МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ТЭРГҮҮТЭЙ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД КАНАД УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид Канад Улсын Монтреаль, Оттава хотуудад ажиллаж байна.
Төлөөлөгчид 4 дүгээр сарын 28-ны өдөр Элчин сайдын яаманд ажил хэрэгч уулзалт хийв. Элчин сайд Э.Сарантогос энэхүү бизнес аялал нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, бизнес хооронд хэлхээ холбоо тогтооход чухал ач холбогдолтойг онцлоод цаашид харилцааны тулгуур салбарын нэг болох хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр бизнес аялал, уулзалт зохион байгуулах чиглэлд МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар ярилцав.
Уулзалтын үеэр Элчин сайдын яамны зөвлөх М.Батхуяг Канадын эдийн засаг, зах зээлийн онцлог, хоёр орны худалдааны өнөөгийн байдал, экспортын боломж, тавигдах шаардлага болон анхаарах зүйлсийн талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөв. Уулзалтад Канад-Монголын худалдааны танхим болон Оттава хот дахь Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов.
Мөн төлөөлөгчид Канадын Худалдааг дэмжих байгууллагын Төсөл хариуцсан захирал Заки Мүншитэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Канадын Худалдааг дэмжих байгууллага нь хөгжиж буй орнуудын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Канадын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлдэг байгууллага бөгөөд 50 гаруй улсын худалдааг дэмждэг байгууллагуудтай түншлэн ажилладаг. Ц.Магнайбаатар захирал МҮХАҮТ Канадын Худалдааг дэмжих байгууллагатай түншлэн ажиллах сонирхолтой байгааг илэрхийлээд Монголын ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төсөл хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр тогтов.
Төлөөлөгчид Оттава хотод үйл ажиллагаа явуулж буй Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний “Cashmere Casa” дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцав. Төлөөлөгчид үргэлжлүүлэн 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монтреаль хотод болох агри-хүнсний олон улсын “SIAL Canada” үзэсгэлэнд оролцох юм.
