Гленкор группийн Зэс боловсруулах үйлдвэртэй танилцав
Элчин Сайд Я.Ариунболд Канадын Монтреаль хот дахь Гленкор групын Зэс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг зэс боловсруулах үйлдвэр нь 1931 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, одоо жилд 325 мянган тонн зэс боловсруулдаг дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг юм. Гленкор группийн Хорн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрт боловсруулсан 99 хувийн анодын зэсийг электролитийн аргаар цэвэршүүлж 99.995 хувийн катодын зэс, мөн алт, мөнгө, бусад металл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн Элчин Сайд Канадын NEXANS компанийн үйлдвэртэй танилцлаа. Уг үйлдвэр нь катодын зэс болон хаягдал зэс ялтсыг боловсруулж, цагт 50 тонн зэс утас, кабель үйлдвэрлэж, Хойд америкийн зах зээлийн 14 хувийг хангадаг дэлхийд томоохонд тооцогдох үйлдвэрийн нэг юм. Талууд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад орчин үеийн шийдэл, технологийн талаар болон хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.