№2 Элчин сайдын дурсамж
Монгол, Канадын харилцааг хөгжүүлэх олон зүйл шалтгаан бий
Миний бие 1995 онд Вашингтонд Элчин сайдаар томилогдоод ажиллаж байтал Канад Улсыг хавсран ажиллах чиглэл төвөөс ирлээ. Авсан удирдамжийн дагуу айлын талтай тохиролцоод Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгээ барих, холбогдох албаны хүмүүстэй яриа хэлэлцээ хийх зорилгоор Оттава хотноо эдийн засгийн зөвлөх Х.Наранхүү, консул Г.Лхагвадорж нарын хамт 1996 оны эхээр хүрэлцэн очсон юм. Очсоны дараахан ИЖБ-ийнхээ хувийг тогтносон дэг журмын дагуу Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны яамны Ёслолын хэлтсийн орлогч дарга ноён В.Баудэнд гардууллаа. Тэрээр Канад Улсын тухай, Оттава хотын талаар товчхон танилцуулсны дараа Амбан захирагчид ИЖБ-гээ барих ёслолын журмыг нэг бүрчлэн ярьж танилцуулаад, бидний зүгээс асууж лавласан зүйлст хариу өгөөд уулзалтын төгсгөлд Оттавад ажиллах өдрүүдийн урьдчилсан хөтөлбөрийг танилцуулж бидний санал хүсэлтийг сонирхсон юм.
Ийнхүү 1996 оны нэгдүгээр сарын 24-нд Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Ромео ЛеБлан-д Итгэмжлэх жуух бичгээ гардуулж найрсагаар ярилцсан минь санаанд тод үлджээ.
Канад Улс нь Их Британы Хамтын нөхөрлөлд багтдаг тул Амбан захирагч нь Их Британы хаант улсын Төрийн тэргүүний төлөөний хүн байдаг уламжлалтай. Элчин сайд Амбан захирагч нар харилцан үг хэлж, албан ёсны үгээ солилцов. Үүний дараа найрсагаар ярилцсан юм. ИЖБ барих журам, ёслолын дэг жаяг нь АНУ-ынхтай харьцуулбаас илүү ёсорхог, Англи маягтай байсан. Хувцасны өнгө, зүүх зангианы хээг хүртэл зааж, урдаас хэлж сануулдаг юм билээ. Харин америкчууд бол ер нь л прагматик улс тул манайх шиг цэрэг цуух жагсаж угтдаггүй. Элчин сайдын гэргий хүүхдийг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ажлын Зуйван танхимд хамт оруулж тэр л өрөөндөө ИЖБ-г хүлээн авдаг юм. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн үүдэн дэх хүлээлгийн өрөөнд Билл Клинтоны шоколад зүсмийн Лабрадор үүлдрийн нохой нь хэвтэж байсан. Манай 5 настай охин тэр нохойтой нь тоглоод л. Америкчууд их ажил хэрэгч боловч тун энгийн найрсаг улс л даа.
Монгол Улс, Канад Улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эерэгээр нөлөөлж болох зарим хүчин зүйлс байгааг Амбан захирагчтай болон парламент, гадаад харилцааны холбогдох албаны хийгээд бизнесийн төлөөлөлтэй хийсэн уулзалт, яриа хэлэлцээнээс тодорхой харагдсан бөгөөд хоёр тал олон зүйлээр харилцан ойлголцолд хүрч байсныг санаж байна.
Нэгдүгээрт, манай хоёр улс хэдийбээр бөмбөрцгийн хоёр талд оршдог ч гэлээ үндсэндээ нэгэн өргөрөгт байдаг тул байгал цаг агаарын ижил төстэй, эрс тэс голдуу хүйтэн сэрүүн уур амьсгалтай байдаг. Энэ нь Монгол, Канадын бизнес эрхлэгчид бие биенээс харилцан суралцаж үр бүтээлтэй хамтран ажиллах нэг учир шалтгаан байж болох юм гэсэн ижил бодолтой байсан. Монголд ч тэр, Канадад ч тэр ихэнх нутгийн нь хойд зүгээс салхилах тул жижиг оврын байшин барилга нь ар талдаа голдуу цонхгүй, ер нь цонх жижигтэй, барилгад мод, шатаасан тоосго мэт дулаан чанартай материал ашиглах нь адил төстэй юм билээ. Энэхүү нийтлэг зүйлс хамтын ажиллагааны нэг үндэс болж одоо Канадын барилгын технологи манай оронд дэлгэрч хамтын ажиллагаа хөгжиж байгаа ажээ.
