Төрсний бүртгэл
2022-10-18
Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6.1 зүйлд заасны дагуу Монгол Улсын харъяат иргэд болон холимог гэр бүлээс төрсөн хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ. Шинээр төрсөн хүүхдийг хуульд заасан 30 хоног дотор бүртгүүлээгүй бол хугацаа хоцорсон бүртгэл гэж үзэх бөгөөд төрсний бүртгэлгүй гэсэн лавлагааг УБЕГ-аас авсны дараа бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд, гаргацтай бөглөх,
2. Төрсний гэрчилгээ авах дараах өргөдлийн маягтуудаас эцэг, эх тохирох маягтыг бөглөнө (Өргөдөлд эцэг, эх хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн Канад Улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна).
-Төрсний гэрчилгээ авах Маягт татах,
-Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдлийн Маягт татах,
-Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эхийн өргөдлийн Маягт татах,
-Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эцгийн өргөдлийн Маягт татах,
-Хүүхдийг эхээр нь овоглоход гаргах өргөдлийн Маягт татах,
3. Эцэг, эхийн иргэний хүчинтэй цахим үнэмлэхний хуулбар /ар, өвөр/,
*Гадаад паспорт, хуучин иргэний үнэмлэхээр үйлчлэх боломжгүй. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, цахим иргэний үнэмлэхээ аваагүй иргэд ЭСЯ-нд өөрийн биеэр ирж шинэчилсэн бүртгэлд хамрагдана.
4. Эцэг, эхийн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол энэ нь Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бүртгэлд ордоггүй тул тус ЭСЯ-нд гэрлэлтээ бүртгүүлж болно. Гэрлэлтийг бүртгэхэд хосууд заавал биеэр ирнэ)
5. Хүүхэд Канад Улсад төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар (эмнэлэгийн бичиг)
6. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгосны хураамж
Анхаарах:
*Төрсний бүртгэлийн маягт дээр эцэг эх гарын үсэг зурах ёстой байдаг тул өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд гарын үсгийг баталгаажуулах маягт татан авч гарын үсгээ зурж, бичиг баримтын хамт илгээнэ. Маягт татах
*Эцэг эх өөрийн биеэр ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол бичиг баримтаа шуудангаар илгээх ба төрсний гэрчилгээг буцааж хүлээн авах төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч бичиг баримтын хамт илгээнэ.
*ЭСЯ бичиг баримтыг хүлээн авч хянаад бичиг баримтын бүрдүүлэлт бүрэн тохиолдолд төрсний бүртгэлд бүртгэн авч, төрсний гэрчилгээ бичиж Канад Улсад оршин суугаа хаягаар хүргүүлнэ.
*Гэрлэлтээ бүртгүүлээгүй, эцгээр нь овоглож байгаа хүүхдийн төрснийг бүртгэхдээ төрсний бүртгэлээс гадна эцэг тогтоолтын бүртгэл хийдэг тул мөн эцэг тогтоолтын бүртгэлийн маягт бичигддэг. Энэ маягтад мөн гарын үсэг зурна.
Тайлбар: Хэрэв хүүхдийн эцэг, эх Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдийг эхээр овоглон бүртгэдэг журамтай. Энэ тохиолдолд хүүхдийн эцэг тогтоох асуудал гардаг бөгөөд эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг. Иймд гэрлэлтийн баталгаа чухал болохыг сануулах нь зүйтэй.
ЭСЯ шинэ төрсөн хүүхдийг бүртгэж, төрснийг бүртгэх ИУБ-11 маягт, гэрлэлтээ бүртгүүлээгүй хүүхдийг эцэг, эхийн тус тусдаа гаргасан хүсэлтийг харгалзан эцгээр нь овоглож байгаа бол эцэг тогтоох ИУБ-14 маягтыг бүрдүүлсэн баримт бичиг, эцэг эхээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, баталгаажуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгэн баталгаажуулдаг. Шинээр төрсөн хүүхдийн бүртгэлийн баталгаажуулалт 30-60 хоногт хийгддэг.
Шинээр төрсөн хүүхдийн эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол эцэг, эхийн 2-уулангийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж болно. Монгол Улс нь иргэний давхар харьяалалыг одоогийн байдлаар хүлээн зөвшөөрөөгүй байгаа тул хүүхэд гадаад улсын иргэнээр бүртгүүлсэн тохиолдолд Монгол Улсын төрсний бүртгэлд бүртгэх боломжгүй болно.
Шинээр төрсөн хүүхдэд Хүний хөгжил сангаас сар бүр олгодог тэтгэмжийг хүүхдийн эх, Монголд байгаа ар гэрийнхэндээ тус ЭСЯ-аар дамжуулан итгэмжлэл илгээн авч болно.