images

Элчин сайдын дурсамж №6

Дипломат харилцааны 50 жил

2023-11-30

429

ХАГАС ЗУУНЫ ХАРИЛЦААНЫ ТҮҮХЭНД СОДОН ҮЙЛ ЯВДЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛЦСАНДАА БАЯРТАЙ БАЙДАГ

📍Миний бие БНМАУ болон өнөөгийн Монгол Улсад Дипломат албанд 36 жил зүтгэсэн мэргэжлийн дипломатч хүний хувьд сүүлийн томилолтоороо Канад Улсад Элчин сайдаар ажиллаж, Монгол Улсын Ерөнхий сайдын анхны айлчлал, Канад Улсын Амбан захирагчийн анхны айлчлал зэрэг төрийн өндөр дээд түвшний түүхэн олон үйл явдлын гэрч бөгөөд зохион байгуулагч болох завшаан тохиож байсанд үргэлж баярлаж талархаж явдаг.

📍Монгол Улсын Гадаад харилцааны сайд анх намайг 2009 оны 7 дугаар сард Канад улсад байнга, Бразил улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар дэвшүүлж, үүнийг нь Парламент дэмжин баталсан. Канад оронд миний бие 2009 оны 11 дүгээр сараас 2013 оныг дуустал ажилласан. Энэ удаад Монгол-Канадын харилцааг хөгжүүлэн өргөжүүлэх чиглэлээр гүйцэтгэсэн ажлаа нийтэд эл тодорхой тайлагнах нэгэн завшаан олдлоо гэж олзуурхаж байна.

Миний бие Монголын татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, тэднийхээ тусын тулд ажиллахдаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн шинэ түвшинд гаргахын төлөө хэрхэн зорьж ажилласан, үүний үр дүнд ямар ахиц гарсан зэргийг түүхийн нэгэн хуудас болгон дор сийрүүлэн бичлээ. Энэ хүрээнд Монгол, Канадын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, дээд хэмжээнд тохиролцсон “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг төрийн захиргааны алба, соёл, боловсрол, батлан хамгаалахын салбарт өргөжүүлэх, хөдөө аж ахуй, зам, барилга, хүрээлэн байгаа орчны салбарт идэвхжүүлэх, Канадын техник технологи, стандартаас Монгол Улсад нэвтрүүлэх, НҮБ, олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд Канад улстай нягт хамтран ажиллах, түүний дэмжлэгийг авах зэрэг үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажилласан билээ.

Улс төрийн чиглэлээр:

🔹Ерөнхий сайдын анхны айлчлал

Элчин сайдын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдыг Канадад айлчлуулах, товыг тогтоох талаар 2009 оны сүүлээс эхлэн янз бүрийн төвшинд идэвхтэй ажиллав. Ийнхүү Монгол-Канадын хооронд дипломат харилцаа тогтоосон 37 жилийн түүхнээ анх удаа Ерөнхий сайд С. Батболдын айлчлалыг 2010 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 1-нд Канадад хэрэгжүүлэв.

Айлчлалын дүнгээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Канад Улсын Ерөнхий сайд С.Харпер нарын Хамтарсан мэдэгдэл гарчээ. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол-Канадын бат бэх харилцааг өндрөөр үнэлж, хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлосон нь үлэмж ач холбогдолтой болсон юм.

📍Айлчлалын үеэр Оттава хотноо доорхи 3 баримт бичиг байгуулсны 2-т Элчин сайд гарын үсэг зурсан. Байгуулсан баримт бичгүүд нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын Төрийн албаны комисс хооронд Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, мэдээлэл харилцан солилцох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газар, Канад Улсын Стандартын байгууллага хооронд Стандартчилалын мэдээлэл, туршлага солилцох салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Канад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хооронд Хөдөө аж ахуйн салбарт мэдээлэл, технологи, худалдааны солилцоог дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Санамж бичиг байлаа.. Үүнээс гадна Ванкувер хотноо ЗТБХБЯ, Монгол атом компанийн шугамаар хамтын ажиллагааны баримт бичгүүд байгуулжээ.