Манай хоёр улс цаа бугатай, цаатан ардын аж ахуй соёлыг мэддэгийн хувьд бас нэгэн төрөл нийтлэг сонирхол байгаа нь ажиглагдсан бөгөөд Канад нөхөд санаачлага гарган Монголын цаа буга санд 17 сая төгрөгийн хандив оруулж байсан юм.
Цаг агаарын хүнд, хүйтэн нөхцөл байдлаас улбаатай нэгэн сонин, зарим нэгэнд бол инээдтэй шахам сэдвийг Канадын амбан захирагч бид хоёр ярилцсан юм. Тэр сэдвийг Амбан захирагч Ромео ЛеБлан гуай өөрөө л эхлэж хөндсөн хэрэг. Тэрээр “ заа өнөөдрийн энэ уулзалтанд дандаа эрчүүд оролцож байгаа тул би инээдтэй ч юм шиг нэг сэдвийг тантай ярилцъю гэж бодлоо” гэдэг юм. Манай зөвлөх Халзхүүгийн Наранхүү бид хоёр бие бие рүүгээ гайхах мэт харснаа Амбан захирагч юу ярихыг нь хүлээтэл “ Элчин сайд та бухны төмсөг мэдэх үү? “ гэлээ. Би “ мэдэлгүй яахав. Манай Монгол чинь мал аж ахуйтай. Олон сая үхэр малтай шүү дээ” гэлээ. Амбан захирагч “ Та бид хоёр саяхан улс төр, гадаад харилцаа, танай улсын гуравдах хөршийн бодлого, Парламент хоорондын харилцаа, худалдаа эдийн засаг, хоёр талын бизнесүүдийн хамтын ажиллагаа гээд олон сэдвээр тухтай ярилцлаа. Харин миний одоо ярих сэдэв бол бизнэсмен хүний овсгооны тухай асуудал байгаа юм” гэхэд нь “ тэгээд тэр овсгоо гэдэгтэй нь бухны төмсөг яаж холбогдох юм бол доо гэсэн шүү” л юм бодож байтал тэрээр: “ Манай Канадад чинь зарим жил маш хүйтэн өвөл болдог юм. Нэг жил тун их хүйтрээд зарим нэг мужид бухны төмсөг хөлдөөд аюул болсон юм. Бухны төмсөг хөлдөнөө гэдэг бол нөгөө олон мянган долларын үнэтэй бух нь үхнээ л гэсэн үг. Энэ явдал бол фермер хүний бизнес дампуурч байгаа хэрэг. Тийм биз дээ? Танай Монголд тэгэж хүйтэрдэг үү?” гэлээ. Хариуд нь: “ Хүйтрэхийн хувьд бол ч их хүйтэрнээ. Гэхдээ бухны төмсөг хөлдсөн гэж би л лав сонсоогүй юм байна. Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай болохоор үхэр мал нь их өлчир байдаг ч байж болох юм. Ер нь их хүйтэнд бух хэвтээд босч өгдөггүй юм шүү. Тэр ч бас учиртай байх нь” гэтэл Амбан захирагч нүд нь сэргээд: “ заа эндээс л бизнесмены овсгоо гэдэг юм гарсан даа. Манай нэг Канад эр маш чухал, хямдхан гар аргаар хийсэн атлаа их үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж баяжсан юм. Юу гээч. Тэрээр бухны хуухнагыг нь хүйтнээс хамгаалах зорилгоор үс ноос, эсгийгээр урласан, углаад уячихдаг нэг ёсны дулаахан хөнгөхөн уут хийсэн нь тэр дороо борлогдож олноор зарагдаж өргөн хэрэгцээний бараа болсон юм. Энэ л бизнесмены овсгоо, бизнесийн орон зай юм даа” гэсэн сонирхолтой яриа болж билээ.
Хоёрдугаарт, Монгол, Канад хоёр улс газарзүйн байршлын хувьд хоёулаа дэлхийн бодлогод ихээхэн нөлөөтэй их гүрнүүдийн хооронд орших тул Монгол Улс Хятад, Оростой, Канад Улс Орос, Америктай харилцахдаа ихээхэн анхаардаг, энэ нь геополитикийн учир шалтгаантай байдаг, тэгээд ч том гүрнүүдтэй хил залгаа аж төрөхийн зовлон жаргалыг тун адилхан мэдэрдэг, мэддэг тухайгаа ярилцаж бие биенээ амархан ойлголцож байсан юм. Энэ чиглэлээр хоёр тал санал солилцон хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэж байлаа. Одоо бол энэхүү чухал чиглэлээр хоёр тал янз бүрийн шугамаар санал бодлоо солилцох, яриа хэлэлцээ хийх хамтын ажиллагаа ихээхэн өргөжсөн байна.
