Канадын тухай ерөнхий мэдээлэл
Нутаг дэвсгэр:
Канад Улс 10 сая орчим хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт ордог. Атлантын болон Номхон далай, Хойд мөсөн далайгаар хүрээлэгддэг бөгөөд АНУ-тай Их нууруудаас гадна нийт 6,000 км хуурай газраар хиллэдэг. 1867 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тухайн үеийн Их Британийн Эзэнт гүрний колони байсан Канад /сүүлд нь Онтарио, Кебек хоёр мужид хуваагдсан/, Нова Скочиа, Шинэ Брансвик мужууд нэгдэж Холбооны Канад Улсыг тунхагласан бөгөөд энэ өдрийг Канадын Тусгаар тогтнолын өдөр хэмээн тэмдэглэдэг. Канад Улс арван муж (Бритиш Колумби, Алберта, Принс Эдвард Айлэнд, Манитоба, Онтарио, Нова Скочиа, Шинэ Брансвик, Кебек, Саскачеван, Ньюфаундлэнд ба Лабрадор) болон бие даасан Нунавит, Юкон, Баруун хойд хязгаар нутгаас бүрдсэн Холбооны улс юм. 1867 болон 1982 оны Үндсэн хуулиудад тодорхойлсны дагуу Канад Улс нь Үндсэн хуульт хаант засагтай улс. Их Британийн Хатан хаан II Элизабет нь Канад Улсын төрийн тэргүүн бөгөөд Амбан захирагч Хатан хааныг Канадад төлөөлнө. Гол төлөв дипломат, цэргийн албан хаагч эсвэл нийгмийн зүтгэлтнүүдээс сонгож, Ерөнхий сайдын санал болгосноор Их Британийн Хатан хаан Канадын Амбан захирагчийг таван жилийн хугацаатай томилдог. 1867 оны Канадын Үндсэн хуульд заасны дагуу Амбан захирагч нь Ерөнхий сайдтай зөвлөлдөсний үндсэн дээр Хатан хааны Зөвлөлийн /Queen's Privy Council/ гишүүдийг томилдог. Одоо ажиллаж буй болон ажиллаж байсан сайд нар, дээд шүүхийн шүүгчид, парламентын гишүүд болон Амбан захирагчаар ажиллаж байсан эрхмүүдийг бүх насаар нь Хатан хааны Зөвлөлд томилдог. Амбан захирагч нь Канадын төрийн үйл хэргийг явуулахдаа Ерөнхий сайдаас гадна энэхүү Хатан хааны Зөвлөлийн зөвлөмжийг авдаг. Амбан захирагч дараах эрх үүрэгтэй. Үүнд: Канад Улсад Их Британийн Хатан хааныг төлөөлнө. Ерөнхий сайдын зөвлөснөөр Парламентыг зарлан хуралдуулах, тараах эрхтэй. Аль нэг нам сонгуульд дийлэнх олонхийн санал аваагүй буюу Ерөнхий сайд нас барсан тохиолдолд Ерөнхий сайдыг томилох асуудлыг Амбан захирагч бие даан шийдвэрлэнэ; Канадын тусгаар тогтнолын илэрхийлэл байна. Тэрбээр гадаад орнуудад төрийн тэргүүний хувиар айлчилна, гадаадын төрийн тэргүүн нарыг хүлээн авна. Элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгч нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээж авна; Канадын зэвсэгт хүчний дээд командлагч; Төрийн дээд шагналыг олгоно; Канад Улсын үндэсний нэгдмэл байдлын илэрхийлэл байна. Одоогийн Амбан захирагч хатагтай Жули Паетте 29 дэх Амбан захирагч бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажилдаа орсон. Жули Паетте 1963 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Канадын Кебек мужийн Монреаль хотод төрсөн. 1982 онд Их Британий Атлантикийн Нэгдсэн дэлхийн коллеж /United World College of the Atlantic/-ийг дүүргэж, Олон улсын бакалаврын цолтой болсон. Үүний дараа 1986 онд Канадын МакГиллын Их сургуулийг Инженерийн бакалавр цолтой төгссөн. 1990 онд Торонтогийн Их сургуульд суралцаж Компьютерийн инженерийн магистрын цол хамгаалсан. Франц, англи Жули Пайэтын хувьд унаган хэл нь бөгөөд тэрээр мөн испани, герман, итали, орос хэлээр сайн ярьдаг. 