images

Элчин сайдын дурсамж №5

Дипломат харилцааны 50 жил

2023-11-29

441

2005-2009 ОНД КАНАД УЛСАД АЖИЛЛАЖ БАЙСАН ТУХАЙ ДУРСАНМЖ

“Монгол улс нь Канадын тус бүс нутаг дахь гол түнш” Канадын Гадаад хэргийн сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар 2008 онд хийсэн мэдэгдлээс.

Миний бие 2005 оны 9 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарыг дуустал Канад улсад Элчин сайдаар ажиллласан. Энэ хугацаанд Монгол, Канадын хооронд “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр дээд хэмжээнд тохиролцсоны дагуу уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, батлан хамгаалахын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны харилцааг мөн НҮБ, олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд гүнзгийрүүлэх үндсэн зорилт тавин ажиллаж байв.

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, ГХЯ-ны тухайн оны Үйл ажиллагааны төлөвлөгөө, ДТГ-ын Тэргүүн нарын III Зөвлөлгөөний Зөвлөмж, түүний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, ЭСЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөө, Үр дүнгийн гэрээний зорилтууд, ЭСЯ-ны тухайн оны тайлангийн хариу болон цаг үеийн асуудлаар төвөөс ирүүлсэн үүрэг чиглэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байв.

Тус хоёр оронд байдаг цаг агаар, өргөн уудам нутаг, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбар эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг, хоёул том хөрштэй зэрэг адил төстэй хүчин зүйлс харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцан суралцахад эерэгээр нөлөөлнө гэж үзэж, үүнийг иш үндэс болгон ажилласан билээ.

2008 онд Монгол-Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиосон нь завшаантай үйл явдал болсон. Ойг тохиолдуулан манай Гадаад харилцааны сайдаас Канадын Гадаад хэргийн сайдад илгээлт ирүүлж дээрх мэдэгдлийг хийсэн билээ. Мөн Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны 10-р сард гарын үсэг зурсан нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Энэ хугацаанд Канадын засгийн газар гурвантаа солигдож, манайд ч бас хэд хэдэн засгийн газар өөрчлөгдсөн, дэлхийн эдийн засгийн хямрал газар сайгүй хүчтэй нөлөөлсөн, Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ олон жилээр сунжирсан зэрэг нь тохирч төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэхэд зарим талаар бэрхшээлтэй байсан ч анх тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийг эрмэлзэн ажиллаж чамлахааргүй үр дүнд хүрсэнийг юуны өмнө тэмдэглэн хэлмээр байна.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хийсэн ажлыг салбар, чиглэлээр товч танилцуулбал:  

Нэг. Улс терийн харилцаа

2005 оны 6 дугаар сард болсон Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын тангараг өргөх ёслолд Монгол-Канадын найрамдлын бүлгийн дарга, Сенатч Ж.Дей Канадын төр, засгийг төлөөлөн оролцсон. Тэрбээр буцаж ирсэн даруйдаа Сенатдаа манай улсын тухай тусгай мэдэгдэл хийж, Монголыг дэмжихийг уриалсан. Миний бие Канадад хийсэн анхны уулзалтаа Сенатор Ж.Дэйгээс эхэлж, байнга зөвлөлдөж, түүнийг Монголыг дэмжигч лобби болгон, нягт харилцаатай ажиллаж ирснээ юуны өмнө тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу.

Канадын талаас хэд хэдэн айлчлалыг зохион байгуулахад айлын холбогдох албаны хүмүүстэй хамтран ажилласан. Тухайлбал, Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны Департаментын Стратеги, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Эндрю Фаган Хойд Азийн орнуудад хийсэн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсад 2008 оны 11 дүгээр сарын 12-16-нд айлчлилсан юм.

Монгол-Канадын Дугуй ширээний зөвлөлдөх уулзалт нь хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ирсэн гол суваг байсан.Элчин сайдаар ажилласан хугацаанд дугуй ширээний уулзалтыг 2 удаа зохион байгуулж, оролцсон. Тухайлбал, Дугуй ширээний гурав дахь уулзалт 2007 оны 3 дугаар сард Оттава хотноо болсон. Хоёр тал Монгол, Канадын харилцааг өргөн хүрээтэй түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд уул уурхай, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, батлан хамгаалах, барилга, эрчим хүч, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон. Канадын тал Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо нотолж, манай улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК-ын гишүүн болох, Оттавагийн конвенцид нэгдэн орох үйл явцад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлснээрээ ач холбогдолтой болсон.

Дугуй ширээний дөрөв дэх зөвлөлдөх уулзалт 2009 оны 4 дүгээр сарын 13-14-нд Улаанбаатар хотноо болсон.  Уулзалтад оролцсон манай төлөөлөгчдийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Канадын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн дэд сайд Леонард Эдвардс тус тус тэргүүлэв. Талууд хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, сайн засаглал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн хоёр тал дээд хэмжээний харилцан айлчлалыг нэмэгдүүлэх, улстөр, эдийн засаг, худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх сонирхлоо харилцан нотлохын зэрэгцээ хамтын ажиллагааг уул уурхайгаас гадна боловсрол, барилга, хөдөө аж ахуй байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх бололцоог эрэлхийлж ажиллахаар тогтов. Энэ удаагийн уулзалтаар хоёр тал НҮБ, олон талт бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа харилцан нотлов.

