Канадын улс төрийн талаар

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болсон Канадын Парламентын Нийтийн танхимын сонгуульд Ерөнхий сайд Жастин Трудогийн тэргүүлсэн Либерал нам 338 суудлаас 157 суудал авч ялалт байгуулсан. Либерал нам Парламентад суудалтай бусад намтай хамтралгүй цөөнхийн Засгийн газар байгуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр Парламентаар хэлэлцэх асуудал бүрээр бусад намуудтай зөвшилцөж олонхийн санал авах ёстой болж буй.

Нийтийн танхимын 2019 оны сонгуульд Либерал нам канадын баруун бүс нутагт тун амжилтгүй оролцсон. Тухайлбал Алберта муж болон Саскатчеван мужид суудал аваагүй, Бритиш Колумби мужид нэг суудал авсан. Либерал нам баруун хэсгийн мужуудтай хүлэмжийн хийн татвар, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар санал зөрөлдсөн нь ийнхүү ялагдалд хүргэсэн. Иймд дотоодын зөвшилцөл, ойлголцолыг бий болгох зорилгоор Шадар сайд ба Засгийн газар хоорондын харилцааны сайдын албан тушаалыг Ерөнхий сайд Трудо бий болгож, өмнөх танхимд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай зөвшилцөгч Кристиа Фрийландыг томилсон.

Канад Улсын гадаад бодлого уламжлал ёсоор хүний эрхийг хамгаалах, олон улсын аюулгүй байдлыг хангах, гадаад худалдаагаа нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөө хангах, тогтворжуулах, буурай орнуудад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжаар дамжуулан гадаад бодлогын зорилтоо хангах, шашны эрх чөлөөг хамгаалах, олон талт дипломатын хүрээнд идэвхитэй ажиллаж канадын эрх ашиг, үнэт зүйлийг олон улсын хэмжээнд хамгаалах, НҮБ-ын АЗ-д сонгогдон дэлхий нийтэд канадын байрь суурь, дуу хоолойг хүргэхэд  чиглэнэ. 

2020 оны хувьд БНХАУ-тай харилцах харилцааны уур амьсгалыг зөөлрүүлэх, улс төрийн гадаад харилцаа, нөхцөл байдал хоёр орны гадаад худалдааны харилцаанд нөлөөлөхгүй байх нь чухал асуудал болно. Иймд БНХАУ-тай харилцах бодлого, шийдвэрийг хянах тусгай хороог Консерватив намын санаачлагаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийтийн танхимд байгуулсан. Эрх баригч намын зүгээс энэ санаачлагыг эсэргүүцсэн боловч  парламентын олонхийн дэмжлэг авалгүй, ялагдсан.

Батлан хамгаалах салбарыг 2030 он хүртэл бэхжүүлэх, чадваржуулах хөтөлбөр Трудогийн засгийн газраас хэрэгжүүлж эхлээд явж байна. 2027 он гэхэд тус салбарт зарцуулах хөрөнгийг 2017 оны 18.9 тэрбум канад доллараас 32.7 тэрбум канад доллар болгож нэмэгдүүлнэ. 2026 он гэхэд Канадын зэвсэгт хүчний бие бүрэлдхүүний 25 хувь нь эмэгтэй цэргийн албан хаагчид байхаар жил бүр квотыг нэмэгдүүлнэ.

Канад Улсын Засгийн газар цагаачлалын бодлогоо улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлнө хэмээн үзэж 1990 оноос эхлэн жилд дунджаар 250,000 цагаачдыг хүлээн авах болсон. 2030-аад оны эхээр жилдээ Канад Улсын хүн амын нэг хувьтай тэнцэх хэмжээний хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр хүн амын өсөлтийн 100 хувь нь цагаачдаас бүрдүүлнээр хөдөлмөрлөх хүч, эдийн засгийн өсөлтийг дэмжих болно хэмээн үзэж байгаа болно.

2020 оны төлөв байдал

Парламентын Нийтийн танхимын 338 суудлаас 157 суудал авч, цөөнхийн Засгийн газар байгуулсан Жастин Трудо 2020-2021 онд тогтвортой ажиллах, улмаар парламентын зөвшилцөлөө сайн хангаж чадвал сонгуулийн хугацааг дуустал, 2023 он хүртэл засаглах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Парламентын гол сөрөг хүчин Консерватив нам дотооддоо намын даргын сунгаа зэрэг шийдэх асуудал ихтэй байгаа.

Гадаад харилцааны хувьд 2020 онд БНХАУ-тай харилцах харилцаагаа сайжруулах, НҮБ-ын АЗ-д сонгогдохыг зорьж ажиллана.