Гуравдугаарт, нэгэнт бие биенээс алс хол оршин байгаагийн дээр байнгын ажиллагаатай ЭСЯ-даа харилцан нээж амжаагүй байгаа нөхцөлд хамтын ажиллагааны илүү хялбаршуулсан хэлбэрүүдийг сонгож хэрэгжүүлэхийг хоёр тал дэмжин ажилласан юм. Тухайлбал, Өргөмжит консулын газар нээж ажиллуулах боломж байх талаар ярилцаж хэрэгжүүлсэн юм. Миний бие Гадаад харилцааны яаманд 1990-ээд оны эхний хагаст Тэргүүн дэд сайдын алба хашиж байхдаа Консулын газрын чиглэлийг хариуцан ажилладаг байв. Эл үүргийнхээ дагуу Монгол Улсын анхны Өргөмжит консулын газрыг Хонконг хотноо нээж байсан, дараа нь Монголчууд олноор аж төрөх болсон, эсвэл Монголтой ажил хэрэг бизнесийн харилцаа холбоотой Америкийн компаниуд, америкчүүд нэлээд байдаг Техас, Колорадо, Калифорни муж улсуудад Өргөмжит консулын газрууд нээж ажиллуулсан (Аустин хотноо Америкийн иргэн Эд Стори, Денвер хотноо Жеймс Вагенландер, Сан Франциско хотноо Ричард Блам нарыг тус тус тохоон томилуулсан) зэрэг зарим нэг туршлагатайн хувьд хавсран сууж байсан Канад Улсад ч ийм Өргөмжит консулын газрууд нээсэн. Канад Улс дахь Монгол Улсын анхны Өргөмжит консулын газрыг Квэбек мужийн Монреал хотноо нээсэн. Энэ ажлаар ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Я.Батсуурь бид хоёр хүрэлцэн очиж ӨКГ-аа нээж манай улсын Өргөмжит консул хатагтай Кристина Ромерод Эрхийн бичгийг нь гардуулж байлаа. Улс хоорондын харилцааны уламжлалт энэ хэлбэр бол манай мэт санхүүгийн боломж хомс улсад бүр ч тохиромжтой байдаг. Учир нь Өргөмжит консулаар томилогдсон эрхмүүд бүхий л зардлаа өөрсдөө хариуцдаг олон улсын харилцаанд хэвшил болсон журамтай. Үндсэндээ нэгэн төрлийн лобби гэсэн үг. Ийм үйл ажиллагаа уламжлал болжээ. Одоо манай улсын Өргөмжит консулын газар Канадын Альберта, Квэбэк, Бритиш Колумбиа, Онтарио мужуудад тус тус ажиллаж байна.
Канад Улс 1997 онд Монгол Улсад Өргөмжит консул томилон ажиллуулж байгаад 2008 онд Худалдааны төлөөлөгчийн газар болгон өргөжүүлж, улмаар 2010 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээн ажиллуулсан билээ.
Манай улс 1998 онд Торонто хотноо Ерөнхий консулын газраа анх нээж, Токио, Вашингтон, Шинэ Дели хотноо ажилласан, гадаад олон хэлний мэдлэгтэй, туршлагатай дипломат Д.Сандаг Ерөнхий консулаар, мэргэжлийн дипломат Б.Ганбат консулаар тус тус томилогдсон нь хавсран суугаа манай ЭСЯ-ны ажлыг эрс хөнгөвчилж, хамтын ажиллагааны олон асуудал шуурхай хэрэгжиж эхэлсэн билээ. ЭСЯ ЕКГ хоёр байнга, идэвхитэй хамтран ажиллаж үйл ажиллагаагаа уялдуулдаг байсан.
Дөрөвдүгээрт, хоёр талын оролцоо бүхий Бизнесийн зөвлөлийг байгуулж ажиллуулах нь чухал гэдэгтэй талууд санал нэгтэй байсан юм. Энэхүү хамтын ажиллагааны чухал хэлбэрийг хэрхэн олох гарцыг хайж эхэлсэн. Нэгэн зүйл гаргалгаа байж болох талаар манай тал санал лэвшүүлсэн юм. Учир нь Монгол Америкийн Бизнесийн Зөвлөл хэмээх байгууллага хоёр орны харилцааны эдийн засаг нийгмийн салбарт ихээхэн санаачлага, үүрэгтэй ажилладаг байсан. Жил бүр Улаанбаатар Вашингтонд ээлжлэн уулзалт зохион байгуулж хамтран ажилладаг байв.
