images

ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-09-26

354

Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 25-ны өдөр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт Итгэмжлэх захидлаа гардуулав.

Монгол Улс 1989 онд ОУИНБ-ын гишүүнээр элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Энэ онд манай улс тус байгууллагын Нийтийн түлхүүрийн санд нэгдэж, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколуудыг соёрхон баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэрхэлсэн үгэндээ ОУИНБ-ын Ассамблейн 41 дэх удаагийн чуулганаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын агаарын тээврийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичгийг баталсныг онцгойлон танилцуулсныг Байнгын төлөөлөгч Э.Сарантогос дурдав. Мөн цаашид энэ чиглэлд далайд гарцгүй улс орнууд ОУИНБ-тай нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

ОУИНБ-ын Өндөр түвшний төлөөлөгчдийг ирэх онд Монгол Улсад хүлээн авахад бэлэн байгаагаа мөн тэмдэглэв.

Итгэмжлэх захидал гардуулахад ОУИНБ-ын Эрх зүй, гадаад хамтын ажиллагааны газрын захирал М.Гилл, ЭСЯ-ны зөвлөх А.Ариун нар байлцав.


тагууд: MongoliaCanada