Канад Улсын тухай товчхон

Одоогоос гучин мянган жилийн тэртээ Канадын нутагт хүн анх суурьшиж эхэлсэн гэж үздэг. Канадын уугуул иргэд Ази тивийн нүүдэлчдээс гаралтай бөгөөд Сибирь, Аляскийн хойгоор дамжин Хойд Канадад ирж суурьшсан түүхтэй. Францчууд XVI зууны эхээр Канадын зүүн хэсгээр суурьшиж эхэлсэн бол XVII зууны эхээр англичууд Хадсоны буланд суурьшиж, англи, францчууд газар нутгийн эзэмшлийн төлөө өрсөлдөж эхэлсэн байдаг. Энэ өрсөлдөөн XVIII зуунд тэд дайтаж, улмаар  англичууд  ялж 1763 онд Канадыг эзэлжээ. 1867 онд Канадын дөрвөн муж улс нэгдэн тусгаар тогтнолоо зарласнаар Канад өөрийн Засгийн газраа сонгох эрхтэй болсон байна. Ийнхүү шинэ муж улсууд байгуулагдахын зэрэгцээ гадаадаас цагаачид олноор нүүдэллэн ирж  өнөөгийн Канад Улсын өнөөгийн төрх бүрэлдэн тогтож эхэлжээ.

Парламентын ардчилал бүхий Хаант  засагтай Канад  Улс 10 муж  улс (Бритиш Колумби, Алберта, Принс Эдвард Айлэнд, Манитоба, Онтарио, Нова Скочиа, Нью Брансвик,  Квэбек, Саскачеван, Ньюфаундланд ба Лабрадор)  болон бие даасан Нунавит, Юкон, Баруун хойд хязгаар нутгаас  бүрдсэн Холбооны улс юм. Канад нь Амбан захирагч (Governor General), Парламент, Засгийн газартай бөгөөд олон намын тогтолцоотой. Канадын Парламент нь дээд, доод хоёр танхимтай.
Канад Улс 9.944.689 сая орчим хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт ордог бөгөөд баруун, хойд болон зүүн талаараа Атлантын далай, Номхон далай, Хойд мөсөн далайгаар хүрээлэгддэг.  

2014 оны байдлаар канадын хүн ам 35,6 сая хүрч, хүн амын дундаж өсөлт 1,3% хувь болсон байна. Хүн амын 45,7% католик, 36,2% протестант, 1,4% үнэн алдартан, 1,2% жүүд, 0,9% лал, 0,6% хиндү, 0.6% бурханы шашинтан, 0,7% нь бусад шашны жижиг урсгалд хамрагддаг. Канадын уугуул иргэд болох индианчууд, метис, инуитуудын тоо 1 сая гаруй. Тэд гол төлөв Нунавут, Юкон, Хойд хязгаар нутгуудаар аж төрдөг. 

Канад Улс аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар өндөр хөгжсөн, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч долоон орны нэг. Улсын эдийн засагт нь аж үйлдвэр, эрдэс, түүхий эд, нефть, байгалийн хий, ойн аж ахуй, загас агнуур, хөдөө аж ахуй зонхилдог.

Канадын аж үйлдвэрийн салбар нь Онтарио болон Кебек мужуудад төвлөрсөн бөгөөд хүнс, цаас, нефть болон химийн үйлдвэрүүд голлон хөгжсөн. Канад Улс хотын тээвэр, машин, харилцаа холбоо, эм, эмнэлгийн багаж төхөөрөмж, нийлэг эдлэл, хүдэр олборлолт, боловсруулалт, усан цахилгаан станц, цөмийн эрчим хүч, микроэлектроник, электроникийн эд ангиуд, лазерийн болон оптикийн технологи, биотехнологи, далай болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт дэлхийд тэргүүлэх байр суурьтай байна.

Канад Улс дэлхийн бодлогод нөлөөтэй тэргүүлэгч орнуудын нэг. Гадаад бодлогынхоо болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлыг олон талт хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх зарчмыг голчлон баримталдаг. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёс, сайн засаглал зэрэг үнэт зүйлсийг ихэд эрхэмлэдэг орон.  Канад нь "Их долоо", "Их хорь", НҮБ, Британийн хамтын нөхөрлөл, Франкофон, ПЕКК, Хойд туйлын зөвлөл, НАТО болон АПЕК-ийн идэвхтэй гишүүн юм.