1992-2013 онуудад тэрээр канадын сансрын нисэгчээр бэлтгэгдэн ажиллах хугацаандаа хоёр удаа сансарт ниссэн. Гүйцэтгэх засаглал:Сонгуульд ялсан улс төрийн нам Канадын Холбооны Засгийн газрыг эмхлэн байгуулдаг. 2015 оны 10 дугаар сард болсон Канадын Парламентын сонгуульд Либерал нам ялалт байгуулж, тус намын дарга Жастин Трудо Канад Улсын Ерөнхий сайд болсон бөгөөд түүний тэргүүлж буй кабинетыг Канадын Парламентын 42 дугаар чуулганаар батлагдсан 29 дэх Засгийн газар гэж үзнэ. Засгийн газрын кабинет нь эрэгтэй 15, эмэгтэй 15 буюу нийт 30 сайдтай байсан. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болсон Канадын Парламентын сонгуулийн үр дүнд улиран сонгогдсон Ерөнхий сайд Жастин Трудо 36 сайдтай Холбооны Засгийн газрыг бүрдүүлсэн бөгөөд Шадар сайд, Дундаж давхрагын хөгжлийн сайд, Эмэгтэйчүүд, жендерийн тэгш эрх, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн сайд, Цахим Засгийн газрын сайд зэрэг шинэ, содон албан тушаал бий болгосон. Канад Улсын Ерөнхий сайд бөгөөд Либерал намын дарга Ж.Трудо 1971 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн үед Канадын Ерөнхий сайд асан Пьер Трудогийн ууган хүү болж төржээ. Тэрбээр МсGill-ийн Их сургуулийг Уран зохиолын бакалавр, Бритиш колумбын Их сургуулийг Боловсролын бакалавр цолтой тус тус төгссөн. Жастин Трудо 1988 онд анх улс төрийн гараагаа эхэлсэн бөгөөд 2008 онд Либерал намаас Монтреаль хотын Папино сонгуулийн тойрогт нэр дэвшиж Парламентад сонгогдсон. 2011 онд мөн парламентын гишүүнээр сонгогдож, 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Либерал намын даргаар ажиллаж байна. Улиран сонгогдсон Канад Улсын Ерөнхий сайд Жастин Трудогийн тэргүүлж буй Холбооны Засгийн газар:1. Кристиа Фрийланд - Шадар сайд ба Засгийн газар хоорондын харилцааны сайд /Chrystia Freeland - Deputy Prime Minister and Minister of Intergovernmental Affairs/; Канадын Парламент нь Сенат болон Нийтийн танхимаас бүрдэнэ. Сенат нь бүс нутаг, мужуудыг төлөөлсөн 105 гишүүнтэй. Сенатын Спикер болон гишүүдийг Ерөнхий сайдын зөвлөмжөөр Амбан захирагч томилдог. Тэд 75 нас хүртлээ Сенатын гишүүн байх эрхтэй. Нийтийн танхим нь 338 гишүүнтэй. Гишүүд нь 4 жилийн хугацаатай сонгогддог. Нийтийн танхимын Спикерийг гишүүд дотроосоо нууцаар санал хурааж сонгоно. Хуулийн төслийг хоёр танхим баталснаар хүчин төгөлдөр болно. Парламентын чуулган жил бүрийн 9 дүгээр сард эхлэж, дундаа завсарлагатайгаар 6 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Канадын Дээд шүүх 1875 онд байгуулагдсан. 1949 оноос эхлэн нийт есөн шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр /Ерөнхий шүүгч + 8 шүүгч/ ажиллаж байна. Энэ есөн шүүгчдийн гурвыг нь Кебек мужаас, гурвыг Онтарио мужаас, хоёр шүүгчийг Канадын баруун хэсгээс, нэг шүүгчийг Канадын Атлантын хэсгээс тус тус сонгдог. Канадын Амбан захирагч нас барсан эсвэл албан үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон эсвэл нэг сараас дээш хугацаагаар эх орондоо байхгүй байх тохиолдолд түүнийг эрх үүргийг Ерөнхий шүүгч орлон гүйцэтгэнэ. |