Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай ­Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээрт талууд 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр, Улаанбаатар хотод гарын үсэг зурсан. Хэлэлцээр 2017 оны 3 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Энэхүү хэлэлцээр “Тодорхойлолт”, “Үндсэн үүрэг”, “Хөрөнгө оруулагч болон хүлээн авагч тал хоорондын маргаан шийдвэрлэх”, “Улс хоорондын маргаан шийдвэрлэх журам”, “Төгсгөлийн заалт” гэсэн нийт 5 бүлэг бүхий 41 зүйлтэй бөгөөд “Ирээдүйд авах арга хэмжээг хадгалах”, “Нэн тааламжтай үндэстний нөхцөлөөс чөлөөлөх”, “Маргаан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлөх” гэсэн 3 хавсралтаас бүрдэж байна.

Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр нь хоёр орны хөрөнгө оруулагчдад ижил нөхцөл олгосон, талуудын хөрөнгө оруулалтыг албадан хураахаас хамгаалсан, компанид үйл ажиллагааны шалгуур тогтоохыг хориглосон, хөрөнгө оруулагч болон хүлээн авагч тал хоорондын, түүнчлэн улс хоорондын маргаан шийдвэрлэх журам зэргийг хоёр тал баталгаажуулан хэм хэмжээ тогтоож буй хэлэлцээр юм.