📍Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболдын Торонто, Ванкувер хотноо хийсэн бизнесийн уулзалтууд болон Монгол иргэдтэй хийсэн уулзалтыг амжилттай зохион байгуулсан юм. Канадын Засгийн газар 270 мянган Канад долларын төслийг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Канадын Сентера Гоулд компанийн хүрээлэн буй орчныг хамгаалах, мэргэжлийн сургалт явуулах, орон нутгийн хөгжлийн төлөөх санаачлагуудыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх гэж байгаагаа зарлалаа. Энэ нь Канадын зүгээс хөгжиж буй орнуудад ажиллаж буй компаниудынхаа нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх талаар авч буй арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулга бэлтгэж, өөрийн орны яам, байгууллагуудыг зохих мэдээллээр хангаж, хоёр талын өндөр албан тушаалтнуудын уулзалт ярианы сэдэвт тусгаж ажилласны үр дүн байлаа.

📍Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ЭСЯ-ны ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, айлчлалын хөтөлбөр, маршрутад тусгах арга хэмжээ, танилцуулга, мэдээлэл боловсруулан, байгуулах баримт бичгүүдийн тухайд тус тус саналаа танилцуулсан. Мөн судлах, бичиж боловсруулах бусад ажил үүргийг хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн. Үүний дүнд айлчлалын үеэр Монгол, Канадын хамтын ажиллагааны 6 баримт бичигт гарын үсэг зуржээ. Айлчлалд зориулан ЭСЯ-ны өнгөт сэтгүүл анх удаа бэлтгэн хэвлүүлэх, элчин сайд Ерөнхий сайдыг хүндэтгэн хүлээн авалт зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага Ерөнхий сайдаар өгүүлэх зэрэг ажилд Канад нөхдийн дэмжлэгийг авах талаар уйгагүй ажилласны үр дүнд эдгээр арга хэмжээний нийт 25,000 долларын зардлыг ивээн тэтгүүлэх замаар ЭСЯ-ны төсвийг хэмнэсэн. Зарим хүнд энэ нь инээдэмтэй санагдаж болох ч бодит нөхцөл байдал дээр бид бол баялагтай орны тарчиг ядуу түмэн билээ.

🔹Канадын Амбан захирагчийн Монгол дахь анхны айчлал

📍2013 он бол Монгол-Канадын харилцааны хувьд нэгэн түүхэн жил байлаа. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил энэ онд тохиосон юм. Тиймээс Канадын талаас дээд хэмжээний айчлал хэрэгжүүлэх нь зүйтэй юм гэсэн санааг гарган, үндэслэлээ хоёр талд тайлбарлан байж, 3 дугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгыг эрхэмсэг ноён Д.Жонстонд уламжилсан билээ. Энэ асуудал олон сар яригдаж судлагдаж байж, Ерөнхий сайд С.Харпер, түүний танхим шийдвэр гаргаснаар хэрэгжсэн юм. Миний бие Гадаад хэргийн сайд Жон Бэйрд, Цагаачлалын сайд Жасон Кенней, Олон улсын худалдааны сайд Эд Фаст, Олон улсын хамтын ажиллагааны сайд Ода нартай ажил хэргийн сайн холбоотой байсан нь асуудлыг нааштай шийдвэрлэхэд тус дэм болсон гэж боддог юм.

📍Ийнхүү Канад Улсын Амбан захирагч эрхэмсэг ноён Дэвид Жонстон гэргийн хамт Монгол Улсад 2013 оны 10 дугаар сард албан ёсоор айлчилсан юм. Айчлалын үеэр тэр үеийн Засгийн хэрэгжүүлж байсан “Сумын төв” төслийг ургашлуулахад дөхөм үзүүлэх хамтын ажиллагааны баримт бичиг, хоёр орны иргэд харилцан зорчих визийн нөхцлийг хөнгөвчлөх тухай санамж бичиг байгуулсан нь их ач холбогдолтой болсон юм.

