images

Монголын төлөөлөгчид Канадын газар тариалангийн үзэсгэлэнд оролцож байна

Элчин сайдын яамны мэдээ

2023-06-21

211

Элчин сайд Я.Ариунболд 2023 оны 6 дугаар сарын 19-21-ний өдөр Канад Улсын Саскачеван мужид ажиллав. Тэрбээр Рижайна хотод энэ сарын 20-23-ны өдөр зохион байгуулагдаж буй Канадын газар тариалангийн үзэсгэлэн (Farm Show 2023)-д оролцож, мөн үзэсгэлэнд манай улсаас оролцож буй ХХААХҮЯ-ны ХААҮГ-ын дарга Л.Болормаа, 7 фермерийн хамт тус мужийн Хөдөө аж ахуйн яамны Олон улсын харилцааны газрын захирал С. Норгэйт, Худалдаа, нэмэгдсэн өртгийн газрын гүйцэтгэх захирал Ж.Кеттел, Худалдаа, экспортын хөгжлийн яамны Олон улсын харилцааны газрын гүйцэтгэх захирал Ш.Патрик, Саскачеваны Худалдаа, экспортын түншлэлийн байгууллагын дарга К.Деккер нартай албаны уулзалт хийв. Канадын тал Саскачеван мужийн хөдөө аж ахуйн салбарын хөгжил, өнөөгийн байдал, түүний дотор хөрс хөндөхгүй тариалан, усалгаа, экспортын талаар танилцуулж, хоёр талын худалдаа, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Манай төлөөлөгчид мөн Саскачеван мужийн Хөдөө аж ахуйн сайд Дэвид Марит, Худалдаа, экспортын дэд сайд Ж.Банкс, Режайна хотын дарга С.Мастерс, Farm Show-ны ерөнхийлөгч Т.Рэйдтэй ёслолын уулзалт хийснээс гадна Канадын Ургамлын генийн нөөцийн газрын эрдэмтэн судлаач нартай уулзаж Канадын үрийн банкны журам, судалгаа хөгжүүлэлт, Монгол руу экспортлох асуудлаар хэлэлцэж, Тал хээрийн хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмжийн хүрээлэнгийн захирал Л.Григертэй уулзаж хөдөө аж ахуйн орчин үеийн технологи, машин тоног төхөөрөмжийг Монголд оруулах талаар санал солилцов.