Парламент хоорондын харилцаа

Монгол, Канадын улс төрийн харилцааны нэгэн чухал хэлбэр бол хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа болно. УИХ-ын дарга Р.Гончигдорж 1998 онд, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан 2007 онд, УИХ-ын дарга З.Энхболд 2013 онд Канад Улсад, Канадын Сенатын дарга Ж.Молгат 1997 онд, Сенатын дарга Д.Хэйз 2003 онд, Нийтийн танхимийн дарга П.Милликен 2006 онд, Нийтийн танхимийн дарга Жеофф Рэган 2016 онд Монгол Улсад тус тус айлчилсан.  УИХ-ын Тамгын газар, Канадын парламентын Тамгын газар хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг 2016 оны 9 дүгээр сард байгуулан хэрэгжүүлж байна.

2003 онд Канадын парламентад Канад-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулагдсан нь Канадын төр, засгийн газарт Монгол Улсыг ойлгуулах,  дэмжүүлэх лобби үүсгэхэд чухал алхам болсон. Канад-Монголын парламентын найрамдлын бүлгийн даргаар нь сенатч Жозеф Дэй ажиллаж байна. Монгол Улсын парламентад Монгол, Канадын парламент бүлгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэргүүлэн ажиллаж байна.   

Канадын парламентаас зохион явуулдаг парламентын албан хаагчдад зориулсан сургалтад УИХ-ын Тамгын газрын мэргэжилтэн нар 2000 оноос эхлэн хамрагдаж буй.

2005 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын тангараг өргөх ёслолд Монгол-Канадын найрамдлын бүлгийн дарга, сенатч Жозеф Дей, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд Канадын Сенатын гишүүн хатагтай Рэйнелл Андрейчук нар тус тус оролцсон. Канадын ГХЯ-ны Зүүн хойд Азийн газрын дэд захирал Дөнис Шуинард УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтыг ажиглаж, Улаанбаатар хот, Хөвсгөлд аймагт ажилласан.

Улаанбаатар хотноо 2003 онд зохион байгуулагдсан Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын сайд нарын 5 дугаар бага хурал, 2013 онд зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал, 2015 онд зохион байгуулагдсан Интернет дэхь эрх чөлөөний эвслийн сайд нарын 5 дугаар бага хуралд  Канад Улс зохих түвшинд идэвхтэй оролцож ирсэн.