Канадын эдийн засгийн талаар

Канад нь номинал ДНБ /1.820 их наяд ам.доллар/-ний үзүүлэлтээр дэлхийд 10 дугаар байрт, ДНБ-ний худалдан авах чадварын паритетаар /1.931 их наяд ам.доллар/ дэлхийд 16 дугаар байрт орсон бөгөөд 2018 онд Канадын ДНБ 1.8 хувиар өссөн. Канад Улсын эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрлэл, уул уурхай, нефть, байгалийн хий, ойн аж ахуй, загас агнуур, хөдөө аж ахуй зонхилдог хэдий ч харилцаа холбоо, эм, эмнэлгийн багаж төхөөрөмж, хүдэр олборлолт, боловсруулалт, усан цахилгаан станц, цөмийн эрчим хүч, програм хангамж, электроникийн эд анги, биотехнологи зэрэг салбарууд өндөр хөгжсөн.

Канадын үйлчилгээний салбар ДНБ-ний 70 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний гуравны дөрөвийг ажлаар хангадаг. Жижиглэн худалдаа буюу Wal-Mart, Real Canadian Superstore, Best Buy зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд канадчуудын 12 хувь ажиллаж байна. Санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө болон харилцаа холбооны салбар өргөжин хөгжиж, ажлын байрыг олноор бий болгож байна. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний салбар, өндөр технологи, аялал жуулчлалын салбарууд мөн эрчимтэй хөгжиж, ажлын байр нэмэгдүүлж буй.

Канадын аж үйлдвэрлэлийн салбар 1960-аад онд ДНБ-ний 24.3 хувийг бүрдүүлж байсан бол 2017 онд дөнгөж 10 хувьд хүрч буурав.  Канадын эдийн засагт автомашин, нисэх онгоцны үйлдвэрлэл чухал байр суурь эзэлдэг. Канадын төв хэсэгт Америк болон Японы автомашин үйлдвэрлэгч /Fiat-Chrysler, Ford, General Motors, Honda, Toyota/-ийн угсралтын болоод сэлбэгийн олон үйлдвэрүүд байрладаг. Харин Кебек мужид Канадын онгоц үйлдвэрлэгч Бомбардиер компани байрлах бөгөөд Их Британид мөн эд ангийн үйлдвэрүүд нь ажилладаг. Уг компанийн үйлдвэрлэдэг С серийн иргэний тээврийн онгоцыг дэлхийд өргөнөөр ашиглаж байна.

Эрчим хүчний бүтээгдэхүүний экспорт Канадын ДНБ-ний 2.9 хувийг бүрдүүлдэг. 2016 оны байдлаар Канадын эрдэс баялгийн нөөц нийт 33.2 их наяд ам.доллараар үнэлэгдэж, дэлхийд дөрөвдүгээр байрт орсон. Газрын тосны нөөцөөрөө Канад дэлхийд гуравдугаарт, газрын тос болон байгалийн хийн экспортын хэмжээгээрээ дөрөвдүгээрт ордог. Альберта муж болон Хойд хязгаар нутгууд нь Канадын газрын тос, байгалийн хийн гол экспортыг хийдэг. Атабаскагийн битүмжсэн газрын тосны нөөц Саудын Араб, Венесуэлийн дараа ордог.

2018 онд Канад Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлсэн эдийн засгийн салбаруудыг хүснэгтээр харуулав:

Канад Улсын Холбооны Засгийн газрын 2019 оны төсөв

Канадын санхүүгийн жил 4 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа жилийн 3 дугаар сарын 31-ний хооронд үргэлжилдэг бөгөөд Парламент төсвийг 6 дугаар сард багтаан баталдаг.
Оюутны сургалтын зээлийг хүүг зургаан сарын хугацаанд тэглэх, орон сууц анх удаа худалдан авч буй залуу канадчуудад тодорхой хэмжээний хүүгүй зээл олгох, ажил эрхлэлтийн даатгалын тогтолцооны хүрээнд ажилтны мэргэжилээ дээшлүүлэх сургалтанд хамрагдахыг дэмжих, уугуул иргэдийн нийгмийн халамжийг нэмэгдүүлэх зэрэг олон тооны шинэ зардалд нийт 22.8 тэрбум канад долларыг ирэх зургаан жилийн хугацаанд зарцуулахаар Холбооны Засгийн газар 2019 оны төсөвт тусгасан.