Хөрөнгө оруулагчид, ялангуяа Канад Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхох болсныг бодолцон Монгол-Америкийн Бизнесийн зөвлөлийг өргөтгөн, хамтын ажиллагааны энэ хэлбэрт ялангуяа Канадын компани, бизнес эрхлэгчдийг оролцуулах үүднээс Хойд Америк Монголын Бизнесийн зөвлөл хэмээн нэрлэх талаар Америк нөхөдтэй тохиролцсон нь оновчтой алхам болсон юм. Одоо ч ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ХАМБЗ үргэлжлүүлсээр байгаа нь таатай санагддаг.
Тавдугаарт, өөрийн улс орныг нэгэн цаг үед бүрэн эрхтэйгээр төлөөлөн ажиллаж байгаа хоёр улсын Элчин сайд нар үр бүтээлтэйгээр хамтран ажиллаж, бие биенийхээ үүсгэл санаачилгыг дэмжиж байх нь их чухал байдаг. Энэ тухайд манай хоёр улсын харилцааны түүхэнд анхнаасаа сайхан уламжлал тогтсон юм. Хожмоо Элчин сайд Г.Батсүх, Д.Готов, Т.Залаа-Уул, Р.Алтангэрэл, Я.Ариунболд нарын үед улам бүр гүнзгийрсэн юм билээ. Хойд Америк Монголын Бизнесийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмждэг ноён Г.Гөүлдхок манай улсад суух элчин сайдаар олон жил ажилласныг санаж байна.
Хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, зах зээлийн шинэ нөхцөлд бодитойгоор өргөжих зам дөнгөж л нээгдэж байсан болохоор ихэнх салбарт эхлэлийн байдалтай байсан. Хоёр улсын парламент хоорондын хэлхээ холбоог хөгжүүлэх, Канад Улсыг хандивлагч орнуудын хурал уулзалтад оролцуулах, СИДА-гаас тусламж хүртэх арга замыг нээх, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг энэ улсаас урин залах, энэ чиглэлээр мэргэжилтнүүд сургаж бэлтгэх хамтын ажиллагааг эхлүүлэх, уул уурхайн салбарт Канад улсын олсон амжилт, хөгжингүй технологийн дэвшлээс суралцах, их дээд сургуулиудын хооронд ажил хэрэгч харилцаа тогтоох, оюутан сургах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах, давхар татвараас чөлөөлөх, эх орноо сурталчлан таниулах, хөдөө аж ахуй, батлан хамгаалах зэрэг салбарт хамтран ажиллах, жуулчдыг татах, цахим харилцаа холбоог юуны өмнө хөгжүүлэн өргөтгөх зэрэг олон асуудлыг анхаарч ажилладаг байсан санагдана.
Ер нь Канад орон бол нэн үзэсгэлэнтэй, асар их өргөн уудам нутагтай, байгалын арвин баялагтай, олон үндэстний соёл иргэншилтэй, хүн ард нь найрсаг, хөгжлийн өндөр түвшинд хүрсэн тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд улам бүр хөгжин дэвжих бүх л өгөгдөл бүхий сайхан орон юм билээ. Монгол, Канадын хооронд найрсаг харилцаа, үр бүтээлтэй хамтын ажиллагаа хөгжих, хөгжүүлэх олон зүйлийн учир шалтгаан байгаа гэж би боддог. Тийм ч ирээдүй байгаа нь өнгөрсөн хэдэн арван жилийн чамлалтгүй туршлагаас бэлхнээ харагдаж байна.
Манай улс 2001 онд Оттава хотноо байнгын Элчин сайдын яамаа нээх хүртэл таван жил гаруй хугацаанд дэлхийн хамгийн хөгжингүй эхний 10 улсын нэг болох, Монгол Улсын нэгэн найрсаг гуравдахь хөрш болсон Канад Улсыг хавсран сууж байсан Элчин сайдын хувьд хоёр улсын харилцааны түүхт ойн босгон дээр энэхүү үр бүтээлтэй, өргөжин гүнзгийрэх ирээдүйтэй харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлсэн, элдэв чиглэлийг сэдсэн, эрчимжүүлсэн, эдүгээ цагт улам бүр дэвжээн хөгжүүлж яваа олон мянган Монгол, Канад хүмүүст баяр хүргэж, талархлаа дэвшүүлж, амжилт сайн сайхныг ерөөе.
Элчин сайд Жалбуугийн Чойнхор