Канад Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар

Канад Улсын Гадаад хэргийн яам /Global Affairs Canada/ сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа нэрээ сольж, бүтцийн өөрчлөлт хийж ирсэн. 2018 оны 7-р сар хүртэл Канад Улсын Гадаад хэргийн яам үндсэн гурван чиглэл хариуцсан сайдууд ажиллаж байв. Тухайлбал Гадаад хэргийн сайд нь улсын гадаад бодлого, яамны үйл ажиллагааг үндсэнд нь хариуцаж явуулдаг бол Олон улсын худалдааны сайд нь бусад улстай хийх худалдааны бодлогыг хариуцаж, харин олон улсын хөгжил, ядуурлыг бууруулах болон хүмүүнлэгийн тусалцааны асуудлыг Олон улсын хөгжлийн сайд хариуцан хэрэгжүүлдэг байсан.     
2018 оны долдугаар сард Ерөнхий сайд Жастин Трудо өөрийн Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр таван сайд томилж, мөн зарим сайд нарын эрхлэх асуудлыг өөрчлөн шинэчилсэн. Уг шинэчлэлийн дагуу Байгалын нөөцийн асуудал эрхэлж байсан сайд Jim Carr-ыг Олон улсын худалдааг төрөлжүүлэх үүрэгтэй сайдаар томилсон. Түүнчлэн өв уламжлалын асуудал эрхэлж байсан сайд Mélanie Joly-ийг Аялал жуулчлал, албан ёсны хэл болон франкафоны асуудал эрхэлсэн сайдаар томилж Гадаад хэргийн яам /Global Affairs Canada/-ыг дөрвөн сайдтай болгож байв.

Харин 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болсон Канад Улсын бүх нийтийн сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Холбооны Засгийн газрын Гадаад хэргийн яам доорх гурван сайдтай болсон. Үүнд:

1. Франсуа-Филипп Шампэйн – Гадаад хэргийн сайд /Francois-Philippe Champagne - Minister of Foreign Affairs/;

2. Карина Гулд – Олон улсын хөгжлийн сайд /Karina Gould - Minister of International Development/;

3. Мэри Нг – Жижиг бизнес, экспортыг хөгжүүлэх, олон улсын худалдааны сайд /Mary Ng - Minister of Small Business, Export Promotion and International Trade/;

2019 оны 10 дугаар сарын 21-нд болсон бүх нийтийн сонгуульд Ерөнхий сайд Жастин Трудогийн тэргүүлсэн Либерал нам ялалт байгуулсан хэдий ч 2015 оны сонгуулийн адил Парламентад олонх болж чадаагүй. Улиран сонгогдсон Ерөнхий сайд Жастин Трудо 36 сайдтай цөөнхийн Засгийн газрыг байгуулж, кабинетэд хүйсийн тэнцвэртэй харьцааг хадгалсан /Хавсралт 1/. Түүний өмнөх Засгийн газрын бүтцэд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Кристиа Фрийланд Шадар сайдаар томилогдсон.
2017-2018 онд Канадын Засгийн газраас баримтлан ажилласан гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хоёр дугаарт АНУ болон бусад гол түнш оронтой хамтын ажиллагаа бэхжүүлнэ, БНХАУ-тай бүх талын харилцааг /whole-of-government engagement strategy/ хөгжүүлнэ гэж заасан байсан бол энэ нь 2018-2019 онд өөрчлөгдсөн. АНУ Канадад үйлдвэрлэсэн хөнгөн цагаан болон ган төмөрт татвар ногдуулж, мөн Хойд Америкийн чөлөөт худалдааны шинэчилсэн хэлэлцээр маш хүнд явагдсан нь Канадын Засгийн газрыг зах зээлээ төрөлжүүлэх бодлого баримтлахыг шаардсан.

2018-2019 онд хэрэгжүүлэх Канадын Засгийн газрын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн дөрөвдүгээрт АНУ-тай үр бүтээлтэй харилцаа, хамтын ажиллагаа тогтооно гэж заасан.  Хууль эрх зүйг дээдэлсэн олон улсын харилцааг дэмжих, Феминист гадаад бодлого явуулах болон Канадын гадаад худалдааг төрөлжүүлэх зорилтууд АНУ-тай хөгжүүлэх харилцаанаас өмнө тавигдах болсон.

2019-2020 оны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ 1-Дүрэмд суурилсан олон улсын харилцааг бэхжүүлэх, 2-Ядуурлыг арилгах, 3-Төрөлжсөн, орчин үеийн хүртээмжтэй худалдааг хөгжүүлэх, 4-Хойд Америкт Канадын байр суурийг бэхжүүлэх гэж тод тодорхойлсон байна. Эдгээр зорилтын хүрээнд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2021-2022 оны сонгуульд сонгогдох, Феминист олон улсын тусламжийн бодлого баримтлах, АНУ, Мексиктэй харилгаагаа өргөжүүлэх зорилтуудыг заажээ.

Канад нь G7, G20, NATO, OECD, Commonwealth, Francophonie, OAS зэрэг олон талт байгууллагуудын хандивлагч орон. Онцлог нь G7 болон NATO орнуудтай харьцуулахад батлан хамгаалахын төсөв зардал нь хамгийн бага бөгөөд 2016 оноос хойш Ерөнхий сайд Трудо Гадаад хэргийн яамныхаа зардлыг 50%-125% өсгөж, гадаад бодлогоо хэрэгжүүлэх, НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох, дэмжиж, олон улсын тавцанд идэвхитэй байр суурь баримталахыг зорьдог.

