Монгол-Канадын харилцаа
2023-04-13
Монгол Улс, Канад Улсын хооронд 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улс 1990 онд ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмд шилжсэнээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, өргөжин гүнзгийрсэн. Хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуульт ёсыг дээдлэх нийтлэг үнэт зүйлсийг хуваалцдаг.
Монгол Улс Канад Улсыг “гуравдагч хөрш”, Хойд Америк дахь стратегийн түнш орон хэмээн үзэж, Канадтай хөгжүүлж буй харилцаа хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдөг.
Дипломат төлөөлөгчийн газар:
Монгол Улс 1998 онд Торонто хотноо Ерөнхий консулын газраа анх нээж, 2001 онд Канадын нийслэл Оттава хотноо Элчин сайдын яамаа нээсэн. Одоо Канадын Альберта, Квэбэк, Бритиш Колумби, Онтарио мужуудад Монгол Улсын Өргөмжит консул тус тус ажиллаж байна.
Элчин сайд Г.Батсүх (2001-2005), Д.Готов (2005-2009), Т.Залаа-Уул (2009-2013), Р.Алтангэрэл (2013-2017), Я.Ариунболд (2019-2023) нар ажиллаж байсан. Элчин сайд Э.Сарантогос 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр онд Канад Улсын Амбан захирагч Мэри Саймонд итгэмжлэх жуух бичгээ барьсан.
Канад Улс 1997 онд Монгол Улсад Өргөмжит консул томилон ажиллуулж байгаад 2008 онд Улаанбаатар хотноо Худалдааны төлөөлөгчийн газар болгон өргөжүүлж, 2008 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн. Элчин сайд А.Биолик (2008-2010), Г.Голдхөүк (2010-2014), Э.Жэйгер (2015-2017), Д.Спрул (2017-2019), К.Ивкоф (2019-2023) нар Монгол Улсад ажиллаж байсан. Элчин сайд Cандра Шуфани 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барьсан.