35 жилийн ойн хүрээнд 11 дүгээр сарын 14-17-нд Ванкувер хотноо “Орчин цагийн Монгол Улс: шилжилт, хөгжил, нийгмийн өөрчлөлтүүд" сэдэвт олон улсын бага хурал болов. Хоёр орны харилцаанд зориулсан тусгай хуралдаан дээр миний бие “Монгол, Канадын харилцаа -35 жилд" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Тус хуралд оролцсон Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны Департаментын Туслах дэд сайд Кен Санкүист, “Монгол Канадын хооронд бие биедээ татагдах нийтлэг эрх ашиг, хэлхээ холбоотой ойртон ажиллах олон сэжүүр байдаг” гээд Канад Улс Монголын “гурав дахь хөршүүдийн” нэг болохын төлөө байдгаа тэмдэглэж байв.

Канадын Засгийн газар Монгол Улсыг Явган цэрэг эсэргүүцэх газрын минийг хориглох тухай Оттавагийн конвенцид нэгдэхийг уриалдаг. Манай улс Оттавагийн конвенцийг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Энэ чиглэлээрх зарим арга хэмжээний хүрээнд газрын минийн тоо хэмжээ, байршлыг төрийн нууцын жагсаалтаас хасч, улмаар сайн дурын үндсэн дээр үндэсний илтгэлээ бэлтгэн холбогдох байгууллагад хүргүүлсэн. Оттавагийн конвенцийг хэрэгжүүлэхэд канадын талаас дорвитой тусламж шаардлагатай байгааг янз бүрийн түвшинд тавьж ирсэн. Гэхдээ энэ асуудал тодорхой шалтгааны улмаас “өөх ч биш, булчирхай ч биш” байдалтай, айлын талаас байнга тавьдаг зүйл тул нэг мөр болгон шийдэх хэрэпгэй байгааг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Монгол-Канадын харилцааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт тусгах санал боловсруулж танилцуулав. Түүнчлэн Монгол, Канадын харилцааны чиглэлээр гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бэлтгэж хүргүүлэв. ЭСЯ үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ тусгаж, энэ хүрээнд салбарын сайд нарын айлчлалыг хэрэгжүүллээ.

Манай улс сүүлийн 15 жил мөрдөж ирсэн гадаад бодлогынхоо үзэл баримтлалын хэрэгжилтийг дүгнэж, шинэчилж байгаа энэ үед Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны яамнаас зохион байгуулсан “Ирээдүйн Гадаад хэргийн яамд” сэдэвт бага хуралд Гадаад харилцааны Дэд сайд Б.Болор оролцсон нь цаг үеэ олсон арга хэмжээ болсон.

Канадын төр, засгийн байгууллагуудтай тогтоосон харилцаа холбоогоо бэхжүүлэх талаар тогтмол анхаарч ажиллав. Канадын ГХОУХД-ын Хойд Азийн товчооны Ерөнхий захиралтай тогтмол хугацаанд уулзаж, тухайн онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцож ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд Канадын Сенатын гишүүн хатагтай А.Андрейчук оролцов.

Парламент хоорондын харилцаа: Канадын Парламентад Канад- Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулагдсан нь Канадын төр, засгийн газарт Монгол Улсыг ойлгуулах, дэмжих лобби үүсэхэд чухал алхам болсон. 

2006 онд Канадын парламентын Нийтийн танхимын спикер Питер Милликенийг Монголд албан ёсоор айлчлуулах ажлыг зохион байгуулсан. 2007 оны 12 дугаар сард УИХ-ын дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсад албан ёсоор айлчилсан нь хоёр орны хоорондын улс төрийн харилцааны хүрсэн түвшинг бататгах, Парламент хоорондын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болов.

Манай төлөөлөгчид Канадын парламентын Сенатын танхимын спикер Ноэл Кинселла, парламентын Нийтийн танхимын спикер Питер Милликен, парламентын гишүүн, Авилгатай тэмцэх дэлхийн парламентчдын байгууллагын тэргүүн Жон Вильям, Олон Улсын Парламентын Холбооны Канадын бүлгийн ахлагч, Сенатын гишүүн Доналд Оливер, парламентын гишүүн, Олон улсын худалдааны сайд Давид Эмерсон, Гадаад хэргийн асуудал эрхэлсэн парламентын нарийн бичгийн дарга Дипак Обрай болон парламент дахь Канад- Монголын найрамдлын бүлгийн гишүүд, Онтарио мужийн парламентын спикер Стив Петерс нартай албаны уулзалтууд хийж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

УИХ-ын дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчдийн айлчлал нь хоёр орны хоорондын өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа парламент хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, туршлага судлах аятай боломж олгосон билээ.

УИХ дахь Монгол, Канадын парламентийн бүлгийн төлөөлөгчдийг Канадад айлчлуулсан. Үүний дүнд Канадын Парламентад УИХ-ын Тамгын газрын ажилтнууд дадлага хийх, туршлага судлах сургалтад хамрагдаж байсан. Канадын тал Ардчиллын төлөөх Ази, Номхон далайн түншлэлийн санаачлагын хүрээнд 2008 онд манай Их хурлын сонгуулийг ажигласан болно.

Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа: Манай цэргийн албан хаагчид Канадын “Цэргийн сургалтын тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Канадын зардлаар хэлний болон энхийг сахиулах чиглэлийн сургалтад хамрагдаж байсан. Хөтөлбөрийн хүрээнд команд-штабын болон англи хэлний дамжаанд 2005 онд 15 цэргийн албан хаагч, 2006 онд 15, 2007-2008 онд 50 шахам албан хаагч хамрагдсан. 2007 онд уг хөтөлбөрийн захирал Эндрю Расилиусыг Монголд айлчлуулсан. Тэр үед 8 цэргийн албан хаагч англи хэлний 6 сарын сургалтад, 1 дунд тушаалын офицер 10 сарын мэргэжлийн сургалтад хамрагдаж байсан болно.

Батлан хамгаалахын атташе, хурандаа Ж. Мэндээ, Д.Баярсайханы нар Оттавад ирж итгэмжлэлээ авах ажлыг тухай бүр зохион байгуулж, ёслолд нь оролцов. Тэдгээрийн Оттавад ажиллах хөтөлбөр, уулзалтуудыг тохирох ажлыг зохион байгуулж, бүх талын дэмжлэг үзүүлж ажилласан. Уулзалтууд дээр хоёр тал батлан хамгаалах салбарт явуулж буй хамтын ажиллагаа, ялангуяа манай цэргийн албан хаагчдыг сургах ажил идэвхтэй байгааг тэмдэглэж байв.

2006 онд төрийн албаны зөвлөлийн дарга С.Норовсамбуу тэргүүтэй төлөөлөгчдийг Канадад танилцах дадлага хийлгэж, туршлага судлуулсан.

Хоёр. Худалдаа, эдийн засаг болон бусад салбарын харилцаа

2008 оны 1 дүгээр сард Канадын Олон улсын худалдааны сайд Д.Эмерсон Монгол Улсад айлчилж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, хамтын ажиллагааны эрх зүйн орчинг тогтвортой байлгах асуудлаар санал солилцож, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр”-ийн яриа хэлцээг урагшлуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

Хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөх асуудал анхаарлын маань төвд байсан. 2008 оны байдлаар Канад Улс манай улсын нийт гадаад худалдааны 6,0 хувийг эзэлж байв. Энэ нь Бороогийн алтны үйлдвэр 2004 оны 5 дугаар сард ашиглалтад орж Канадад экспортлох алтны хэмжээ өссөнтэй холбоотой. 2005 оноос өмнө Канадад экспортолсон барааны дийлэнх нь нэхмэл сүлжмэл, оёмол эдлэлд ногдож байсан бол 2008 онд 99,5 хувь нь зөвхөн алт байв. Манай улс 2006 онд Канадын гол импортлогч 15 улсын тоонд багтсан юм.

Хоёр орны хоорондын бараа эргэлтийн жилээр узуулбэл: (сая ам.доллараар)

Он

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

Нийт бараа эргэлт

1,7

2,0

3,0

4,5

20,9

139,4

181,1

202,9

199,3

Экспорт

0,8

1,0

0,5

0,7

14,7

122,1

171,2

192,7

189,5

Импорт

0,9

1,0

2,5

3,8

6,2

17,3

9,9

10.2

9,8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Эх сурвалж: Гадаад худалдааны статистикь ҮСХ

Монгол Улс Канадын худалдааны Хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдах болсноор алт, түүхий арьс, шир, савхин эдлэл, хивс, ноос, ноолууран бүтээгдэхүүн, нэхмэл сүлжмэл зэрэг барааны экспортод тарифын хөнгөлөлт эдлэх нөхцөл бүрдсэн. Манай улс Канадаас хөдөө аж ахуй, уул уурхайн машин техник, өргөх буулгах төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, харилцаа холбооны хэрэгсэл гол төлөв импортолдог байв. Цаашид Канадын зах зээлд нийлүүлэх барааны нэр төрлийг олшруулах явдал чухал зорилтуудын нэг болж байв.

Канадаас манай улсад оруулсан 500 орчим сая ам. долларын хөрөнгө оруулалт /дүрмийн санд оруулсан нь 250 сая орчим сая ам. доллар/ бараг бүхэлдээ уул уурхайн салбарт ногдож байлаа. Монголд оруулж буй гадаадын нийт хөрөнгө оруулалтад Канад Улс 12,4 хувийг эзэлж, БНХАУ-ын дараа хоёрдугаарт орох болсон. Монголд Канадын 86 компани их бага хэмжээтэи хөрөнгө оруулсан бүртгэл байв.

Монгол дахь Канадын хөрөнгө оруулалтыг салбараар авч үзвэл:

Салбарын нэр

Нийт дүн

1996-

2004

2005

2006

2007

2008

1. Уул уурхай

үнийн дүн (мян.долл)

компанийн тоо

245932,4

22

173019,5

20

830,0

1

70010,0

1

300,0

1772,9

2. Худалдаа, нийтийн хоол

үнийн дүн (мян. долл.)

компанийн тоо

2672,87

42

795,7

5

678,9

4

54,5

6

197,1

10

946,67

17

3. Банк санхүү

- үнийн дүн (мян. долл.)

400,0

 

 

400,0

 

 

4. Барилга, барилгын материал

үнийн дүн (мян. долл.)

компанийн тоо

75,0

3

75,0

3

 

 

 

20,00

5. Мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах

үнийн дүн (мян. долл.)

компанийн тоо

40,0

1

40,0

1

 

 

 

 

6. Хөдөө аж ахуй

үнийн дүн (мян. долл.)

компанийн тоо

27,7

1

27,7

1

 

 

 

 

7. Бусад

үнийн дүн (мян. долл.)

компанийн тоо

1997,9

17

248,7

8

33,3

3

1715,9

6

 

 

Нийт дүн:

үнийн дүн

(мян. ам. долл.)

