Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага

2023-04-14


Монгол Улс 1989 онд Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагад гишүүнээр элссэнээр өөрийн нутаг дээгүүр олон улсын нислэг өнгөрүүлэх, буулгах, бусад улс оронтой агаарын идэвхтэй харилцаанд оролцох бололцоог нээсэн.

Одоогийн байдлаар Монгол Улс иргэний нисэхийн нийт 9 гэрээ конвенц, тэдгээрийн нэмэлт 9 протоколд нэгдэн орсон бөгөөд олон улсын болон бүс нутгийн дээд хэмжээний хурал чуулганд тогтмол оролцон хамтран ажиллаж байна.

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Монгол Улсаас ОУИНБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажилладаг. Элчин сайд Я.Ариунболд 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ОУИНБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Фанг Иу-д Итгэмжлэх захидлаа гардуулснаар албан үүрэгтээ орсон.

Тайлбар: Элчин сайд Я.Ариунболд ОУИНБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Фанг Иу-д Итгэмжлэх захидал гардуулах ёслол. 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр.

ДГХБО-ын агаарын тээврийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээрх

Монгол Улсын санаачилга

Монреаль хотноо 9 дүгээр сарын 27-10 дугаар сарын 7-ны өдрүүдэд болсон ОУИНБ-ын Ассамблейн 41 дэх удаагийн чуулганд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд бөгөөд ОУИНБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Я.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын агаарын харилцааг дэмжих” тухай WP/61 тоот Ажлын баримт бичгийг хэлэлцүүлэн гишүүн улсуудын дэмжлэгийг авсан.

Тайлбар: ОУИНБ-ын Ассамблейн 41 дэх удаагийн чуулганд оролцож буй төлөөлөгчид. 2022 оны 9 дүгээр сарын 27.

 

Тус Ажлын баримт бичиг батлагдсанаар ОУИНБ нь далайд гарцгүй хөгжиж буй нийт 32 улсын иргэний агаарын тээврийн салбарт тулгамдаж буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх судалгаа хийг, шаардлагатай санхүүжилт, чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааг ДГХБО-д үзүүлэх боломж бүрдэх юм. Хэлэлцүүлгийн үеэр Армени, Этиоп зэрэг далайд гарцгүй хөгжиж буй улс орнууд Ажлын баримт бичигт хамтран зохиогчоор оролцож, БНСУ, Индонез, Парагвай, Этиоп, Сингапур, Япон, БНХАУ, ОХУ, Мексик, Кени, Румын, Ботсван, Танзани, Колумб, Тунис, Болив зэрэг улс санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Санаачилгыг ажил хэрэг болгох зорилгоор тус Элчин сайдын яам ОУИНБ, ДГХБО-ын Олон улсын судалгааны төв, Нью Йорк дахь БТГ зэрэг байгууллагатай ойр хамтран ажиллаж байна.

Тайлбар: Элчин сайд Я.Ариунбoлд 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ОУИНБ-ын Зөвлөлийн Ерөнхийлөгч Салватoре Шиакитано болон ЕНБД Хуан Карлос Салазар нартай уулзаж, ОУИНБ-ын 41 дэх удаагийн Ассамблейгаар Монгол Улсын хэлэлцүүлсэн ДГХБО-ын Агаарын харилцааг дэмжих тухай 61 дугаартай Ажлын баримт бичигт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

ДГХБО-ны Албан бус бүлэг

ДГХБО-ын дуу хоолойг нэгтгэх, хамтран ажиллах зорилгоор ОУИНБ-ын дэргэд суугаа  ДГХБО-ны Албан бус бүлэг байгуулан ажиллаж байна.  Элчин сайд Я.Аринуболд ОУИНБ-ын Зөвлөлийн 228 дахь удаагийн хуралдаанд үг хэлэхдээ ОУИНБ-ын дэргэд суугаа ДГХБО-ын Албан бус бүлэг байгуулснаа зарлаад, ДГХБО-ын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийн цар хүрээ, мөн чанарыг нягтлан судлах зорилго бүхий ДГХБО-ын Агаарын тээврийн салбарын эрэлт хэрэгцээг тогтоох судалгааг хийх, техникийн болон чадавхийг бэхжүүлэх тусламж, санхүүжилт олгохдоо эдгээр улсыг тэргүүн ээлжид анхаарахыг уриалав. Зөвлөлийн гишүүн улсууд манай улсын санаачилгыг талархан хүлээн авч, дэмжиж буйгаа илэрхийлэв.

