Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаанд уул уурхайн салбарын хамтын ажиллагаа тэргүүлэх чиглэл хэвээр байна.

“Оюу толгой” компанийн хувьцааны 66%-ийг Канадын “Туркойз хилл ресурс” компани эзэмшдэг бөгөөд Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гарган ажиллаж байна. Оюу толгой төслийн далд уурхайн төслийн санхүүжилтийн 20%-ийг Канадын Экспорт хөгжлийн байгууллага /Export Development Canada/ болон Канадын Худалдааны Империал банк /Canadian Imperial Bank of Commerce/ хийхээр тохиролцсон. Оюу толгойн төсөлд Канадын Экспорт хөгжлийн байгууллага 750 сая америк долларын зээлийг олгосон.

Жил бүрийн 3 дугаар сард Канадын Торонто хотод болдог Уул уурхайн олон улсын чуулга уулзалт /Prospectors and Developers Association of Canada/ PDAC арга хэмжээнд Монгол Улсын Уул уурхайн сайдаар ахлуулсан монголын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид тогтмол оролцож байна.

Уул уурхайн олон улсын чуулга уулзалтын хүрээнд “MONGOLIA@PDAC” бизнес форумыг тусгайлан зохион байгуулж, Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал, цаашдын хандлага, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар ярилцаж, санал бодлоо солилцдог. Бизнес форумд УУХҮЯ, АМГТГ, “Рио Тинто” групп, “Эрдэнэс Монгол” ХХК, Канадын уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбоо, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хайгуулын компанийн төлөөлөгчид танилцуулга хийдэг.

Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй канадын компани анх Монгол, Канадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэсэн нь  2018 онд хоёр орны эдийн засгийн харилцаанд тохиосон хамгийн бодит үр дүн болсон. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудыг МХБ-д давхар бүртгэж, дотоодын хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг нь санал болгох асуудлыг 2017 оны 3 дугаар сард Торонтогийн хөрөнгийн биржийн төлөөлөлтэй тохиролцсон. Үүний дагуу Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” 1.2 сая канад долларын үнийн дүн бүхий 4,000,000 ширхэг хүртэлх үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны III ангиллын бүртгэлд бүртгүүлэх зөвшөөрлөө авч арилжаа хийсэн.

Канадын арилжааны Үндэсний банк /National Bank/ Монголын “ХАС” банкны хуьцааны 10%-ийг 2015 онд худалдан авсан нь Канадаас манай банк, санхүүгийн салбарт оруулсан анхны хөрөнгө оруулалт болсон юм.

Канадаас хөдөө аж ахуйн тэргүүний техник, технологи авах, сайн үүлдрийн үржлийн мал нутагшуулах, ган, зудад тэсвэртэй үр тариа, таримал ургамлын сортыг турших, үр үржүүлэх, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэх, хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх зэргээр хамтран ажиллахыг зорьж байна. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны арга хэмжээ, хөтөлбөрүүдийг 3 жил тутамд хэлэлцэн тохирч байх зорилгоор Монгол-Канадын хөдөө аж ахуйн яамд хооронд 2010 онд Санамж бичиг үйлдэж, Хамтарсан хороо байгуулсан. Хамтарсан хороо хоёр удаа хуралдаад байна.

2010 онд Канадын Элчин сайдын яамтай хамтран “Атар-III” фарм шоуг Сэлэнгэ аймагт зохион байгуулсан бөгөөд Канадын Саскатчеван мужид болдог хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэнд монголын хөдөө аж ахуйн компаниуд тогтмол оролцож байна.

Канадын модон барилгын технологи, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх асуудлаар эхний алхам хийгдэж, канадын барилгын зарим стандартыг албажуулж мөрдөж эхэлсэн. Монголын барилгын цөөн тооны инженер, архитекторыг Канадад мэргэжил дээшлүүлсэн. “Шинэ сумын төв” төслийг Канадын технологиор хийсэн.