Хөгжлийн хамтын ажиллагаа
2024-08-12
- Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1994 онд Канад Улсад, Канад Улсын Сенатын танхимын дарга Ж.Молгат 1997 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнд Канад Улс албан ёсоор хандивлагч орон болж, манай улс тус улсын Засгийн газраас олгодог хөгжлийн тусламжид хамрагдах нөхцөл бүрдсэн.
- Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд 1998 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хооронд Монгол-Канадын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Солилцох захидал”-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан. Ингэснээр "Канадын сан"-гаас богино хугацааны үр нөлөөтэй жижиг хэмжээний төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн.
- Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Ж.Реганы Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “Хөгжлийн туслалцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Канад улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж, хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тавигдсан.
- Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн тусламжийн хөтөлбөр нь жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх, төрийн албаны чадавхыг нэмэгдүүлж, мэргэжлийн төрийн албыг төлөвшүүлэхзэрэг олон чиглэлд хэрэгжиж ирсэн.
- Канадын албан ёсны эх сурвалжид дурдсанаар тус улс 2001-2021 оны хооронд нийт 133 орчим сая кан.долларын хөгжлийн тусламжийг хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд манай улсад олгосон байна.
- Канадын Засгийн газраас "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх - ЭККО-ФАРМ" төслийг хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 4 дүгээр сард эхлүүлсэн. Уг төслийг 5 жилийн хугацаанд Хангайн бүсийн Булган, Хөвсгөл, тал хээрийн бүсийн Сүхбаатар, Дорнод аймгийн 4 суманд хэрэгжүүлнэ.
ЭККО-ФАРМ төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон ухаалаг хөдөө аж ахуй, байгаль орчинд түшиглэсэн шийдлүүд, биологийн олон янз байдлыг хамгаалах аргачлалыг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой болно.
Төслийг хэрэгжүүлэгч "Алинеа Интернейшнл" нь 1994 оноос хойш манай улсад хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт, малчдын амьжиргааг дэмжих, орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр 20 гаруй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байгууллага юм.
Канад Улс "Албан ёсны тусламжийн хяналт, хариуцлагын тухай хууль", "Канадын феминист олон улсын тусламжийн бодлого"-д туссаны дагуу хөгжлийн албан ёсны тусламжийг өөрийн үнэт зүйлс, гадаад бодлого, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан 1) Жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах, 2) Хүний суурь эрх, эрх чөлөөг хангах, 3) Хүн бүрт хүртээмжтэй өсөлтийг хангах, 4) Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, 5) Оролцоотой засаглалыг дэмжих болон 6) Энх тайван, аюулгүй байдлыг хангах гэсэн 6 үндсэн чиглэлээр хэрэгжүүлдэг.
Канадын албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжсэн төслүүд:
- Институцийн өөрчлөлтийн замаар эрдсийн менежментийг сайжруулах (MERIT - Enhancing Resource management through Institutional Transformation) - МЕРИТ төслийг холбогдох төрийн байгууллагууд, мөн Төв, Сүхбаатар, Дорнод, Дундговь аймгийн орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2016-2023 онд 16.9 сая кан.долларын санхүүжилттэй хэрэгжүүлсэн. Уг төсөл 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хаалтаа хийсэн ба төслийн хүрээнд зохион байгуулсан сургалт, менторшип, зөвлөх үйлчилгээнд 21 мянга гаруй төрийн албан хаагч, орон нутгийн 4,318 иргэд хамрагдсан. Төслийг хэрэгжүүлснээр олборлох салбарын байгууллагуудын жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах, үр дүнтэй удирдах мэдлэг, чадавх нэмэгдэж, орон нутгийн ЖДҮ-ийн орлого төслийн хугацаанд 20 дахин нэмэгдсэн зэрэг тодорхой үр дүн гарсан.
- Монголын эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь (WEE - Women's Economic Empowerment in Mongolia ) - Азийн Сангаас Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020 оноос 2024 оны 3 дугаар сарын хооронд 3.2 сая кан.долларын санхүүжилттэй хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа ахиулах, хөгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн. Төслийн хүрээнд КОВИД-19 цар тахлын үеэр ЖДҮ эрхлэгчдэд яаралтай тусламжийн тэтгэлэг олгож, цар тахлын нөлөөллийн үнэлгээ хийсэн ба Жэндэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын 2022-2031 оны стратеги төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн.
- Иргэн төвтэй, мэргэжлийн төрийн албыг төлөвшүүлэх (Towards a professional and Citizen-centered Civil Service) - Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран Канадын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр 2018-2023 онд хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь төрийн албаны шинэтгэлийн гол зорилго болох мерит зарчимд суурилсан тогтвортой, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэхэд чиглэсэн. Төслийн хүрээнд төрийн албаны тухай хуулийн (2017) хэрэгжилтэд хяналт тавих, хүний нөөцийн үйл ажиллагааг хянах 12 журмыг боловсруулах, төрийн албаны ёс зүйн зөвлөл, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан цуврал сургалтыг зохион байгуулах, эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр зэрэг олон санаачилга хэрэгжүүлсэн нь хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгоход эерэг нөлөө үзүүлсэн. Төслийн нийт өртөг нь 7 сая кан. доллар.
- Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээг сайжруулах нь (Strengthening the Response to Gender-Based Violence in Mongolia) - Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага(IDLO)-аас 2018-2022 онд хэрэгжүүлсэн уг төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх анхан шатны эрх зүйн зөвлөгөө, туслалцааг сайжруулах, тэдний ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг авах хариу арга хэмжээг сайжруулахад чиглэсэн. Төслийг хэрэгжүүлснээр хохирогч төвтэй үйлчилгээний зарчмын хэрэгжилт, мөн шүүхийн тогтолцоонд хохирогч төвтэй үйлчилгээний зарчмыг хэрхэн мөрдөж буй талаар тус тус илтгэл гарсан. Төслийн нийт өртөг нь 3.2 сая кан. доллар.
- Шүүх салбарын техникийн туслалцааны төсөл (Capacity Building Assistance to the Judiciary of Mongolia) - Шүүхийн ерөнхий зөвлөл нь Канад Улсын техникийн туслалцааны түншлэлийн хүрээнд шүүгчийн ёс зүйн зөвлөх хөтөчтэй болох, ёс зүйн зөвлөх хорооны үйл ажиллагааг төлөвшүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, мэдээллээр хангах оновчтой арга зүйг нэвтрүүлэхэд чиглэсэн уг төсөл 2022 оны 9 дүгээр сараас 2024 оны 6 дугаар сарын хооронд туршилтын журмаар хэрэгжсэн. Төслийн нийт өртөг нь 350,000 кан. доллар. Төслийг цааш үргэлжлүүлэх асуудлыг судалж байна.