаа нээж ажиллуулж, өндөр дээд түвшний харилцан айлчлал сүүлийн жилүүдэд тогтмолжиж байгаа нь энэ найрсаг харилцаа, хамтын ажиллагааны цаашдын ирээдүйг улам тод томруун болгож байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 онд, Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2013 онд, Ерөнхий сайд С.Батболд 2010 онд тус тус Канад Улсад айлчилж, Монгол-Канадын харилцааг шат ахиулж, шинэ төсөл, агуулгаар баяжуулсаар ирлээ.

Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг 2013 онд олон чухал үйл явдлаар дүүрэн ёслон тэмдэглэсэн билээ. Канадын Амбан захирагч Эрхэмсэг ноён Давид Жонстон 2013 оны 10 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь улс төр, дипломатын чухал үйл явдал болсон бөгөөд үүгээрээ Канад Улс манай хөгжлийн ирээдүйд хамт байж, үнэт зүйлсээ хуваалцахаа дахин тод томруун илэрхийлсэн юм. Канад Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Жон Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 23-25-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь Канадын гадаад хэргийн сайдын манай оронд хийсэн анхны айлчлал байлаа.

Канад Улстай Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй, барилга хот байгуулалт, батлан хамгаалах, төрийн алба, хууль зүй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар эдүгээ хамтын ажиллагаагаа биежүүлж байна. Канад Улс нь Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ тэргүүлдэг орнуудын эгнээнд багтдаг бөгөөд Монгол Улсад канадын техник, технологийг нэвтрүүлж, стандарт, хэм хэмжээг нутагшуулах нь өнөөгийн чухал зорилтуудын нэг болоод байна. Канадын их, дээд сургуулиудад дипломын боловсрол эзэмших хүсэлтэй олон монгол залуусын эрмэлзлэлийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч манай зарим их дээд сургууль канадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны баримт бичиг байгуулан ажиллаж эхлээд байна.  

Канад Улсад Монгол Улсын олон зуун иргэд төрөл бүрийн зорилгоор аж төрж байгаа бөгөөд тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг тэдэнд шуурхай боловсон нээлттэй хүргэх, тусламж дэмжлэг үзүүлэх, санал санаачилгыг нь дэмжих нь Элчин сайдын яамны тэргүүн чиг үүрэг мөн.

Миний бие Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирээд 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Давид Жонстонд Итгэмжлэх жуух бичгээ барин ажиллаж эхлээд байна.

Монгол Канадын түншлэлийн хамтын ажиллагааг цаашид тодорхой салбаруудад улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чадлаа дайчлан санаачилгатай ажиллах чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа бөгөөд Канад Улсад аж төрж буй Монгол Улсын иргэдтэйгээ ойр байж, тэдний хүсэл санаачилгыг дэмжиж нээлттэй хамтран ажиллах болно. Монгол Улсын хөгжил дэвшилд та бүхний хүчин зүтгэл чухал билээ.  

Элчин сайдын яамны цахим хуудсанд зочилсноороо Та шаардлагатай мэдээллээ авч, Монгол Улсын төдийгүй Монгол, Канадын хамтын ажиллагааны талаар шинэхэн мэдээлэлтэй болно. Та бүхэн санал бодлоо нээлттэй хуваалцах боломжтой.

Гүнээ хүндэтгэсэн
Элчин сайд Раднаабазарын Алтангэрэл

 

Монгол Улсаас Канад Улсад суугаа
Элчин сайд Раднаабазарын АЛТАНГЭРЭЛ

Элчин сайд Р.Алтангэрэл нь 2014 оны тавдугаарын сарын 5-ны өдөр Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстонд Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Тэрээр Монгол Улсаас Канад Улсад суугаа дөрөв дэх элчин сайд.  

Р.Алтангэрэл нь 1990-1992 онд Гадаад явдлын яамны Ёслолын хэлтэст атташе, 1992-1995 онд Гадаад харилцааны яамны Тамгын газарт гуравдугаар нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайдын туслах, 1995-1996 онд ЮНЕСКО-гийн Монголын vндэсний комисст гуравдугаар нарийн бичгийн дарга, 1996-2000 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам болон ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөлөгчийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2000-2002 онд Гадаад хэргийн яамны Ёслолын хэлтсийн дарга, 2002-2003 онд Төрийн ёслолын албаны дарга, 2003-2005 онд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2006-2010 онд Монгол Улсаас Франц, Испани, Португал, Монако зэрэг улсад суугаа элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа байнгын төлөөлөгчөөр томилогдон ажилласан. 2010-2014 онд Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын албаны даргаар ажиллаж байсан.

Тэрээр 1985-1990 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж, олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Франц хэл, соёл, франц судлалаар мэргэшсэн. 1993-1994 онд Женевийн олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын харилцааны чиглэлээр, 2000-2001 онд Парисийн засаг захиргааны дээд сургуульд төрийн захиргааны удирдлагын чиглэлээр, 2009 онд Парисийн Дипломат академид Дипломат ёслолын чиглэлээр тус тус мэргэжил дээшлvvлсэн.

Р.Алтангэрэл нь 1966 онд Архангай аймгийн  Цэцэрлэг хотод төрсөн. Гэргий нь Цэвээндоржийн Цэцэглэн. Нэг охин, нэг хүү, нэг зээ хүүтэй.

Р.Алтангэрэл нь “Онц бөгөөд Бүрэн эрхт элчин” дипломат дээд цолтой. 2005 онд “Алтан гадас” одон, 2009 онд Францын Үндэсний гавъяаны одонгоор тус тус шагнагдсан. Франц, англи, орос хэлээр ярьдаг.