📍Энэ айлчлал Монгол оронд болж, Монголын төр засаг хэрэгжүүлсэн учир үүнээс цааш миний бие нурших шаардлагагүй бөгөөд үнэлэлт дүгнэлт өгөх хэрэггүй билээ. Харин Канадын талаас харилцааны 40 жилийн ойд ямар их ач холбогдол өгч байсны илрэл бол энэхүү түүхэн дээд хэмжээний айлчлал байсан юм.

📍Нэг инээдтэй гэх үү, шог гэх үү үйл явдал энэ айлчлалын дараа болсоныг Улаанбаатар дахь Канадын ЭСЯ-ны ажилтан хожим ярьсан юм. Юу гэвэл Ерөнхийлөгч Элбэгдорж Амбан захирагч Жонстон болон түүний гэргийд ижил зүсмийн хос алаг морьдыг Их тэнгэрт болсон хүндэтгэлийн зоогийн үеэр бэлэглэсэнд зочид үнэхээр баярлаж байсан. Миний бие хажууд нь байсан л даа. Яагаад их баярласан гэхээр эрхэм Жонстоны гэр бүл адуунд хайртай, адууны жүчээтэй юм билээ. Айлчлалын өмнө намайг хүлээн авч уулзахдаа дэлхийн талыг туулсан монгол хөлөг морьдын гайхамшиг, тэсвэр тэвчээрийг биширдэгээ ярьж байсан юм. Тэмдэглэлийг би Ерөнхийлөгчийн зөвлөх Пүрэвсүрэнд илгээж байлаа. Гэтэл тэр бэлгийн морьдоо хүлээж авах нь битгий хэл зургийг нь явуулаач гэдэг хүсэлт тавиад бүтээгүй гэж байгаа юм. Энэ мэт эмгэнэлтэй зүйл томилолтын минь хугацаанд хэд хэд тохиолдсон нь харамсалтай байсан.

🔹Парламент хоорондын харилцаа

📍Канадын Парламент дахь Канад-Монголын Найрамдлын бүлгийн гишүүд, Сенатын болон Нийтийн Танхимын бусад гишүүнтэй харилцаа холбоо тогтоох, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тэдний дэмжлэгийг авах талаар идэвхийлэн ажилласан. Элчин сайдын хувьд Сенатын Спикер Н.Кинселла, Сенатор Доналд Оливер, Рейнэл Андрейчук, Нейл Плетт, Шарон Карстерс, Нийтийн Танхимын гишүүн Жим Аббот, Вилферт Броён, Ларри Вагнер нарын хүмүүст тус тус захидал бичиж, Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар танилцуулсан. Тэд захидалд хариу ирүүлж, Канад-Монголын харилцааг дэмжиж ажиллахаа илэрхийлж байв.

Канадын Парламентын Нийтийн танхимын Гадаад хэрэг, олон улсын байдлын Байнгын Хороо /ГХОУББХ/ Монголын Төрийн албаны өмнө тулгарч буй сорилт, Монгол-Канадын Төрийн албаны байгууллагуудын хамтын ажиллагааны сэдвээр Элчин сайд миний сонсголыг 2010 оны 11 дүгээр сарын 16-нд Оттава хотноо хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр мөн Монгол Улсын Их хурлын гишүүн, ЭБЭХ-ний сайд, Монгол-Канадын "Дугуй ширээний уулзалт" -ын монголын хэсгийн дарга Д.Зоригт, Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам нарын уг сэдвээр хийсэн видео бичлэгийг Байнгын Хорооны гишүүд үзэж сонирхсон байна. Хэлэлцүүлэгт оролцсон ГХОУББХ-ны гишүүд элчин сайдаас Монголын тал Канадын Төрийн албаны үйл ажиллагааны чухам ямар чиглэлийг голлон сонирхож буй, энэ чиглэлээр юу хийж болох, Монголын Төрийн албаны өмнө тавигдаж буй зорилт, сорилт бэрхшээлийн талаар асууж, тодорхой хариулт авсан байна.

Элчин сайд Канадтай харилцах дунд хугацааны хөтөлбөрийн төсөл бэлтгэж ГХЯ-нд илгээсэн нь 2011 онд батлагдсан. Элчин сайдыг Канадын Парламентын Сенатын Спикер Н.Кинселла 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр, Канадын Парламентын Нийтийн танхимын Спикер Э.Шийэр 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр тус тус хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтуудын үеэр Элчин сайд спикер Н.Кинселла, Э.Шийэр нар Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан зохиох арга хэмжээ, түүний дотор Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон нь их ач холбогдолтой байлаа.

📍2012 оны 10 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд Канадын Квебек хотноо болж өнгөрсөн Олон Улсын парламентын холбооны 127 дугаар чуулганд УИХ-ын дэд дарга С.Баярцогт тэргүүтэй төлөөлөгчдийг амжилттай оролцуулах зорилгоор ЭСЯ бэлтгэл ажлыг сайтар хангаж, төлөөлөгчдөд зориулсан ЭСЯ-ны мэдээллийн тусгай дугаар бэлтгэн тараасан. УИХ-ын дэд дарга С.Баярцогт “Даяаршлагдсан дэлхий ертөнц дахь иргэний харьяалал, шинж болон хэл, соёлын олон янз байдал” сэдэвт тусгай хэлэлцүүлэгт үг хэлжээ. Түүнийг Канадын Парламентын Сенатын спикер Н.Кинселла, Нийтийн танхимын спикер Э.Шийэр, Канад-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Ж.Дэй нартай уулзуулжээ.

📍Миний зүгээс зохион байгуулсан шинэлэг нэг зүйл бол Монголын Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Канадын Парламентын Сенат болон Нийтийн танхимтай хамтран 2013 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Канадын Парламентын ордонд хүлээн авалт зохион байгуулсан явдал байв. Хүлээн авалтыг Канадын Нийтийн танхимын Спикер Э.Шийэр нээж үг хэлэв. Миний бие хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тухай дэлгэрэнгүй үг хэлж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв. Канадын Засгийн газрыг төлөөлөн Канадын Иргэншил, цагаачлалын сайд Жэсон Кенней үг хэлэхдээ Ерөнхий сайд С.Харперийн нэрийн өмнөөс Цагаан сарын мэнд дэвшүүлэв. Энэ арга хэмжээнд Канадын Үндэсний батлан хамгаалахын сайд П.МакКэй, Олон улсын худалдааны сайд Э.Фаст, Олон улсын хамтын ажиллагааны сайд Ж.Фантино, Байгаль орчны сайд П.Кент, Гадаад харилцааны сайдын Парламентын нарийн бичгийн дарга Д.Обрай зэрэг Засгийн газрын танхимын хийгээд Сенат болон Нийтийн танхимын гишүүд оролцсон нь урьд өмнө үзэгдээгүй үйл явдал болсон. Мөн Оттава хотноо амьдарч буй Монгол иргэд өргөнөөр оролцсон. Монголын түүх, соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болон видео бичлэг үзүүлсэн болно. Энэ үйл явдал Канадын тал хоёр орны харилцаанд чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл болсон юм.

🔹Улсын Их Хурлын даргын айлчлал

📍Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Канад Улсад 2013 оны 3 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо бид дайчлан ажиллав. Төлөөлөгчдийн Торонто, Оттава, Ванкувер хотуудаар айлчлах, УИХ-ын дарга З.Энхболдын Канадын Парламентын Нийтийн танхимын Спикер Э.Шийэр, Сенатын танхимын Спикерийн үүрэг гүйцэтгэгч П.Нолин, Канадын Парламентын Канад-Монголын Найрамдлын бүлгийн дарга, Сенатор Ж.Дэй, Канадын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд, Олон улсын худалдааны сайд Э.Фаст, Хөдөө аж ахуй, хүнсний сайд Ж.Риц, Бритиш Колумби мужийн Хууль тогтоох Ассамблейн спикер Б.Барисофф болон Монголд үйл ажиллагаа явуулж буй Канадын зарим компанийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалт, Канадын Экспортыг хөгжүүлэх агентлаг, Канадын Туршилтын төв аж ахуй, модон барилгын "Linwood Custom Homes" болон "Interex Forest Products" компани болон Ванкуверын хотын боомтын үйл ажиллагаатай танилцах, Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ болон Элчин сайдын өргөөнд зочлох, Канадын Соёл, иргэншлийн музей болон "Ottawa Senators"-"New Jersey Devils" хоккейн багуудын тоглолтыг үзэж сонирхох, Бритиш Колумбийн Их Сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн профессор Ж.Дийркестэй хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэг болон Ванкувер хотод амьдардаг Монгол иргэдтэй хийсэн уулзалтыг зохион байгуулах, "Ванкувер Сан" сонины сурвалжлагч Дон Кайо-д ярилцлага өгөх болон "Туркуаз Хилл Резурсиз" компанийн удирдлагын барьсан оройн зоогт оролцуулах зэрэг ажлуудыг тус тус амжилттай хийж гүйцэтгэсэн.

