COVID 19 / Канадын авч буй арга хэмжээ

Шинэ коронавирусийн тархалтыг ажиглах, олон нийтийг халдвараас хамгаалах, коронавирусын тархалтыг хязгаарлах ажлыг Канад Улсын Холбооны Засгийн газар муж, орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлж байна.

Коронавирусын тархалтыг ажиглах онцгой байдлын ажлын хэсгийг Канад Улсын Ерөнхий сайд Жастин Трудо өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан бол гуравдугаар сарын 5-ны өдөр улсын хэмжээнд COVID-19 коронавирусын тархалттай тэмцэх Засгийн газрын дэргэдэх хороог байгуулан ажиллаж байна. Уг хорооны үйл ажиллагааг Канад Улсын Шадар сайд Кристиа Фрийланд удирдан зохион байгуулж буй.

Одоогийн байдлаар коронавирусын тархалтыг хязгаарлахад чиглэсэн доорх ажлуудыг Канадын Засгийн газар хэрэгжүүлж эхлээд байна.

Арга хэмжээ

Зарцуулсан хөрөнгө
(канад доллар)

Эрүүл мэндийн яаралтай тусламжид

50 сая

Канад иргэдээ буцаан авахад

7 сая

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад олгосон хандив

2 сая

Олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээхэд

50 сая

Судалгаа, шинжилгээний ажилд

275 сая

Муж, хязгаар нутгуудад олгох дэмжлэг

500 сая

Хамгаалалтын хувцас, техник хэрэгсэлд

50 сая

Олон улсын туслалцаа

50 сая

Хөдөлмөр эрхлэлтийн даатгалд

5 сая

Ажлын цаг хуваах хөтөлбөрт

12 сая

Уугуул иргэдийг дэмжих сан болон бүх нийтийн эрүүл мэндийн бусад арга хэмжээнд

100 сая

Нийт

1,101 сая канад доллар

Шинэ коронавирусын тархалттай тэмцэх ажлыг зохион байгуулахдаа Канадын Засгийн газар доорх зарчмуудыг баримтлан ажиллаж байна. Үүнд:

- Хамтын ажиллагаа: Холбооны Засгийн газар болон муж, хязгаар нутгийн засаг захиргаа, бусад бүх оролцогчид үйл ажиллагаагаа уялдуулж, нэгдсэн хариу арга хэмжээ хэрэгжүүлэх;

- Баримт, мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах: Бодит мэдээ, баримтад тулгуурлан шийдвэр гаргах;

- Нийцсэн арга хэмжээ авах: Вирусын тархалтын эсрэг авах арга хэмжээ нь эрсдлийн түвшинтэй нийцсэн байх ёстой;

- Уян хатан байх: Тухайн нөхцөл байдалд нийцсэн арга хэмжээ авч, үйл явдлын өрнөлд тохируулан нэмэгдүүлэх;

- Урьдчилан сэргийлэх: Бодит баримт мэдээлэлд тулгуурлан тухайн эрсдлийн хэмжээнд нийцсэн шуурхай урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх;

- Өмнөх туршлага, тогтолцоог ашиглах: Өмнө боловсруулсан стратеги, төлөвлөгөөг тахалтай тэмцэх төлөвлөгөөнд шинэчлэн тохируулж ажиллах;

- Ёс зүйтэй шийдвэр гаргах: Эцсийн шийдвэр гаргахдаа ёс зүйг эрхэмлэж, нийтийн үнэт зүйлсийг тусгасан байх ёстой. 

Шинэ коронавирусын тархалтын үед канадын эдийн засгийг тогтворжуулах багц арга хэмжээний төлөвлөгөөг Канадын Ерөнхий сайд Жастин Трудо гуравдугаар сарын 18-ны өдөр танилцуулсан.Арга хэмжээний хүрээнд канадын ажил эрхлэгч, бизнес эрхлэгчдэд шууд дэмжлэг болгон 27 тэрбум канад долларыг олгож, татварын бодлогоор дамжуулан 55 тэрбум канад долларын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн. Нийт 82 тэрбум канад долларын энэхүү багц арга хэмжээ нь Канадын ДНБ-ний гурван хувьтай тэнцэж байна.