Олон улсын иргэний нисэхийн байгууллага
2024-07-17
Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын 162 дахь гишүүн болсон.
Өдгөө Монгол Улс иргэний нисэхийн 10 конвенц, тэдгээрийн нэмэлт 6 протоколд нэгдэн ороод байна.
Манай улс ОУИНБ-ын Ассамблейн чуулган, Ази, Номхон далайн орнуудын бүсийн Ерөнхий захирлуудын хуралд тогтмол оролцож ирсэн. Ази, Номхон далайн орнуудын бүсийн Ерөнхий захирлуудын ээлжит 54-р хурлыг 2017 онд Монгол Улсад хүлээн авч зохион байгуулсан.
ОУИНБ-тай өргөн хүрээнд, түүний дотор агаарын навигаци, нислэг хөдөлгөөний удирдлага, аюулгүй ажиллагааны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Техникийн хамтын ажиллагааны хүрээнд ОУИНБ-аас хэрэгжүүлж буй COSCAP-N/A (Нисэхийн аюулгүй ажиллагаа болон Нислэгт тэнцэх чадварыг хадгалах Хойд Азийн хөтөлбөр), CAPSCA (Иргэний нисэх дэх урьдчилан сэргийлэх хамтарсан зохицуулалт болон олон нийтийн эрүүл мэндийн удирдлагын хөтөлбөр), CASP-AP (Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр), FPP (Нислэгийн журам боловсруулалтын хөтөлбөр) зэрэг хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож ирсэн. Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын харьяа "Нисэхийн сургалтын төв" нь 2016 онд ОУИНБ-ын TRAINAIR PLUS хөтөлбөрийн жинхэнэ гишүүн байгууллага болсон бөгөөд иргэний нисэхийн салбарын ажилтнуудын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн дадлага олгох сургалтуудыг зохион байгуулж байна.
Монгол Улсаас ОУИНБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Э.Сарантогос 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт Итгэмжлэх захидлаа гардуулж, албан үүрэгтээ орсон.
Тайлбар: Элчин сайд Э.Сарантогос ОУИНБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Х.К.Салазарт Итгэмжлэх захидал гардуулах ёслол. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр.
ДГХБО-ын агаарын тээврийн чадавхыг
бэхжүүлэхэд чиглэсэн санаачилга
Монгол Улс олон талт хамтын ажиллагааны хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын эрх ашгийг хамгаалах чиглэлээр манлайлж, идэвхтэй ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Монреаль хотноо 2022 оны 9 дүгээр сарын 27-10 дугаар сарын 7-ны өдрүүдэд болсон ОУИНБ-ын Ассамблейн 41 дэх удаагийн чуулганаар “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын агаарын харилцааг дэмжих” тухай А41-WP/61 Ажлын баримт бичгийг санаачлан батлуулсан.
Тайлбар: ОУИНБ-ын Ассамблейн 41 дэх удаагийн чуулганд оролцож буй төлөөлөгчид. 2022 оны 9 дүгээр сарын 27.
Тус Ажлын баримт бичиг нь ОУИНБ-д далайд гарцгүй хөгжиж буй нийт 32 улсын агаарын тээврийн салбарт тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд ОУИНБ-аас шаардлагатай тусламж дэмжлэгийг авах зорилготой болно.
ОУИНБ-ын дэргэд суугаа ДГХБО-ын Албан бус бүлэг
“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын агаарын харилцааг дэмжих” тухай А41-WP/61 Ажлын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор 2023 онд ОУИНБ-ын дэргэд суугаа ДГХБО-ын Албан бус бүлэг байгуулж, зохицуулагчаар нь сонгогдон ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Канад Улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн Ерөнхийлөгч С.Шиакитано-тай уулзахын сацуу ДГХБО-ын Албан бус бүлгийн 3 дахь удаагийн уулзалтад тусгай зочноор оролцов.
Тайлбар: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр ОУИНБ-ын Зөвлөлийн Ерөнхийлөгч С.Шиакитано-тай хийсэн уулзалт. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос, БНАрмени Улсаас Канад Улсад суугаа Элчин Анахит Харутунян, ХБНАБалба Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Бхарат Раж Падял болон ОУИНБ-ын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.К. Салазар нарын хамт. 2024 оны 5 дугаар сарын 7.
ОУИНБ-ын Нийтийн түлхүүрийн сан
ОУИНБ-ын Нийтийн түлхүүрийн сан (НТС) нь цахим паспорт, цахим үнэмлэх зэрэг машинаар уншуулах боломжтой зорчих баримтыг баталгаажуулахад шаардагдах нууцлалын мэдээллийг төвлөрүүлэн хадгалдаг нэгдсэн сан.
Монгол Улс ОУИНБ-ын аяллын цахим баримт бичгийн Нийтийн түлхүүрийн санд 2021 оны 12 дугаар сард 82 дахь гишүүнээр элсэж, 2022 оны 12 сарын 20-ны өдөр ОУИНБ-ын Нийтийн түлхүүрийн санд Үндэсний гэрчилгээ олгогч байгууллагын нийтийн түлхүүрийн гэрчилгээг хүлээлгэн өгснөөр тус сангийн гишүүн 97 улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээр шуурхай нэвтрэх, Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийн хувийн мэдээллийг автоматаар шалгаж, баталгаажуулах замаар хилийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн.
Тайлбар: Нийтийн түлхүүрийн санд Үндэсний гэрчилгээ олгогч байгууллагын нийтийн түлхүүрийн гэрчилгээг хүлээлгэн өгөх ёслол. УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ОУИНБ-ын Иргэний нисэхийн аюулгүй байдал, хөнгөвчлөн дэмжих асуудал хариуцсан Дэд захирал Силвайн Лефоер. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр.