Улс төрийн харилцаа

2024-07-05


Улс төрийн харилцаа

Монгол Улс, Канад Улс ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг эрхэмлэдэг нийтлэг үнэт зүйлтэй, Иж бүрэн түншлэлийн харилцаатай. Канад Улс Хойд Америк дахь манай “гуравдагч хөрш”, чухал түнш орон. 

Монгол Улс, Канад Улс 1973 онд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улс 1998 онд Торонто хотноо Ерөнхий консулын газар, 2001 онд Оттава хотод Элчин сайдын яамаа нээсэн. Элчин сайд Г.Батсүх Монгол Улсаас Канад Улсад томилогдож ажилласан анхны суурин Элчин сайд байв.

Канад Улс 1997 онд Улаанбаатар хотод Өргөмжит консулын газар, 2008 онд Элчин сайдын яамаа нээсэн. Хатагтай Анна Биолик Канад Улсаас Монгол Улсад томилогдож ажилласан анхны суурин Элчин сайд байсан.

Хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, өргөжүүлэх зорилгоор дараах эрх зүйн баримт бичгийг байгуулсан бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүнд:

  • Худалдаа, арилжааны хэлэлцээр (1994)
  • Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ноогдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенц  (2002)
  • Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын гэрээ (2004)
  • Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай  Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр (2016)

Монгол Улс, Канад Улс дараах механизмын хүрээнд яриа хэлэлцээ тогтмол явуулдаг. Үүнд:     

  • Монгол-Канадын дугуй ширээний уулзалт бол хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын механизм юм. Хоёр жил тутамд болдог энэ уулзалт 2003 онд эхэлсэн.
  • ГХЯ хоорондын Гадаад бодлогын зөвлөлдөх уулзалт анх удаагаа 2022 онд Улаанбаатар хотноо болсон.
  • Монгол-Канадын Хөдөө аж ахуйн хамтарсан хороо 2010 онд байгуулагдсан. Хоёр жил тутамд хуралддаг энэ хорооны анхдугаар хуралдаан 2017 онд болсон.
  • Монгол-Канадын Батлан хамгаалах яамд хоорондын дугуй ширээний анхдугаар уулзалт Оттава хотноо 2019 онд болсон. 
  • Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол-Канадын 1.5 сувгийн яриа хэлцээ анх удаагаа 2022 онд Улаанбаатар хотноо болсон.

Хоёр улс НҮБ, ЕАБХАБ мөн АСЕАН-ы Бүс нутгийн форум зэрэг олон талт болон бүс нутгийн хамтын ажиллагааны бүтцийн хүрээнд хамтран ажилладаг бөгөөд энэ хүрээнд ардчиллын боловсрол, хоршооллыг дэмжих, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах болон энхийг сахиулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын санаачилгын хэрэгжүүлэхэд анхаардаг. 

Хөгжлийн хамтын ажиллагаа

Монгол Улсад туслах доноруудын бүлгийн уулзалтад Канад Улс 1993 оноос ажиглагчаар оролцож эхэлсэн. Монгол Улс 1997 онд Канадын Олон улсын хөгжлийн тусламжийг авах улс орнуудын жагсаалтад орсон.

Канадын хөгжлийн хамтын ажиллагаа Монгол Улс шилжилтийг амжилттай даван туулах, сайн засаглалыг бэхжүүлэх, мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан.

Канадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Монгол Улсад 8 сая канад долларын төсөвтэй төсөл хөтөлбөрүүд уур амьсгалын өөрчлөлт ба хөдөө аж ахуй, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, төрийн албаны шинэчлэл болон эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр амжилттай хэрэгжиж байна.

Парламентын харилцаа

Монгол Улс, Канад Улс парламентын ардчилалтай орнуудын хувьд хоёр талын  харилцааны нэг гол тулгуур нь хууль тогтоох байгууллагууд, хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагаа юм.

Монгол Улсын Их хурлын дарга Канад Улсад 2 удаа (1998, 2013), Канадын Парламентын Сенатын танхимын дарга Монгол Улсад 2 удаа (2003, 2022), Нийтийн танхимын дарга мөн 2 удаа (2006, 2016) тус тус айлчилсан.

Монгол Улсын Их хуралд Монгол-Канадын парламентын бүлэг идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Сенатын гишүүн Жозеф A.Дэй-н санаачилгаар Канад Улсын парламентад 2003 онд анх удаа Канад-Монголын Парламентын бүлэг байгуулагдсан нь эдүгээ хүртэл идэвхтэй ажиллаж байна. Канад-Монголын Парламентын бүлэгт өнөөдрийн байдлаар Сенатын танхимын 12 гишүүн, Нийтийн танхимын 7 гишүүн багтдаг.

Батлан хамгаалахын харилцаа

Хоёр улсын хооронд батлан хамгаалахын харилцаа 1996 оноос эхлэлтэй бөгөөд цэргийн атташе харилцан томилдог. Батлан хамгаалах яамд хоорондын дугуй ширээний уулзалтыг 2019 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулж байна.  

Манай 300 гаруй цэргийн албан хаагчид  1999 оноос хойш Канад Улсад команд штабын болон хэлний багш нарыг бэлтгэх сургалтад хамрагдсан нь Монгол Улсын зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, ялангуяа энхийг сахиулах ажиллагаанд оролцох бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр оруулсан.

Канадын цэргийн албан хаагчид “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуульд тогтмол оролцдог.

Хоёр улс энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн Эмэгтэйчүүд энх тайван, аюулгүй байдал санаачилгыг урагшлуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.