Канад Улсын байгуулсан худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Мексикийн Ерөнхийлөгч Энрик Пена Ниэто, Канадын Ерөнхий сайд Жастин Трудо нар Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг орлох АНУ-Мексик-Канадын чөлөөт худалдааны хэлэлцээр (USMCA)-т Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо хуралдсан Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурав.

Талууд шинэ хэлэлцээрээр доорх үндсэн өөрчлөлтүүдийг тохиролцов. Үүнд:

- Барааны гарал үүслийн дүрэм: Автомашины бүтцийн 75-аас доошгүй хувь нь АНУ, Мексик эсвэл Канадад үйлдвэрлэсэн эд ангиас бүрдсэн нөхцөлд тухайн автомашинд 0 татвар ногдуулна (хуучин хэлэлцээрээр 62.5 хувь байсан).

- Хөдөлмөр хамгааллын заалт: 2023 он гэхэд автомашины эд ангийн 40-45 хувийг хамгийн багадаа цагт 16 ам.доллартай тэнцэх хөдөлмөрийн хөлстэй ажилчид үйлдвэрлэдэг болно. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны тухай, гадаадын ажилчдын эрхийг хамгаалах тухай болон эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалах тухай хуулиудыг батлах үүргийг Мексик Улс хүлээв. Хэлэлцээрт нэгдсэн аль нэг тал хөдөлмөрийн эрхийг зөрчвөл нөгөө талууд хориг тавих эрхтэй.

- АНУ-ын фермерүүд Канадын сүүн бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх эрхтэй болов.

- Оюуны өмч болон цахим худалдаа: Оюуны өмч эзэмшигч нас барсанаас хойш 70 хүртэлх жилийн хугацаанд тухайн өмчийн эрхийг хадгална (хуучин хэлэлцээрээр 50 жил байсан). Дуу хөгжим, цахим номонд татвар ногдуулахгүй байх, интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хэрэглэгчдийнхээ өмнөөс хариуцлага хүлээхгүй байх зэрэг цахим эдийн засгийг зохицуулсан шинэ заалтууд хэлэлцээрт орсон.

- Тарифын хамгаалалт хийдэг 232 дугаар хэсгийг хасав: Хуучин хэлэлцээрийн “цоорхой” болох 232 дугаар хэсгийг ашиглаж АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Канад, Мексик, ЕХ-нд үйлдвэрлэсэн хөнгөн цагаан, ган төмөрт татвар ногдуулсан. Иймд Канад болон Мексикт үйлдвэрлэсэн автомашинд энэ хэсгийн дагуу тарифын хамгаалалт хийхгүй гэсэн нэмэлт гэрээг хоёр улс АНУ-тай байгуулсан.

- Шинэ хэлэлцээрийн зүйл заалтууд 16 жилийн хугацаанд хүчинтэй. Талууд зургаан жил тутамд хэлэлцээрийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгнө.

Канад Улс, Европын Холбоо хооронд байгуулагдсан Иж бүрэн худалдаа, эдийн засгийн хэлэлцээр /Comprehensive Economic and Trade Agreement or CETA/ 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хэлэлцээрийг Европын Холбооны гишүүн орнууд бүгд соёрхон батлахыг хүлээлгүйгээр хэрэгжүүлж эхлэхийг Канадын Засгийн газар Европын Холбоотой тохиролцож чадсан юм.

Канадын хувьд Европын Холбоо нь АНУ-ын дараа орох худалдааны хоёр дахь том түнш бөгөөд Канадад үйлдвэрлэгдсэн барааны 98 хувийг ЕХ-ны зах зээлд татваргүйгээр нийлүүлэх нөхцлийг уг хэлэлцээр бүрдүүлж байна. 2016 онд Канад Улс 42 тэрбум ам.долларын барааг Европын Холбоонд экспортолж, нийт 18 тэрбум ам.долларын үйлчилгээний худалдаа хийсэн байна. Хэлэлцээрийн үр дүнд хоёр талын худалдаа 20 хувиар өсч, Канадын үйлдвэрлэгчдийн орлогыг жил бүр 12 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, шинээр 80,000 ажлын байр бий болно гэсэн тооцооллыг Канад-Европын Холбооны хамтарсан судалгааны баг гаргасан.

