Төрсний бүртгэлМонгол Улсын харъяат иргэд болон холимог гэр бүлээс төрсөн хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлдэг журамтай. Үүнээс дээш хоногийн дотор бүртгүүлээгүй бол хугацаа хоцорсон бүртгэл гэж үзэх бөгөөд 1 жилээс дээш хугацаанд бүртгүүлээгүй бол төрсний бүртгэлгүй гэсэн лавлагаа УБЕГ-аас авсны дараа бүртгэнэ. 1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд, гаргацтай бөглөх, - Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг татах Анхаарах: *Төрсний бүртгэлийн маягт дээр эцэг эх гарын үсэг зурах ёстой байдаг тул өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд гарын үсгийг баталгаажуулах маягт татан авч гарын үсгээ зурж, бичиг баримтын хамт илгээнэ. Маягтыг татах *Эцэг эх өөрийн биеэр ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол бичиг баримтаа шуудангаар илгээх ба төрсний гэрчилгээг буцааж хүлээн авах төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч бичиг баримтын хамт илгээнэ. *ЭСЯ бичиг баримтыг хүлээн авч хянаад бичиг баримтын бүрдүүлэлт бүрэн тохиолдолд төрсний бүртгэлд бүртгэн авч, төрсний гэрчилгээ бичиж Канад Улсад оршин суугаа хаягаар хүргүүлнэ. *Гэрлэлтээ бүртгүүлээгүй, эцгээр нь овоглож байгаа хүүхдийн төрснийг бүртгэхдээ төрсний бүртгэлээс гадна эцэг тогтоолтын бүртгэл хийдэг тул мөн эцэг тогтоолтын бүртгэлийн маягт бичигддэг. Энэ маягтад мөн гарын үсэг зурна. Тайлбар: Хэрэв хүүхдийн эцэг, эх Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдийг эхээр овоглон бүртгэдэг журамтай. Энэ тохиолдолд хүүхдийн эцэг тогтоох асуудал гардаг бөгөөд эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг. Иймд гэрлэлтийн баталгаа чухал болохыг сануулах нь зүйтэй. ЭСЯ шинэ төрсөн хүүхдийг бүртгэж, төрснийг бүртгэх ИУБ-11 маягт, гэрлэлтээ бүртгүүлээгүй хүүхдийг эцэг, эхийн тус тусдаа гаргасан хүсэлтийг харгалзан эцгээр нь овоглож байгаа бол эцэг тогтоох ИУБ-14 маягтыг бүрдүүлсэн баримт бичиг, эцэг эхээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, баталгаажуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгэн баталгаажуулдаг. Шинээр төрсөн хүүхдийн бүртгэлийн баталгаажуулалт 30-60 хоногт хийгддэг. Шинээр төрсөн хүүхдийн эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол эцэг, эхийн 2-уулангийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж болно. Монгол Улс нь иргэний давхар харьяалалыг одоогийн байдлаар хүлээн зөвшөөрөөгүй байгаа тул хүүхэд гадаад улсын иргэнээр бүртгүүлсэн тохиолдолд Монгол Улсын төрсний бүртгэлд бүртгэх боломжгүй болно. Шинээр төрсөн хүүхдэд Хүний хөгжил сангаас сар бүр олгодог тэтгэмжийг хүүхдийн эх, Монголд байгаа ар гэрийнхэндээ тус ЭСЯ-аар дамжуулан итгэмжлэл илгээн авч болно. |