Тайлбар: Элчин сайд Я.Аринуболд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ОУИНБ-ын Зөвлөлийн 228 дахь удаагийн хуралдаанд үг хэлэв.

ОУИНБ-ын Нийтийн түлхүүрийн сан

ОУИНБ-ын НТС нь цахим паспорт, цахим үнэмлэх зэрэг машинаар уншуулах боломжтой зорчих баримтыг баталгаажуулахад шаардагдах нууцлалын мэдээллийг төвлөрүүлэн хадгалдаг нэгдсэн сан.

Монгол Улс “ОУИНБ-ын аяллын цахим баримт бичгийн НТС-д оролцох, зардал хуваах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т оролцохоо 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ОУИНБ-д мэдэгдсэнээр Нийтийн түлхүүрийн сангийн 82 дахь гишүүнээр элсэж,  2022 оны 12 сарын 20-ны өдөр ОУИНБ-ын Нийтийн түлхүүрийн санд Үндэсний гэрчилгээ олгогч байгууллагын нийтийн түлхүүрийн гэрчилгээг хүлээлгэн өгснөөр тус сантай бүрэн холбогдож, сангийн гишүүн 90 гаруй улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээр шуурхай нэвтрэх, Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийн хувийн мэдээллийг автоматаар шалгаж, баталгаажуулах замаар хилийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн.

Тайлбар: Нийтийн түлхүүрийн санд Үндэсний гэрчилгээ олгогч байгууллагын нийтийн түлхүүрийн гэрчилгээг хүлээлгэн өгөх ёслол.  УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ОУИНБ-ын Иргэний нисэхийн аюулгүй байдал, хялбаршуулалтын асуудал хариуцсан Ерөнхий захирал Силвайн Лефоер. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ОУИНБ-ын Нийтийн түлхүүрийн сан (НТС)-д Үндэсний гэрчилгээ олгогч байгууллагын нийтийн түлхүүрийн гэрчилгээг хүлээлгэн өгөв. Түлхүүр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Элчин сайд Я. Ариунболд, ОУИНБ-ын Иргэний нисэхийн аюулгүй байдал, хялбаршуулалтын асуудал хариуцсан Ерөнхий захирал Силвайн Лефоер, НТС-ийн мэргэжилтэн Киаран Каролон нарын төлөөлөгчид оролцлоо.

Тус сантай бүрэн холбогдох, Үндэсний НТС-ийн дэд бүтцийг хөгжүүлэх, цахим паспорт олгох бэлтгэл ажлыг хангах зорилгоор ОУИНБ-ын Нийтийн түлхүүрийн сангийн Мэдээллийн чанарын зөвлөх хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах тухай  Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Люксенбургийн ИНСЕРТ байгууллага хоорондын тохиролцоонд Элчин сайд Я.Ариунболд 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр гарын үсэг зурсан. ОУИНБ-ын НТС Удирдах зөвлөлийнхөө 29 дэх удаагийн хуралдаанаар тус зөвлөх үйлчилгээг дахин нэг жилээр сунгах шийдвэр гаргаад байна.

Тайлбар: ОУИНБ-ын Нийтийн түлхүүрийн сангийн Мэдээллийн чанарын зөвлөх хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах тухай  Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Люксенбургийн ИНСЕРТ байгууллага хоорондын тохиролцоонд гарын үсэг зурах ёслол.  Элчин сайд Я.Ариунболд, Зөвлөх Бэнуа Поллети.  2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр.