images

МОНГОЛ УЛСААС КАНАД УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-10-16

430

Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Канад Улсын Амбан захирагч Мэри Саймон-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Амбан захирагч Мэри Саймон Элчин сайд Э.Сарантогосыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бататгахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Амбан захирагч Мэри Саймон хоёр улс ардчилал, хүний эрхийг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй улс орнууд болохыг онцлон тэмдэглээд, Монгол, Канадын хамтын ажиллагааг цаашид олон салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжтойг илэрхийлэв.

Монгол Улс, Канад Улсын хооронд 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.


тагууд: MongoliaCanada