компанийн тоо

251165,87

86

174206,6

38

1542,2

8

72180,4

13

497,1

10

2739,57

17

Эх сурвалж: ГХОГХА-ын бүртгэлээр

Эдүгээ хоёр тал “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Хэлэлцээр”-ийн яриа хэлцээг хийж байлаа.  Энэ хэлэлцээр манай талаас шалтгаалан сунжирч байсан. Зүйрлэж хэлбэл, “Баавгай агнах гэж байгаа бол туулайн мөр хараад саатмааргүй” байсан юм.

Хоёр орны хамтын ажиллагаа геологи, уул уурхайн салбарт идэвхтэй хөгжиж байна. Торонто хотноо жил бүр болдог дэлхийн уул уурхайн чуулга уулзалтад монголын төлөөлөгчид тогтмол оролцож ирсний зэрэгцээ энэ үеэр хоёр тал “Дугуй ширээний уулзалт” зохион байгуулдаг явдлыг уламжлал болгов. Монгол Улс “Уул уурхай, ашигт малтмал, металл болон тогтвортой хөгжлийн Олон улсын Форум"-д 2006 онд гишүүнээр элсэх ажлыг зохион байгуулсан. Мөн оны 10 дугаар сард Швейцарьт болсон жилийн хуралдаанд Монголоос 2 төлөөлөгчийн зардлыг айлын талаас даалгаж оролцуулсан. Геологи, уул уурхайн чиглэлээр хүн сургах, мэргэжилтэн авах чиглэлээр хуучнаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /АМГТХЭГ/, Канадын Кингстон хотын Хатан хааны нэрэмжит Их сургуулийн хооронд хамтран ажиллах Санамж бичгийг 2007 онд байгуулан хүн сургаж эхлэв.

2008 онд Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны департаментай хамтарч зохион байгуулсан уул уурхайн салбарын туршлага судлах аялалд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, АМГТХЭГ-ын хэлтсийн дарга нар оролцож, Оттава, Торонто хотууд болон Саскатчеван мужид ажилласан.

Орон нутагт эрчим хүч түгээдэг Канадын туршлагыг манай холбогдох байгууллагууд сонирхон судалдаг. “Буцах газардуулгатай нэг фазын цахилгаан дамжуулах шугам”-ыг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн Канадын туршлагыг судлах зорилгоор ТЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Цэрэнпүрэв тэргүүтэй төлөөлөгчдийн ажиллах хөтөлбөр, уулзалтыг тохирч Саскатчеван мужид 2008 онд айлчлуулсан. Энэ жил эрчим хүчний мэргэжилтнүүд 2 хэсэг болж, Канадад танилцах дадлага хийсэн.

Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирлээ. Тус зөвлөлийн жилийн хуралдаанд 4 удаа тодорхой сэдвээр илтгэл тавьж оролцож байлаа.

Монгол-Канадын хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах эхлэл тавигдсан. Канадын Хөдөө аж ахуй, хүнсний яамны Олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны товчоотой харилцаа тогтоох, хөнгөлөлттэй нөхцөлөөр улаан буудай худалдан авах, төмс тариалах зэрэг асуудлаар хамтран ажиллах чиглэлд яриа хэлцэл хийж, тэдний төлөөлөгчдийг Монголд айлчлуулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчдийг 2009 оны 6 дугаар сарын 15-21-нд Канадад айлчлуулсан. Төлөөлөгчид Канадын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн сайд Герри Риц, Олон улсын худалдааны сайд Стоквел Дей, Канадын Экспортыг дэмжих байгууллагын Санхүүгийн нөөцийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Карл Маркос нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Айлчлалын үеэр ХХААХҮЯ, Канадын Экспортыг дэмжих байгууллагын хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

Манай хоёр оронд газар тариалан, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа бөгөөд ялангуяа, мах, сүүний эрчимжсэн загвар аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, ХАА-н техник, технологи авч нутагшуулах, эдгээрийг эрх зүйн баримт бичгээр баталгаажуулах, Канадад Монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэн нарыг сургах зэрэг асуудлаар канадын өндөр албаны холбогдох хүмүүстэй ярилцлаа.

Барилга, Хот байгуулалтын Яам /хуучнаар/-ны хүсэлтээр Канадын барилгын норм, дүрмийн багц материал худалдан авч илгээсний үр дүнд тэдгээрийг судлан өөрийн орны нөхцөлд нийцүүлсэн “Нэг айлын орон сууцны барилгын төлөвлөлт, угсралт” /БНбД 31-09-07/ барилгын норм ба дүрэм, тайлбарыг тус яам боловсруулж, салбарын сайдын 2007 оны 101 дүгээр тушаалаар батлан мөрдүүлсэн. Түүнчлэн БХБЯ-наас Бритиш Колумбийн Технологийн Их сургуультай хамтран эдгээр норм дүрмийн талаарх сургалтыг Улаанбаатарт зохион байгуулсан.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Дэд сайд А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчдийг 2009 оны 2 дугаар сарын 8-14-нд Канад Улсад айлчлуулав. Манай төлөөлөгчид Канадын Засгийн газар болон хувийн хэвшлийн хүмүүстэй уулзаж, барилга, хот байгуулалт, тээвэр, дэд бүтцийн салбаруудад хамтран ажиллах, Алтанбулаг-Замын Үүдийн чиглэлийн хурдны зам, Говийн болон Зүүн бүсүүдийг холбох төмөр замын төслүүдэд Канадын хөрөнгө оруулагчдыг оролцуулах талаар ярилцаж, урьдчилсан яриа хэлцэл хийв. Мөн ЗТБХБЯ, Канадын Ипотек, Орон сууцны корпораци хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, ипотекийн хууль боловсруулахад хамтарч ажиллахаар тохиров. Дэд сайд модон каркастай барилгын нормыг нэвтрүүлэх ажлын хүрээнд ЗТБХБЯ, Бритиш Колумбын Ойн шинэчлэл, хөрөнгө оруулалтын агентпаг хоорондын Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Канадын Засгийн газрын тусламжийн хөтөлбөрт манай улс албан ёсоор хамрагдаж ирсэн. Монголд үзүүлж ирсэн тусламжийг гол төлөв Канадын олон улсын хөгжлийн агентлаг /СИДА/, “Канадын Сан”, Олон улсын хөгжлийн судалгааны төв (IDRC), Түншлэлийн болон олон талт хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн шугамаар олгосон ба зарим жилд хүмүүнлэгийн ба хүнсний тусламж үзүүлж ирсэн бөгөөд эдгээр нь бүрэн бус тооцоогоор 45 сая орчим канад долларын болж байсан юм. Тусламжийн хөрөнгийн дийлэнх нь ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэхэд туслах, байгаль орчныг хамгаалах зэрэг жижиг төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулагджээ. Жишээлэхэд CIDA-ийн санхүүжилтээр хоёр орны хөдөө аж ахуйн сургуулиуд хамтран төсөл хэрэгжүүлээд нэлээд хэдэн жил боллоо. Энэ шугамаар тэр үед Канадад 10 гаруй оюутан сурч байв.. IDRC гэхэд сүүлийн 15 жилд манайд мэдээллийн технологи, байгаль хамгаалах, алсын зайн сургалт зэрэг чиглэлээр 40 орчим жижиг төсөл хэрэгжүүлэхэд 8,5 сая канад доллар зарцуулсан. Бид Канадын буцалтгүй тусламжаа олгох гол орнуудын жагсаалтад хамаарагдаагүй ч дээрх сувгуудыг ашиглан нэлээд идэвхтэй ажиллах, ялангуяа цаашид гол орнуудын жагсаалтанд орохын төлөө бүх шатанд асуудлыг тавьж ажиллаж байлаа.

Европын Сэргээн босголт, хөгжлийн банкийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийг Канад улс дэмжих шийдвэр гаргуулсан нь Монгол улсыг тус банкны зээл авах эрхтэй гишүүн орны статустай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Канадын хоршоодын холбоотой тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд жил бүр манайхаас 2-3 хүн канадын талын зардлаар 2 сарын хугацаатай сургалтанд хамрагдах болсон.

Канадын талаас хэрэгжүүлдэг "Хотуудын тогтвортой хөгжлийн санаачлага” хөтөлбөрт Улаанбаатар хот хамрагдаж байсан. Энэ шугамаар 2006 онд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Ванкувер, Калгари, Саскатун хотуудад зочилсон. 2008 оны 8 дугаар сард Канадад албан ажлаар ирсэн Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Б.Баатарзориг нарын төлөөлөгчид Оттава хотын дарга Ларри О Брайнтай уулзаж, хоёр хотын хооронд шууд харилцаа тогтоох талаар ярилцсан.

Эрдэнэт-Калгари, Дархан Рижайна хотуудын хооронд харилцаа тогтоох чиглэлээр ажиллаж, төлөөлөгчид харилцан солилцож, Дархан хотод парк байгуулахад Канадын тал туслалцаа үзүүлсэн болно.

Гурав. Соёл, боловсрол, шинжлэх үхаан, эрүүл мэндийн харилцаа

2005 онд Канадын соёлын өдрүүд Улаанбаатарт анх удаагаа зохиогдож, Канадын уугуул иргэд- инуитуудын гар урлалын үзэсгэлэн гаргаж, төгөлдөр хуурын тоглолт зохион байгуулсан. Мөн үеэр хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болсон. Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Түмэн -Эх” чуулгын Канадын хотуудаар хийсэн тогтолтыг зохион байгуулсан. Тус ЭСЯ Кэбек мужийн төв телевизийн “Браво” студитэй хамтран 2007 онд уртын дуучин Г. Хонгорзулын концертыг Монтреаль хотноо зохион байгуулав.

2009 оны 6 дугаар сард Монгол, Канадын хамтарсан уран сайхны “Тооно" хамтлаг Торонтод болдог “Люминато” соёл урлагийн олон улсын наадамд оролцов. Өнгөрсөн жил уг наадамд 60 гаруй орны хамтлаг, жүжигчид оролцож бүтээлээ толилуулсныг сая гаруй үзэгч сонирхсон. Миний бие манай хоёр орны уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулагч “Редскай” байгууллагын захирал хатагтай Сандра Ларондтой уулзаж энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаад талархал илэрхийлэн цаашид монголын урлагийг Канадад сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. “Тооно” хамтлаг 2010 оны Ванкуверийн олимпид тоглох болсоныг дурдихад таатай байна.

Мөн энэ оны 8 дугаар сард Канадын талын зардлаар Монголын Алтай- Хангай хамтлагийн жүжигчдийг Канадын Ванкувер, Калгари, Оттава хотуудад тусгай хөтөлбөрөөр тоглуулсан нь үндэсний урлагийг сурталчлахад ихээхэн ач холбогдолтой болсон.

Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг Оттава, Монтреал, Торонто, Халифакс хотуудад гаргав. Оттава хотод 2007 оны 4 дүгээр сард болсон барилга, тохижилтын үзэсгэлэнд Канадын иргэн Ив Бэленжер монгол гэр барьж оролцоход ЭСЯ-ны зүгээс туслалцаа үзүүлж монгол гэрийн талаар танилцуулга бэлтгэн сурталчилгаа хийсэн.

Миний бие Канадын Лондон хотноо болсон энэ оны 7 сард Улаанбаатарт өндөрлөх “Монгол ралли-2009” автомашины аялалд оролцох эцэг, хүү Кен болон Кален Баун нарын “Канголиа” багийн аялалаа сурталчлах арга хэмжээнд оролцож байв. Энэхүү аялал нь Монголд Канадыг, Канадад Монгол орныг сурталчлах, хоёр орны ард иргэд бие биеэ гүнзгий танин мэдэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. “Канголиа" баг Монголд эмнэлгийн иж бүрэн тоноглол бүхий автомашин бэлэглэж, нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн болно.

Торонто хотын Йоркийн Их сургууль МУИС-тай, Калгарийн Их сургууль ШУТИС-тай, Саскачеваны болон Сент Марийн Их сургуулиуд манай ХААИС болон ШУТИС-тай холбоо тогтоогоод байна. Монголыг Канадад таниулах зорилгоор Бритиш Колумбын Их сургуулийн Дорно дахины институттэй хамтарч Монголын тухай цуврал лекц унших ажлыг 2005 оны сүүлчээр эхлүүлж эхний лекцийг миний бие уншсан. Тус төвийн профессор Ж.Дөркесстэй Монгол судлалыг хөгжүүлэх талаар холбоотой ажиллаж, одоо манайхаас 3 оюутан магистрын сургалтанд хамруулсан.

Торонтогийн Их сургуулийн дэргэдэх олон улс судлалын Мунк төвийн Азийн судалгааны тэнхимийн судлаач, профессор М.Герверсийг Монголд айлчлуулсан. Мунк төв нь Монгол Улсын Их сургуулийн Археологийн тэнхимтэй хамтран ажилладаг ба тус тэнхимийн эрхлэгч Д.Түмэн 2006 онд тус төв дээр өөрийн орны археологийн судалгааны байдлын талаар илтгэл тавьсан. Энэ үер Монгол- Канадын харилцааны талаар танилцуулга хийж оролцсон.

Канадын Багш нарын холбоотой хамтарч манай англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх, монголын дунд сургуулийн сурагчдад зориулсан англи хэлний сурах бичиг зохиох ажил хэрэгжсэн. Кэбек мужийн Их сургуулийн профессор Луй Симон Рой франц хэлтэй хүмүүст зориулан Монгол хэл өөрөө сурах бичиг зохиосон. Түүнийг Монголын соёлын элчээр өргөмжлөх саналаа төвд хүргүүлсэн болно.

Миний бие Бритиш Колумби мужийн Дээд боловсролын Сайд ноён Мурей Коуэл, Бритиш Колумби, Саймон Фрейзерийн Их сургуулийн дэргэдэх Бизнесийн сургуулиудын Тэнхимийн эрхлэгч нартай уулзаж, хоёр орны их, дээд сургуулиудын хооронд хэлхээ холбоо тогтоох, эдгээр сургуулийн салбар, зарим хөтөлбөрийг Монголд бий болгох, оюутан солилцох зэрэг асуудлыг тавьж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцсаны дүнд Монголын Менежментын холбооны Ерөнхийлөгч Д.Цэрэндоржтой аудио-ярилцлагыг зохион байгуулж шууд хэлхээ холбоо тогтооход дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Канадын дээрхи сургуулиудтай хамтарч Монголд өргөн цар хүрээтэй сургалт явуулахаар холбогдох байгууллага хүмүүстэй тохирсон болно.

Гэмтэл согогийн эмнэлгийн их эмч Б Батзориг Оттава хотын эмнэлэгт 8 сарын дадлага хийж, мэс засал хийж үр дүнгээ тайлагнах үед Элчин сайдын хувьд байлцаж, дараа нь канадаас эмнэлгийн зарим багаж төхөөрөмж Монголд тусламжийн шугамаар нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан болно.