Номхон далайн түншлэлийн шинэчилсэн хэлэлцээр (CPTPP)-т Канадын Олон улсын худалдааны сайд Франсуа Филипп Шампэйн Чилийн нийслэл Сантьяго хотноо, 2018 оны гуравдугаар сарын 8-ны өдөр гарын үсэг зурсан. Шинэчилсэн хэлэлцээрийн зүйл заалтыг сайжруулахад Канад Улс үнэтэй хувь нэмэр оруулсан. Тухайлбал оюуны өмчийг хамгаалах, хөрөнгө оруулагч-төрийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх механизм болон хүрээлэн буй орчныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах заалтуудыг Канадын санаачлагаар хэлэлцээрт нэмж оруулсан.

Цаашид Ази, Номхон далайн бүс нутгийн Чөлөөт худалдааны хэлэлцээр /FTAAP/ нь улс орнуудыг үүрэгжүүлсэн, мөн бүс нутгийн гол зах зээлүүд болох БНХАУ, АНУ-ыг оруулсан чухал баримт бичиг болох тул Канад Улс өндөр ач холбогдол өгч, Ази, Номхон далайн бүсэд өрнөж буй үйл явцыг анхааралтай ажигладаг.

Канад Улсын бусад улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай /Давхар татварын хэлэлцээр/ 93 хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.

Канадын Засгийн газар “Татварын суурийг багасгах, татвараас зайлсхийх үйлдэлтэй тэмцэх Татварын хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэх тухай Олон талт конвенц /Multilateral Convention to Implement Tax Treaty Related Measures to Prevent Base Erosion and Profit Shifting/-д Парис хотноо 2017 оны 6 дугаар сарын 7-ний өдөр гарын үсэг зурсан. Үндэстэн дамнасан корпорациуд орлого олсон улсдаа татвар төвлөрүүлдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой энэ конвенцийн шаардлагад Канад Улс давхар татварын 79 хэлэлцээрээ нийцүүлэн шинэчилнэ.

Монгол Улс, Канад Улсын хооронд Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Конвенц /Давхар татварын хэлэлцээр/-рт талууд 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан.

Recipient

Beneficial WHT rates (%)

Dividends

Interest

Royalties

Technical fees

Canada

5/15 (7)

10

5/10 (12)

5

http://taxsummaries.pwc.com/ID/Mongolia-Corporate-Withholding-taxes

Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай ­Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээрт талууд 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр, Улаанбаатар хотод гарын үсэг зурсан. Хэлэлцээр 2017 оны 3 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Энэхүү хэлэлцээр “Тодорхойлолт”, “Үндсэн үүрэг”, “Хөрөнгө оруулагч болон хүлээн авагч тал хоорондын маргаан шийдвэрлэх”, “Улс хоорондын маргаан шийдвэрлэх журам”, “Төгсгөлийн заалт” гэсэн нийт 5 бүлэг бүхий 41 зүйлтэй бөгөөд “Ирээдүйд авах арга хэмжээг хадгалах”, “Нэн тааламжтай үндэстний нөхцөлөөс чөлөөлөх”, “Маргаан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлөх” гэсэн 3 хавсралтаас бүрдэж байна.

Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг Канад Улс 1989 оноос эхлэн бусад улстай байгуулж эхэлсэн бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) боловсруулсан загвар хэлэлцээрийг ашигласан. Хойд Америкийн Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад гарсан туршлагыг тусгах зорилгоор Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийн бичвэртээ Канад Улс 2003 онд зарим өөрчлөлтийг нэмж оруулсан.

Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр нь хоёр орны хөрөнгө оруулагчдад ижил нөхцөл олгосон, талуудын хөрөнгө оруулалтыг албадан хураахаас хамгаалсан, компанид үйл ажиллагааны шалгуур тогтоохыг хориглосон, хөрөнгө оруулагч болон хүлээн авагч тал хоорондын, түүнчлэн улс хоорондын маргаан шийдвэрлэх журам зэргийг хоёр тал баталгаажуулан хэм хэмжээ тогтоож буй хэлэлцээр юм.