Өнгөрсөн 30 жилд Канад, Хядатын худалдаа 600 орчим тэрбум долларын алдагдалтай дүйсэн гэж үздэг бөгөөд 2018 оны 10-р сард Канад, АНУ, Мексикийн 3 талын чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулж, 12-р сард нь Хуавей компанийн дэд ерөнхийлөгч Мэн Ванжүг баривчилснаар Канад, БНХАУ-ын эдийн засгийн харилцаа зогсонги байдалд ороод байна, энэ байдал ойрын үед ч сайжрахааргүй байгаа бөгөөд хоёр талын яриа хэлэлцээ явуулж байна.

ОХУ Крымыг нэгтгэсэн, Украйны зүүн өмнөд хэсэгт цэргийн нислэгээ нэмэгдүүлж НАТО-д аюул учруулсан хэмээн харилцаа хүйтрээд байгаа ч нөгөө үндэслэл нь ОХУ Хойд мөсөн далайд хөлөг онгоц, шумбагч онгоцоо нэмэгдүүлж, Хойд туйлын далайн замыг хянах зорилго агуулж байгаа нь хамгийн том асуудал гэж үздэг. Хятадын удирдлагууд ч Хойд туйлын далайн замыг Европод гарах хамгийн дөт зам гэж үздэг талаар судлаачид нь бичдэг. Канадын хувьд хойд хэсгийн цэргийн хамгаалалтаа бэхжүүлэх боломжоо алдсан гэж дотооддоо шүүмжлэл өрнүүлдэг. Канад, ОХУ хоёр талын уулзалт хийдэг болон олон талт харилцаанд НАТО-гоор харилцахад хүрдэг.

Канадын гадаад бодлого холбооны болон мужийн төрийн байгууллагуудыг a whole-of-Canada бодлогоор зангидан, худалдаа, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрчим хүчний дэд бүтэц, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, дэлхийн болон бүс нутгийн аюулыг арилгахад чиглүүлж ажиллана гэж тодорхойлсон байдаг.

2017-2018 онд баримтлан ажилласан гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд:

1. Олон улсын харилцаанд идэвхтэй, үр бүтээлчээр оролцож дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүмүүнлэгийн тусламжид хувь нэмэрээ оруулна;

- Умард Америкийг Агаарын довтолгооноос хамгаалах удирдлага /NORAD/, Умард Анлантын Гэрээний байгууллага /NATO/, Терроризмтэй тэмцэх Олон үндэстний эвсэл зэрэг аюулгүй байдлыг хангах зорилготой хоёр талт болоод олон талт тогтолцоонд илүү идэвхтэй оролцоно.

- НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн болох зорилттой уялдуулан НҮБ болон бусад олон улсын байгуулагуудын хүрээнд Канадын ашиг сонирхолыг хамгаална гэх мэт.

2. АНУ болон бусад гол түнш оронтой хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ:

- АНУ-тай эдийн засаг, худалдаа, аюулгүй байдал, батлан хамгаалах, эрчим хүч, хүрээлэн буй орчныг хамгаалах болон олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллана;

- БНХАУ-тай бүх талын харилцааг хөгжүүлэх стратеги /whole-of-government engagement strategy/ баримтална. Ази, Номхон далайн бүс нутагт идэвхтэй ажиллана гэх мэт;

3. Нийтээрээ шударга, тогтвортой дэлхий ертөнцийг цогцлоох үйл хэрэгт Канадын оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлнэ:

- Ядуурлыг бууруулах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тогтвортой Хөгжлийн зорилтуудад хүрэхэд Канадаас үзүүлдэг албан ёсны туслалцааг илүү оновчтой болгоно. Өргөн хүрээний, тогтвортой, хүрээлэн буй орчинд ээлтэй хөгжил дэвшилд хүрэхэд нь хөгжиж буй орнуудад тусална.

4. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Канадын болоод дэлхийн бусад орнуудын хөгжилд хувь нэмэрээ оруулна:

- Олон улсын худалдааг тодорхой хууль дүрмийн дагуу явуулах, худалдааны саад тотгорыг арилгах, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар Канадын экспортын зах зээлийг нэмэгдүүлнэ. Мөн худалдааны уламжлалт түншүүд болох АНУ, Европ, Японтой харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн сацуу Хятад, Энэтхэг зэрэг Азийн хөгжиж буй зах зээлтэй улам өргөн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа хөгжүүлнэ гэх мэт.


2018-2019 онд баримтлан ажилласан гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд:

1. Хууль эрх зүйг дээдэлсэн олон улсын харилцааны дэг журмыг хэвшүүлэхийн төлөө ажиллах:

- Энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх, өргөн хүрээний олон улсын худалдааг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, кибер халдлагаас хамгаалах зэрэг дэлхийг хамарсан зорилтуудыг биелүүлэхэд олон талт болон хоёр талт түншүүдтэйгээ идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж, манлайлах болно.

2. Феминист гадаад бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэх:

- Жендерийн тэгш эрхийг хангах, охид, эмэгтэйчүүдийг ядуурлаас гаргах, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх зорилгоор Канад Засгийн газраас боловсруулсан Феминист олон улсын туслалцааны бодлогыг хэрэгжүүлнэ.

3. Канадын гадаад худалдааг өргөжүүлэн төрөлжүүлэх:

- Хөрөнгө оруулалт, олон улсын худалдааны үр ашгийг өргөнөөр хүртээхэд хувь нэмэрээ оруулж, ил тод байдал, хөдөлмөрийн эрх, хүрээлэн буй орчныг хамгаалах, жижиг дунд бизнесийн дэмжихэд худалдааны түншүүдтэйгээ хамтран ажиллана.

4. АНУ-тай үр бүтээлтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх:

- Канадын холбоотон, түнш болон хөрш АНУ-ын Холбооны Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, хувийн сектор болон иргэний нийгмийн байгууллагуудтай худалдаа болон худалдааны маргаан, улсын хил, аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтэц болон хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг бүх талын асуудлаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.