Дотоод ажил

  • ЭСЯ-ны дотоод ажлыг ГХЯ, түүний системийн байгууллагуудын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмын хэмжээнд явуулахад анхаарч ажиллав. Энэ талаар төв анхаарч, холбогдох заавар журмыг нөхөн ирүүлэх, заавар чиглэлээр хангаж байсан нь ажилд дэмтэй байлаа.
  • Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан тухайн оны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг дүгнэж, дараа оны гэрээг боловсруулж тус тус батлуулан, хэрэгжүүлж, ЭСЯ-ны жилийн болон хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан тэнцлийг гарган, эд хогшлын тооллогыг хийж цаг хугацаанд нь төвд тайлагнаж байсан.
  • ЭСЯ-ны ажилтнуудын ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн дипломатуудын зөвлөлгөөнөөр хэлэлцэж, мөрдүүлж, хяналт тавьж ажиллав.
  • Тайлангийн хугацаанд ЭСЯ-ны долоо хоног тутмын ажлын тойм, cap тутмын санхүүгийн болон визийн мэдээг цаг хугацаанд нь гаргаж төвд хүргүүлж хэвшүүлсэн.
  • Ажилтан нарынхаа эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөтгөн шинээр гэрээ байгуулж, орон байрны нөхцлийг сайжруулах ажлыг энэ жил хийсэн нь тэдний ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн арга хэмжээ болсон.
  • Канад дахь амьжиргааны өртөг, үнэ, валютын ханшийн талаар судалгаа хийж, ЭСЯ-ны ажилтнуудын ажиллаж амьдрах нөхцөл дордсоор байгаа талаар Гадаад хэргийн сайдад удаа дараа танилцуулж холбогдох арга хэмжээ авахыг хүссэн албан тоот явуулж байсан нь цалинг нэмэгдүүлэх үндэслэл болсон.
  • Дипломат шууданг 20 удаа бэлтгэж ГХЯ-нд явуулж, ЭСЯ-ны өмнөх онуудын бичиг хэргийг цэгцлэн архивлав.
  • ЭСЯ-ны 2 автомашины түрээсийн гэрээний хугацаа дууссан тул шинээр автомашин түрээслэн авч, техникийн ээлжит үйлчилгээнд оруулан тэдгээрийн талаарх судалгаа, санал боловсруулж төвд явуулав.
    • Хавсран суух оронд итгэмжлэх жуух бичиг барих, харилцааны баримт бичгүүдийг олж авах асуудлаар ГХЯ-ны ТНБД, ТЗУГ, Сөүл дэх ЭСЯ-тай ажиллаж, харилцааны досье шинээр нээж, холбогдох лавлах материалыг шинэчлэв. Итгэмжлэх жуух бичиг барих асуудал төвөөс өгсөн чиглэлийн дагуу зардал мөнгөний бололцоогүйн улмаас хойшлогдсон болно.

Сүдалгаа, мэдээлэл, сүрталчилгаа, ёслолын чиглэлээр:

ЭСЯ-ны судалгаа, мэдээллийн ажлыг нэгдүгээрт, суугаа орны гадаад, дотоод бодлогын тулгамдсан асуудлууд, бүс нутаг, олон улсын анхаарал татсан асуудлаарх тус улсын байр суурийг мэдээлэх, хоёрдүгаарт, гадаад харилцааг эдийн засагжуулах, дэлхийн эдийн засгийн хямрал, түүний үр дагавар, хямралыг давах талаар суугаа болон хавсран суугаа орны зүгээс дотооддоо болон бусад оронд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамжийн талаар судалгаа, мэдээлэл бэлтгэх, гуравдүгаарт, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар мэдээлэл, санал боловсруулах, төвийн үүрэг даалгавраар судалгаа, мэдээлэл бэлтгэх чиглэлээр гүйцэтгэж ирсэн. Элчин сайдаар ажилласан хугацаанд дээр дурдсан чиглэлээр 350 гаруй мэдээ, мэдээлэл, судалгаа, танилцуулга хянаж боловсруулан хүргүүлсэн болно.

Үүний дотор, Канадын гадаад бодлогын тэргүүлэх асуудлууд тухайлбал, Дэлхий ертөнц ба Канад Улсын гадаад бодлого, Хойд Америкийн Дээд хэмжээний уулзалтын тухай, Канадын батлан хамгаалах бодлогын тухай, Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн шинэчлэлийн тухай зэрэг асуудлаар 10 гаруй танилцуулах мэдээ, Оттава хотын өндөр технологитой үйлдвэрийн газруудын үйл ажилллагаатай танилцсан тухай, Дипломатуудын чуулга уулзалтад оролцсон тухай, Торонто болон Оттавагийн их сургуулиуд дээр хийсэн уулзалтын тухай зэрэг шуурхай мэдээ, мэдээлэл, илтгэх хуудас 25 орчмыг өөрөө бэлтгэж хүргүүлсэн.

ДТГ-ын Тэргүүн нарын Зөвлөлдөх уулзалт дээр Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу суугаа орноос авууштай туршлагын талаар мэдээлэл, санал бэлтгэж хүргүүлж байсан.

ЭСЯ-ны веб хуудас дахь мэдээ мэдээллийг тогтмол шинэчилж хэвшив. Миний бие Канад, Монголын харилцаа болон олон улсын байдал сэдвээр Канадын “CTV” “ телевиз, “Globe and Mail”, “Embassy” сонин, “Diplomat” сэтгүүл, Монголын “Өнөөдөр" зэрэг өдөр дутмын сонин, “Mining journal” сэтгүүлд 14 удаа өгүүлэл нийтлүүлж, ярилцлага өгч, "Боловсрол” телевизээр дэлгэрэнгүй ярилцлага нэвтрүүлсэн.

Миний бие Оттава дахь АНД-н орнуудын Элчин сайд нарын ахлагчаар сүүлийн жилд ажилласан. Энэ хүрээнд АНД-н Элчин сайд нарын Форумыг Кингстон хотын Хатан хааны нэрэмжит Их сургуультай хамтран 3 удаа зохион байгууллаа. Мөн ГХОУХД болон Оттава дахь ДТГ-аас зохион байгуулсан уулзалт, хүлээн авалтын 120 шахам ёслолын арга хэмжээнд оролцов.

