Хөгжлийн хамтын ажиллагаа

Канадын хөгжлийн тусламжийн хүрээнд нийт 40 сая канад долларын санхүүжилтээр олборлох салбарын менежментийг сайжруулах, орон нутгийн хөгжилд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албаны чадавхийг нэмэгдүүлэх төслүүдийг Канадын “Agriteam Canada”, “CESO”, “WUSC”, Канадын төрийн албаны институт зэрэг байгууллага  манай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Сангийн яам, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна.

Канадын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй 3.2 сая долларын өртөгтэй “Gender based violence” төсөл 2019 оны 5 дугаар сард нээлтээ хийсэн. 2022 он хүртэл хэрэгжих төслийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлж байна. Төрийн албаны ил тод байдлыг сайжруулах (Invest Co-op) төсөл энэ оны 9 дүгээр сард хэрэгжиж дууссан. Монгол Улсын олборлох салбарын менежментийг сайжруулах (SESMIM) төслийн хугацааг 2020 он хүртэл сунгаж, “Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн удирдлагыг сайжруулах” (MERIT) төсөл 2023 он хүртэл сунгагдсан. Энэ хоёр төслийн нийлбэр төсөв 24.8 сая канад доллар. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарсан 7.0 сая канад долларын өртөгтэй “Мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албаны төсөл” (PCCSM) мөн 2023 он хүртэл хэрэгжинэ.

Канадын Гадаад хэргийн яам  Монголын эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дээшлүүлэх зорилгоор Азийн сантай хамтран “Women’s Economic Empowerment Mongolia” төслийг Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэн хэрэгжүүлэх шийдвэрийг 2019 оны 10 дугаар сард гаргав. З сая канад долларын санхүүжилттэй тус хөтөлбөрийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.