Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа
2024-07-05
Монгол, Канад бол цаг агаарын хувьд ижил төстэй, ардчиллын нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэдэг, мөн эдийн засгийн бүтэц, байгалийн баялгаар баян зэрэг ижил төстэй талуудтай. Энэ ижил төстэй талууд нь эдийн засгийн харилцаанд тусгалаа олсон байдаг.
Канад Улс нь дэлхийн уул уурхайн салбарын томоохон тоглогч, манай улсын уул уурхайн салбарын гол хөрөнгө оруулагчдын нэг билээ. Монголбанкны статистик мэдээгээр 2021 оны эцсийн байдлаар Канад Улсын шууд хөрөнгө оруулалтын үлдэгдэл (позиц) 10 тэрбум ам.доллар буюу нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын үлдэгдлийн 40 орчим хувийг бүрдүүлж байсан ба энэ нь хамгийн өндөр үзүүлэлт байсан.
Манай улсын эдийн засаг, экспортод гол хувь оруулагч, дэлхийд тэргүүлэх зэс, алтны нөөцтэй Оюу толгой ордыг Канадын компани анх нээн илрүүлж, хөрөнгө оруулсан билээ. Мөн 2015 онд Канадын Экспорт Хөгжлийн байгууллага (Export Development Canada) “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж 1 тэрбум канад.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилт олгосон. Энэхүү санхүүжилт нь Канадын Экспорт Хөгжлийн байгууллагын томоохон хөрөнгө оруулалтын нэгд тооцогдож байна. Оюу толгой төслийн хувь оруулагч Канадын “Туркойз хилл ресурс” компанийг 2022 оны 12 дугаар сард Рио Тинто групп бүрэн эзэмшсэнээр “Оюу толгой” төслийн 66%-ийн хөрөнгө оруулагч Рио Тинто групп болсон.
Уул уурхайн төслүүдийн бүртгэлээр дэлхийд тэргүүлэгч Торонтогийн хөрөнгийн биржид манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 10 уул уурхайн компани бүртгэлтэй байдаг. Эдгээрээс “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл /cross listing/ хийлгэж, улмаар манай 6000 гаруй хөрөнгө оруулагчид уг компанийн хувьцаа эзэмшигч болсон байдаг.
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани болсноор олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, компанийн засаглал, тайлагнал, ил тод байдал сайжрах ач холбогдолтойг анхаарч ЭСЯ-ны зүгээс Торонтогийн Хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, сургалт, уулзалтыг жил бүр зохион байгуулж байна.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд Канадын Торонто хотод болдог Уул уурхайн олон улсын чуулга уулзалт PDAC арга хэмжээнд Монгол Улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид тогтмол оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд монголынхөрөнгө оруулагчдын форумыг тогтмол зохион байгуулж, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал, цаашдын хандлага, хууль эрх зүйн орчин, уул уурхайн төсөл, хөтөлбөрийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч байна.
Монгол Улс, Канад Улс хоорондын Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрт талууд 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурж, 2017 оны 3 дугаар сараас мөрдөж эхэлсэн. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны хөрөнгө оруулагчдад ижил нөхцөл олгосон, талуудын хөрөнгө оруулалтыг албадан хураахаас хамгаалсан, компанид үйл ажиллагааны шалгуур тогтоохыг хориглосон, хөрөнгө оруулагч болон хүлээн авагч тал хоорондын, түүнчлэн улс хоорондын маргаан шийдвэрлэх журам зэргийг хоёр тал баталгаажуулан хэм хэмжээ тогтоож буй хэлэлцээр юм.
Хоёр орны худалдааны сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс үзвэл 2019 онд хамгийн өндөр түвшинд буюу 49 сая ам.долларт хүрсэн байдаг, КОВИД-19 цар тахлын үед худалдаа 50 хувиар буурсан ч, 2023 онд худалдаа идэвхжиж 37 сая ам.долларт хүрээд байна. Хоёр орны худалдаанд манай импорт, ялангуяа уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импорт голлох байр суурийг эзэлж байна. Манай улсын хувьд сүлжмэл хувцас, гэрийн угсармал хийц гол экспортын бараа бүтээгдэхүүн байна.
Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын худалдаа, арилжааны тухай хэлэлцээрийг 1994 оны 6 дугаар 8-ны өдөр байгуулж байсан. Тухайн үед талууд ДХБ-ын гишүүн бус байсан, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжсөн, хоёр орны харилцааны түвшин ахисан зэргээс шалтгаалан худалдаа, арилжааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах, шинэчлэх шаардлага үүсч байна.
Монгол Улс, Канад Улс ДХБ-ын гишүүн орны хувьд харилцан тарифын Үндэстний нэн тааламжтай нөхцөл (Most Favoured NationTariff) олгодог. Түүнчлэн, Монгол Улс Канадын Хөнгөлөлтийн Ерөнхий схем (General Preferential Tariff)-д 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хамрагдаж эхэлсэн.