Олон талт хамтын ажиллагаа

Монгол Улс, Канад Улс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2015 онд, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр 2010 онд сонгогдоход, түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсэхэд Канад Улс дэмжлэг үзүүлсэн. Монгол Улс НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишүүний 2010 оны сонгуульд Канад Улсыг дэмжиж байсан.

Канад Улс НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2021-2022 онд ажиллахаар нэрээ 2016 онд дэвшүүлж, манай талын дэмжлэгийг хүссэн. Канад Улсын хүсэлтийг манай тал нарийвчлан судалж, сонгуулийн хоёрдугаар шатанд Канадыг дэмжих чиглэл барин ажиллаж байна.

2019 оны 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ уулзалтанд Канад Улсаас Гадаад хэргийн Туслах дэд сайдын түвшинд оролцсон. Уг арга хэмжээнд  анх 2017 онд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Канадын ГХЯ-ны хэлтсийн захирал Крис Буртон оролцсон. 2018 онд Элчин сайд Д.Спрул, Бээжин дэх Канадын ЭСЯ-ны улс төрийн асуудал хариуцсан 2 дугаар н.б.д-ын хамт оролцож байв.  

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын дэргэд суух Төлөөлөгч, Элчин сайд Я.Ариунболд 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Фанг Лиуд бараалхаж, Итгэмжлэх захидлаа гардуулсан. 2019 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Канад Улсын Монреаль хотноо зохиогдсон Symposium and Exhibition on the ICAO Traveler Identification Programme (TRIP) арга хэмжээнд ГХЯ-ны КГ, ХЗДХЯ-ны УБЕГ, ГИХГ-ын удирдлагын түвшинд оролцуулсан.