МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ КАНАД УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА🇲🇳🇨🇦
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос Канад Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Ур чадварын шилжилт” төслийн хүрээнд манай Боловсролын яам, Канадын Гадаад хэргийн яам, Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудын холбооны төлөөллийг 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын дарга Н.Нарангэрэл, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Должинсүрэн нар манай мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт тулгарч буй асуудлуудыг дурдаж, тэдгээрийг шийдвэрлэхэд дээрх төсөл чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Уг төслийн хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, нэн ялангуяа хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилго тавин ажиллаж буйг мөн онцлов.
2025-2029 онд таван жилийн хугацаатай хэрэгжиж буй дээрх төсөл нь (1) тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн хүрээг боловсруулах, (2) манлайллын хөтөлбөр боловсруулах, (3) мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтад жендэрийн бодлогыг тусгах, (4) багш, сургагч бэлтгэх зорилготой билээ.
"Ур чадварын шилжилт” төслийн Монгол дахь төлөөлөгч Дэвид Харви төслийн хэрэгжилтийн явцыг танилцуулж, төслийг Төв аймгийн “Баянчандмань”, Ховд аймгийн “Ховд-Хөгжил”, Архангай аймгийн политехник коллежуудыг түшиглэн хэрэгжүүлж буй талаар мэдээлэхээс гадна Мэдээлэл, технологийн сургуулийг хамруулахаар болж буйг дурдав. Төслийг хэрэгжүүлэгчээр Канадын Олдс коллеж, Умард Атлантын коллеж, Хамберын политехник, Саскачеваны политехник, Нордерн коллеж, Ниагара коллеж, Кэмбриан коллеж одоогоор шалгараад байгаа юм.
Элчин сайд Э.Сарантогос “Ур чадварын шилжилт” төсөл хэрэгжиж эхэлсэнд баяр хүргэж, Монгол, Канадын харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг болох боловсролын салбарт ийнхүү бодит хамтын ажиллагаа хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр уг төслийг Канадын Засгийн газраас зарласан “Хөгжлийн төлөөх тэтгэлэг ба боловсролын солилцооны хөтөлбөр”-тэй уялдуулах зэргээр мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар тогтвортой хөгжүүлэхийн чухлыг онцлов.