Төсөв нь эрх барьж буй Либерал намын Засгийн газрын дэвшүүлсэн Канадын дундаж давхарагт чиглэсэн бодлогыг дэмжих зорилготой бөгөөд үндсэн дөрвөн бүлэгтэй. Үүнд:

- Дундаж давхрагад хөрөнгө оруулах нь: Орон сууц анх удаа худалдан авч буй канадчуудад тодорхой хэмжээний хүүгүй зээл олгох, сургалтад хамрагдах замаар ажилтны мэргэжилээ дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжих зэрэг шинэ арга хэмжээг энэ бүлэгт төсөвлөсөн.

Орон сууц анх удаа худалдан авч буй канадчуудыг урьдчилгаа төлбөр дээр нь Канадын Мортгэйж, орон сууцны корпорациас хүүгүй зээл олгох хэлбэрээр дэмжих юм байна. Жишээ нь 400 мянган канад долларын үнэтэй орон сууцыг худалдаж авахын тулд канад иргэн 5 хувийн буюу 20 мянган канад долларын урьдчилгаа төлөх ёстой. Харин Канадын Мортгэйж, орон сууцны корпораци нэмж 40 мянган канад долларын хүүгүй зээл олгосноор иргэний төлөх мортгэйж 340 мянга болж буурна.

- Илүү сайхан Канад Улсыг цогцлоох: Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, муж, хотын иргэдэд үзүүлэх нийтийн үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгож, хот, суурин газарт амьдрах орчныг сайжруулах арга хэмжээг энэ бүлэгт төсөвлөсөн. Мөн иргэдийн төлж буй эрчим хүчний үнийг хөнгөвчлөх, цахилгаан үүсвэртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, өндөр хурдны интернэт хөгжүүлэх зэрэг шинэ арга хэмжээг төсөвлөсөн.

Иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан автомашины худалдан авалтыг татварын болон урамшууллын аргаар дэмжих зорилгоор цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авсан аж ахуйн нэгжийн татварыг тэгэлж, харин иргэнд 5,000 канад доллар хүртэлх хөнгөлөлт олгохоор төсөвлөсөн.

Холбооны Засгийн газар 2026 он гэхэд канад айл өрх, аж ахуйн нэгжийн 95 хувийг, 2030 он гэхэд 100 хувь интернэтэд холбох зорилт тавьсан. Уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Universal Broadband Fund гэх санг байгуулсан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд 717 сая канад доллларыг энэ сангаар дамжуулан олгоно.

- Үндэсний эвлэрлийг гүнзгийрүүлэх: Уугуул иргэдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зардлыг нэмэгдүүлэх, мөн маргаантай газар нутгийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг энэ бүлэгт төсөвлөсөн. Дээр дурьдсан шинээр төсөвлөсөн зардлуудын 21 хувь нь энэ бүлгийн ажлуудад зарцуулагдана. Тухайлбал ирэх гурван жилд 1.2 тэрбум канад долларыг уугуул иргэдийн хүүхдийн нийгэм, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулна. “Уугуул иргэдийн хэл, бичиг”-ийн тухай хуулийн төслийг баталж, хэрэгжүүлэх зорилгоор  333 сая канад долларыг таван жилийн хугацаанд зарцуулна.

- Бодит өөрчлөлтийг авчирна: Канадчуудын хүртэх эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг нь хангах, татварын шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг энэ бүлэгт төсөвлөсөн. Түүнчлэн олон улсын харилцаанд Канадын гүйцэтгэх үүргийг бэхжүүлсэн арга хэмжээг санхүүжүүлэх төсвийг энэ бүлэгт орсон.

Олон улсын харилцаанд Канадын гүйцэтгэх үүргийг санхүүжүүлэх төсвийг төслийн дөрөвдүгээр бүлгийн 5 дугаар хэсэгт оруулсан. Хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, чөлөөт худалдааг дэмжих, улс орнуудын эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар Канад Улс тэргүүлж байгаа.

