Монгол-Канадын Дугуй ширээний уулзалт

Монгол Улс, Канад Улсын хоорондын харилцаа, бүх талын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын үндсэн механизм нь Дугуй ширээний уулзалт билээ. Дугуй ширээний уулзалтыг анх 2003 онд хоёр тал тохиролцон хэрэгжүүлж эхэлснээс хойш энэ уулзалт 8 удаа явагдсан бөгөөд сүүлийн уулзалт нь 2019 онд Улаанбаатар хотноо болсон. Монголын талыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын монголын хэсгийн дарга Д.Сумъяабазар тэргүүлж, канадын талаас оролцсон төлөөлөгчдийг Канадын Гадаад хэргийн Туслах дэд сайд Доналд Бобиаш тэргүүлж оролцов.

Дугуй ширээний уулзалтын 8 дугаар хуралдаанаар талууд хоёр талын болон олон талт харилцаа, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хөгжлийн хамтын ажиллагаа болон хууль сахиулах байгууллага, иргэд хоорондын хамтын ажиллагаа, соёл, спортын салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

2017 онд Оттава хотноо болсон Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын 7 дугаар хуралдааны мөрөөр хэд хэдэн чухал арга хэмжээ хэрэгжүүлснийг хоёр тал сайшаан тэмдэглэсэн.

Тухайлбал, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болсон; Хууль сахиулах байгууллагын салбарт Канадын Хатан хааны морьт цагдаагийн албанаас 2017-2018 онд “Гүйцэтгэх ажлын мэдээлэлд дүн шинжилгээ хийх нь”; “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд дүн шинжилгээ хийх арга, аргачлал”; “Олон улсын нисэх буудлаар хар тамхи, мансууруулах бодис, сэтгэгцэд нөлөөлөх эм бэлдмэл тээвэрлэх гэмт хэргийг мөрдөн шалгах арга аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгуулж, Эрүүгийн цагдаагийн алба, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн 107 албан хаагчийг хамруулав; Хөдөө аж ахуйн салбарт хоёр талын Хөдөө аж ахуйн яамд хоорондын  хорооны анхдугаар хуралдааныг Оттава хотноо зохион байгуулж, барилгын салбарт Ногоон орон сууцны загвар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч, Канадын модон барилгын 17 стандартыг орчуулан үндэсний стандарт болгон батлуулж мөрдөж ажиллаж буй; 2018 онд тохиосон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр талдаа соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулж, иргэд хоорондын хамтын ажиллагааг нягтаршуулах үүднээс хоккейн спортын нөхөрсөг тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан мөн Канадын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх болон Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төслүүд шинээр хэрэгжиж эхэлснийг талууд онцлон тэмдэглэсэн юм.