Монгол Улсын санаачилгыг дэмжив
НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 41 дэх удаагийн чуулга уулзалт 9 дүгээр сарын 27- 10 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монреаль хотноо болж байна.
Ассамблейн 41 дэх удаагийн чуулганд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Я.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын агаарын харилцааг дэмжих” тухай WP/61 тоот Ажлын баримт бичгийг хэлэлцүүлэн гишүүн улсуудын дэмжлэгийг авав.
Тус Ажлын баримт бичиг батлагдсанаар ОУИНБ нь далайд гарцгүй хөгжиж буй нийт 32 улсын иргэний агаарын тээврийн салбарт тулгамдаж буй сорилт бэрхшээлийг тогтоох судалгаа хийж, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааг ДГХБО-д үзүүлэх боломж бүрдэх юм.
Армени, Этиоп зэрэг далайд гарцгүй хөгжиж буй улс орнууд Ажлын баримт бичигт хамтран зохиогчоор оролцож, БНСУ, Индонез, Парагвай, Этиоп, Сингапур, Япон, БНХАУ, ОХУ, Мексик, Кени, Румын, Ботсван, Танзани, Колумб, Тунис, Болив зэрэг улс дэмжиж үг хэллээ.
Гурван жил тутамд болдог тус чуулганд ОУИНБ-ын гишүүн 193 улс, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид оролцож ОУИНБ-ын ирэх гурван жилийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлдог.