МОНГОЛ УЛС, КАНАД УЛСЫН ХАРИЛЦАА

Канад Улс Монгол Улсыг 1964 онд хүлээн зөвшөөрч, улмаар 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс, Канад Улстай дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойш 1990 он хүртэл хоёр орны харилцаа төдийлөн идэвхтэй яваагүй.

1990 онд Монгол Улс ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмд шилжсэнээр Монгол Улс, Канад Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин өргөжин гүнзгийрсэн.

Монгол Улс Канадыг өөрийн “гуравдагч хөрш”-ийн нэг, Хойд Америк дахь стратегийн түнш орон хэмээн үзэж, Канадтай хөгжүүлж буй харилцаа хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдөг. Канад Улс Монгол Улсыг ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуульт ёсыг дээдлэх нийтлэг үнэт зүйлсийг хуваалцдаг түүний Ази дахь урт хугацаанд түншлэх орнуудын нэг хэмээн үзэж, эдийн засгийн болон хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн орнуудын нэг хэмээн харилцаж байна.

Монгол Улс 1998 онд Торонто хотноо Ерөнхий консулын газраа анх нээж, 2001 онд дипломат төлөөлөгчийн газрынхаа түвшинг ахиулан Канадын нийслэл Оттава хотноо Элчин сайдын яамаа нээсэн. Түүнчлэн Канадын Ванкувер, Калгари, Монреаль зэрэг хотноо Монгол Улсын Өргөмжит консулууд томилогдон ажиллаж байна.

Канад Улс 1997 онд Монгол Улсад Өргөмжит консул томилон ажиллуулж байгаад, 2008 онд Улаанбаатар хотноо Худалдааны төлөөлөгчийн газар болгон өргөжүүлсэн. Канад Улс Монгол Улсад байнга суух Элчин сайдаа 2008 онд томилон, Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээсэн. 

Улс төрийн харилцаа

1990 оноос хойш Монгол, Канадын улс төрийн түвшний яриа хэлэлцээ тасралтгүй үргэлжилж ирсэн.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1994 онд Канад Улсад албан ёсны айлчлал хийснээр хоёр талын улс төрийн яриа хэлэлцээ эхэлсэн. Гадаад хэргийн сайд Р.Амаржаргал 1998 онд Канад Улсад албан ёсоор айлчлах үеэрээ “Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тунхаглал”-д гарын үсэг зурснаар хоёр талын харилцааны ерөнхий зарчмыг тодорхойлсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд Канад Улсад төрийн айлчлал хийсэн нь төрийн тэргүүний түвшинд хийсэн анхны айлчлал болсон бөгөөд энэ айлчлалын дүнд Монгол Улс, Канад Улс “өргөн хүрээтэй түншлэл”-ийн түвшинд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ айлчлал нь Монгол Улсыг Канадын дээд удирдлага, бизнесийн хүрээлэл болон олон нийтэд танилцуулах, Канадын хөрөнгө оруулалтыг татах, иргэд хоорондын шууд солилцоог нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж, Канадын гадаад бодлогод Монгол Улсын орон зайг батжуулах, улмаар өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Канадын төрийн тэргүүн Амбан захирагч Д.Жонстон 2013 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь чухал ач холбогдолтой болсон.

2002 онд Нью-Йорк хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы  үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр, Канадын Ерөнхий сайд Ж.Кретьентэй уулзаж,  хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан нь хоёр улсын Ерөнхий сайд нарын анхны уулзалт болсон. 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад Улсад 2010 онд албан ёсны айлчлал хийсэн нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний Канад Улсад хийсэн анхны айлчлал байсан бөгөөд 1990 оноос хойш тасралтгүй өргөжиж буй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бататгах, Канад Улстай тогтоосон улс төр, эдийн засгийн ойр дотно харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын яриа хэлэлцээг тогтмолжуулах, Монгол Улсыг Канад Улсад сурталчлах, хоёр орны ажил хэрэгч хүмүүсийн хоорондын бизнес хэлхээ холбоог өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон.

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 2016 онд захидал солилцож, Монгол Канадын харилцаа, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон.

Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд 2014 онд Монгол Улсад албан ёсоор айлчилсан нь Канадын Гадаад хэргийн сайдын манай улсад хийсэн анхны айлчлал болсон бөгөөд айлчлалын дүнгээр хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр талын харилцааг “өргөн хүрээтэй түншлэл”-ээс “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр зорин ажиллахаар хоёр тал тохиролцсон.

Монгол Улсын болон Канад Улсын гадаад хэргийн сайд нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган болон олон улсын бусад хурал, чуулганы үеэр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны болон олон талт харилцааны асуудлаар санал солилцож ярилцаж ирсэн.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр Канадын хэргийн сайд Стефан Дионтай Нью Йорк хотноо 2016 оны 9 дүгээр сарын 20-нд уулзсан.

Канадын Олон улсын худалдааны сайд Д.Эмерсон, Гадаад хэргийн Туслах дэд сайд Эндрю Фаган нар 2008 онд, Гадаад хэргийн дэд сайд Даниэл Жан 2016 онд, Гадаад хэргийн туслах дэд сайд Cюзан Грегсон 2015 онд, Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиаш 2017 онд, Гадаад хэрэг, олон улсын худалдааны яамны Ази, Номхон далайн орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Р.Чан 1998 онд, Д.Килгор 2003 онд, Гадаад хэргийн Хойд Ази болон Далайн бүсийн орнуудын асуудал хариуцсан Ерөнхий захирал Сара Тэйлор 2017 онд Монгол Улсад тус тус айлчилсан. Монгол Улсын Уул уурхайн сайд, Хөдөө аж ахуйн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд нар Канад Улсад тус тус айлчилж ирсэн уламжлалтай.

Канадын Гадаад хэргийн дэд сайд Даниель Жан 2016 оны 4 дүгээр сарын 20-22-нд Монгол Улсад ажлын айлчлал хийж, монгол, канадын харилцааны өргөн асуудлаар ярилцсан нь Канадын Либерал намын шинэ Засгийн газрын зүгээс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл болсон.

Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Канад Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр харилцааны түвшинг ахиулах, хамтын ажиллагааны замын зураглал байгуулах, Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх механизм байгуулах талаар санал дэвшүүлсэн.