Канадын Холбооны Засгийн газар Феминист олон улсын туслалцааны бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор хоёр тэрбум канад долларыг 2018-19 оны санхүүгийн жилээс эхлэн таван жилийн хугацаанд зарцуулахаар төсөвлөсөн. Харин 2019 оны төсөвт Холбооны Засгийн газар нэмж 700 сая канад доллар оруулсан. Энэ хөрөнгийг жендерийн тэгш эрхийг хангах, охид бүсгүйчүүдийг чадавхжуулах болон дэлхийн ядуурлыг бууруулах үйл хэрэгт зарцуулах юм.

Канад Улс 2019-20 оны санхүүгийн жилд үндсэн чиглэлийн үйл ажиллагаанд 3,439 сая канад доллар; тэргүүлэх чиглэлийн санд 132 сая канад доллар; хямралын санд 200 сая канад доллар; олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтэд 777 сая канад доллар; энх тайван, аюулгүй байдал, сайн засаглалыг дэмжихэд 407 сая канад доллар; олон улсын хүмүүнлэгийн туслалцаанд 788 сая канад долларыг тус тус төсөвлөжээ. 

Олон улсын туслалцааны багц



Канадын Засгийн газар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн зарим чөлөөт худалдааны хэлэлцээртэй холбоотой хийгдэх ажлуудыг мөн төсөвт суулгасан.

Канад Улс нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны хоёрыг үйлдвэрлэж буй орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан бөгөөд “Их 7”-ийн бүлгийн бүх гишүүн оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан цорын ганц улс ажээ. Дэлхийн улс орнуудтай, тэр дундаа хөгжиж буй орнуудтай чөлөөт худалдаа хөгжүүлэх замаар Канадын дундаж давхрагыг дэмжиж, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангана гэж Холбооны Засгийн газар үздэг.
Канад Улсын Европын Холбоотой байгуулсан Иж бүрэн худалдаа, эдийн засгийн хэлэлцээр (CETA), мөн Номхон далайн түншлэлийн шинэчилсэн хэлэлцээр (CPTPP) үйлчилж эхэлсэн тул фермерүүдийг дэмжих зорилгоор 3.9 тэрбум долларыг төсөвлөжээ.

Үүнд:

- чөлөөт худалдааны хэлэлцээрийн дүнд алдагдал хүлээх сүү, шувуу, өндөгний аж ахуй эрхлэгч фермерүүдийн үйл ажиллагааг дэмжихэд 2.4 тэрбум канад долларыг зарцуулна;

- 1.5 тэрбум канад долларыг квотын үнэлгээг баталгаажуулах хөтөлбөрийн (Quota Value Guarantee Program) хүрээнд зарцуулах замаар ханган нийлүүлэлтийн тогтолцоонд ажиллаж буй фермерүүдийн хөрөнгө оруулалтыг хамгаална.   

Канад Улс Ойрх Дорнодод хэрэгжүүлж буй бодлогоо шинэчлэн тодорхойлно:
Канад Улс Ойрх Дорнодод хэрэгжүүлэх бүгдийг хамарсан засаглалын стратегиа (whole-of-government) 2016 оны хоёрдугаар сард зарлаж байсан. Энэ бодлого нь тухайн үед Ирак, Сирийн хямрал бүс нутгийн орнууд, тэр дундаа Йордан, Ливанд нөлөөлөхөөс сэргийлэх зорилготой байв.

Харин өнгөрсөн хугацаанд олон улсын эвсэл “Даеш” террорист бүлэглэлийг ялсан тул Ирак, Сирид урт хугацааны тогтвортой, аюулгүй байдлыг тогтоох, энгийн засгийн газрын үйл ажиллагааг дэмжих, засаглалыг сайжруулах төсөл хөтөлбөрт Канад Улс төвлөрч ажиллана.