Консүлын үйлчилгээ, виз олголтын талаар: Энэ хугацаанд гадаадын иргэдэд виз олголт, монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх, монгол иргэдийн бүртгэлийг сайжруулах чиглэлээр нэлээд ахиц гарсан. Үүнд:

  • Визийн бичилтийг цахим хэлбэрээр бичиж хэвшив. Консулын үйлчилгээний талаарх мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудсанд байршуулсан нь иргэдийн талархлыг хүлээж байна. Ингэснээр консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, бичиг баримт бүрдүүлэлтэд иргэдийн зүгээс хандах хандлагыг өөрчилсөн хэмээн үзэж болно.
  • Канадад оршин суудаг Монгол иргэдийн талаарх мэдээлэл, ЭСЯ-наас монгол иргэдийн өргөдөл, гомдлыг барагдуулсан тухай, cap бүрийн визийн мэдээг тус тус Консулын газар, ТЗУГ-т хүргүүлж байсан.
  • ЭСЯ-наас консулын үйлчилгээ, визийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож мөрдөж байна. Канадаас жилд дундажаар 1100 орчим хүн /манай ЭСЯ- наас виз авсан хүний тоо/ Монголд зорчиж байгаа бөгөөд визний хураамж болон консулын үйлчилгээнээс өнгөрсөн 4 жилд 450,000 орчим канад долларын орлого олж, улсын төсөвт шилжүүлсэн болно.

Өргөмжит консолуудтай ажилласан талаар: Тус ЭСЯ суугаа болон хавсран суугаа орнууд дахь 7 Өргөмжит Консулыг хариуцан ажиллаж байв. Тэдний үйл ажиллагааг тодорхой болгох, идэвхтэй ажиллуулах зарим арга хэмжээ авч, чиглэл заавар өгч ирлээ. Тухайлбал, Элчин сайдаас албан захидал бичиж 2008 онд хийсэн ажлаа тайлагнах, 2009 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, холбогдох саналаа ирүүлэхийг хүсэв. ЭСЯ Өргөмжит консулуудын талаарх санал, дүгнэлт бэлтгэж Консулын газарт хүргүүлсэн.

  • Бразил дахь Өргөмжит Консул Р.Силва болон Саскатчеван муж дахь Өргөмжит консул Тим Маршалл нарын хугацааг сунгав.

Монголчүүдтай харилцаа холбоо тогтоох талаар: Канадын бусад хотуудад ажиллах далимдаа Монгол иргэдтэйгээ уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, хариу өгч байсан болно. Жишээлбэл, миний бие энэ оны 6 дугаар сарын 7-ны өдөр Онтарио муж дахь Монголчуудын Холбооноос зохион байгуулсан уулзалтад оролцож иргэдтэйгээ уулзаж, улс орныхоо өнөөгийн байдлын талаар болон Монгол, Канадын хамтын ажиллагааны талаар товч танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулав. Манай иргэд мөн үеэр ЭСЯ-наас үзүүлсэн консулын үйлчилгээнд талархаж байлаа.

Уулзалтын дараа ЭСЯ Онтарио муж дахь Монголчуудын Холбоотой хамтран Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн зохиов. Тус тэмцээнд түрүүлсэн багт “Элчин Сайдын Яамны нэрэмжит шилжин явах цом”-ыг гардуулав. Энэхүү спортын тэмцээн цаашид олон хотыг хамарсан томоохон арга хэмжээ болон өргөжихийн ерөөл дэвшүүлж, цаашид Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж байв.

ЭСЯ Монреаль хот дахь Монголчуудын Холбооноос зохион байгуулсан улс орноо сурталчлах арга хэмжээнд очиж оролцов. Энэхүү арга хэмжээний үеэр монгол гэр барьж, ахуй, соёлоо харуулсан төрөл бүрийн үзмэрийг дэлгэн үзүүлж, монгол дуу, бүжиг зэрэг үзүүлбэрүүд толилуулсан нь цэцэрлэгт хүрээлэнд цугласан олны сонирхлыг татаж байлаа. Энэ арга хэмжээний үеэр цугласан мөнгийг Монгол дахь өнчин хүүхдийн “Лотус” асрамжийн төвд хандивласан болно. Иргэдтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариулав.

Элчин сайдаар ажиллах хугацаанд Элчин сайд нарт зориулсан Канадын хойд нутгаар аялах хөтөлбөрт хамрагдаж, уугуул иргэдийн ажил, амьдралтай танилцаж, Хойд туйлын 86о дээр очиж, Клондайк дахь Хойд америкийн алтны хийрхэлийн  үеийн байдалтай танилцаж, зохиолч Жек Лондоны амьдарч байсан сууц музейг үзэх ховор боломж олдсоныг энд бас хэлэх юун.  

Мөн Канад-Монголын харилцааг хөгжүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажилласны төлөө Канадын Гадаад харилцааны яамны Мөнгөн медаль, Канадын Сенатын дурсгалын алтадсан навч зэргээр шагнуулж байсныг дурсан санахад нэн таатай байна.

Дүгнэлт:

Миний бие Элчин сайдаар ажиллах хугацаанд хийж гүйцэтгэхээр тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн болно. Ялангуяа УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг Канадад албан ёсоор айлчлуулах, Монгол-Канадын Дугуй ширээний хоёр удаагийн уулзалт ярилцлагыг Оттава, Улаанбаатар хотноо зохион байгуулах, Канадын Элчин сайдын яамыг Монголд байгуулах, Торонтод болсон олон улсын уул уурхайн форумын үеэр хоёр талын дугуй ширээний ярилцлага зохион байгуулах ажлыг тогмолжуулах, Канадад улсаа сурталчлах, Канадаас Монголд оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ЭСЯ-ны дотоод ажлыг цэгцлэх чиглэлд бодитой үр дүн гарсан болно.


тагууд: MongoliaCanada50years