Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа

Монгол, Канадын цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа Батлан хамгаалахын атташе нараа 1996 онд анх удаа харилцан суулгаснаар эхэлж, Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцоход Канадаас дэмжлэг авах, монголын цэргийн мэргэжилтнүүдийг Канадын цэргийн сургууль, дамжаанд суралцуулах, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох гэсэн үндсэн гурван чиглэлээр хөгжиж ирсэн. 

 “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах, айлчлал солилцооны тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, Канад Улсын Үндэсний Батлан хамгаалах яам хоорондын санамж бичиг”-ийг 2013 онд байгуулсан нь эрх зүйн үндэс болж байна. Канадын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Майкд Хүүд 2014 онд Монгол Улсад, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар 2015 оны 9 дүгээр сард Канад Улсад тус тус айлчилсан.

Монгол-Канадын Батлах хамгаалах яамд хоорондын дугуй ширээний уулзалт Оттава хотноо 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр болсон. Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Батлан хамгаалах яамны ТНБД, бригадын генерал Х.Батбилэг ахалж, канадын талаас Үндэсний батлан хамгаалах яамны Стратегийн бодлогын газрын дарга ноён Петер Хамершмид дугуй ширээний уулзалтын удирдан явуулсан.

Монгол Улсын цэргийн мэргэжилтнүүд 2002 оноос эхлэн Канад Улсад сургалтанд хамрагдаж эхэлсэн бөгөөд 2004 оноос Монгол Улс Канадын “Олон улсын цэргийн сургалтын тусламжийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Канадад суралцах монгол цэргийн мэргэжилтний тоо нэмэгдэж одоогоор манай 200 орчим цэргийн мэргэжилтэн Канадын цэргийн төрөл бүрийн мэргэжлийн сургууль, дамжааг төгсөөд байна. Эдүгээ жил тутам манай 10 орчим цэргийн мэргэжилтэн Канадын цэргийн сургалтын төвүүдэд цэргийн мэргэжил, англи, франц хэлний чиглэлээр суралцаж, мэргэжил дээшлүүлж байна.

Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны эрэл”, “Говийн чоно” олон улсын хамтарсан сургуулилтад Канад Улс идэвхтэй оролцож байна.