Дээрхи зорилтуудад хүрэхийн тулд 2019-20 оны санхүүгийн жилээс эхлэн 1.39 тэрбум канад долларыг хоёр жилийн хугацаанд зарцуулахаар төсвийн төсөлд суулгасан. Үүнд:

- 926 сая канад долларыг тогвортой байдлыг тогтоохыг эрмэлзсэн хүмүүнлэгийн, хөгжлийн болон дипломат үйл ажиллагаанд зарцуулна;

- 442 сая канад долларыг “Даеш” террорист бүлэглэлийн эсрэг хэрэгжүүлж буй олон улсын цэргийн үйл ажиллагаа (Operation IMPACT)-нд зарцуулна;

- 25.9 сая канад долларыг тагнан судлах үйл ажиллагаанд зарцуулна.

Канад Улс Украйнд үзүүлж буй туслалцаагаа нэмэгдүүлнэ:
Украйны батлан хамгаалах, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг Канад Улс тууштай дэмжиж ирсэн. Канадын зэвсэгт хүчин 2015 оноос эхлэн Украйны зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд мэргэжлийн сургалт зохион байгуулсан.

Канадын Засгийн газар Украйны зэвсэгт хүчинд үзүүлж буй дэмжлэгээ үрглэжлүүлэхээр төсөвлөсөн бөгөөд 2019-20 оны санхүүгийн жилээс эхлэн нийт 105.6 сая канад долларыг гурван жилийн хугацаанд зарцуулахаар тусгасан.

Олон улсын мөнгөн гуйвуулга хийх зардлыг бууруулна:
Канадын иргэд гадаад улсад аж төрж буй хамаатан садан, гэр бүлийн гишүүддээ мөнгөн гуйвуулга их хэмжээгээр хийж байна. Канад Улс G20-ийн гишүүн орнуудын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу олон улсын мөнгөн гуйвуулгын зардлыг 2022 он гэхэд 5 хувьд, 2030 он гэхэд 3 хувьд хүргэхийг эрмэлзэн ажиллана.

2020 оны төлөв байдал

Дэлхийн ихэнх улс орнуудын эдийн засаг 2019 онд өмнөх оны үзүүлэлтээсээ буурсан. Канадын эдийн засаг ч мөн адил 2018 онд 1.9 хувиар өсч байсан бол 2019 онд 1.5 хувь болж буурсан. 2020 онд Канад Улсын эдийн засаг 1.7 хувийн өсөлттэй байх тамааглалыг шинжээчид дэвшүүлэв. Газрын тосны үнэ бага хэвээр, АНУ болон Хятадын аж үйлдвэрлэлийн эрч саарсан зэрэг таагүй гадаад хүчин зүйлс байгаа хэдий ч канадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл тэлж, орон сууцны барилгад хөрөнгө оруулалт нэмэгдэж, өрхийн хэрэглээ өсч байгаа зэрэг дотоод хүчин зүйлс нь канадын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй.

2019 оны эхний арван сарын байдлаар Канадад 360 мянган ажлын байр шинээр бий болсон. Канадын Төв банк 2020 онд бодлогын хүүгээ 1.75 хувьд хадгалах төлөвтэй байгаа нь мортгэйжийн хүүг бууруулах нөхцлийг бүрдүүлнэ.

Дэлхийн газрын тосны эрэлт буурч, зах зээлийн үнэ бага хэвээр байгаа нь Канадын газрын тос олборлогч Алберта болон Саскатчеван мужийн эдийн засагт таагүй мэдээ юм. Газрын тосны эрэлт нэмэгдэхгүй байгаа тул Алберта мужийн засаг захиргаанаас олборлолтод тогтоосон хязгаарлалт 2020 онд мөн үйлчлэхээр байна. Харин Бритиш Колумб болон Кебек мужууд эдийн засгийн өсөлтөөрөө канадын мужуудыг тэргүүлнэ. Түүнчлэн хүн ам нь өсч буй Нова Скочиа болон Принс Эдвардын арал мужуудын эдийн засаг өсөлттэй байх төлөвтэй.

- 2018-19 санхүүгийн жилийн төсвийн алдагдал 14.9 тэрбум канад доллар;

- 2019-20 санхүүгийн жилийн төсвийн алдагдал 19.8 тэрбум канад доллар;

- Холбооны Засгийн газрын өр 2023-24 онд 761.7 тэрбум канад доллар болж өсөх хэдий ч ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ 28.6 хувь болж буурна.