📍Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа Монгол,Канадын харилцааны тэргүүлэх чиглэлд зүй ёсоор хамрагдана. 2004 оноос хойш манай 100 гаруй цэргийн албан хаагч Канадад хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох дадал туршлага олж авсан юм.

🔹Худалдаа, эдийн засгийн чиглэлээр

📍2010 оноос хойш жил бүр болсон Умард Америк-Монголын бизнесийн Зөвлөлийн жилийн уулзалтад тогтмол оролцон, уулзалтын үндсэн илтгэлийг тавьж, Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааны байдал, төлвийн талаар мэдээлж, манай хоёр орны хооронд хамтран ажиллах боломж бололцооны талаар ярьж ирсэн болно.

"Монгол-Канадын Дугуй ширээний уулзалт" байгууллагын Монголын хэсгийн дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тэргүүтэй төлөөлөгчдийн 2010 оны 1 дүгээр сарын 12-ноос 17-нд Канадад хийсэн ажлын айлчлалыг зохион байгуулав. Мөн үеэр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Ж.Энхбаяр, ЭБЭХЯ-ны төлөөлөгчдөөс бүрдсэн баг 1 дүгээр сарын 12-ноос 20-нд Оттава, Торонто, Калгари, Ванкувер хотуудад “Уул уурхайн танилцах аялал” хийв. ЭСЯ айлчлал болон танилцах аяллын бэлтгэл ажлыг хангахад оролцож, Элчин сайд асуудал эрхэлсэн ажилтны хамт төлөөлөгчидтэй 1 дүгээр сарын 15-17-нд Торонто хотод явж ажиллав. Айлчлалын үеэр хоёр орны худалдааг либералчлах, чөлөөт худалдааны хэлэлцээр эхлүүлэх, уурхайн нөхөн сэргээлт, уурхайг хаах үйл ажиллагааны стандартыг Монголд нэвтрүүлэх, төрийн албыг шинэчлэх зэрэгт, мөн Канадын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (CIDA)-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, салбар хоорондын харилцааг өргөжүүлэх, эрдэс баялгийн нөөц бүртгэх аргачлалыг олон улсын жишигт хүргэх чиглэлээр яамд хоорондын хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулахаар тохиролцов.

Айлчлалын үеэр Канадын хөрөнгө оруулагчидтай Дугуй ширээний уулзалт хийх арга хэмжээ тусгаж, 1 дүгээр сарын 15-нд Торонто хотноо зохион байгуулав. Тус уулзалт дээр Сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар үг хэлэв. Уг арга хэмжээнд Газар Холдинг, МонАтом, Канадын талаас Centerra Gold Inc., Khan Resources, Ivanhoe Mines, SNC-Lavalin, Эрдэнэ ХХК зэрэг хоёр талын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэн, бизнесийн салбарт тулгарч буй асуудлаар санал солилцжээ.

📍Торонто хотноо 2010, 2011 онд болсон “Уул, уурхайн чуулга уулзалт” /PDAC-2010, 2011/-д оролцсон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй хамтран ажиллав. Чуулга уулзалтад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Дэд сайд Б.Ариунсан, Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Батхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцож, өөрийн орны уул уурхайг сурталчилсан үзэсгэлэнг танилцуулах, чуулга уулзалтын үеэр болсон салбарын хуралдаануудад оролцох, туршлага солилцох, хайгуул, судалгааны томоохон компаниудын төлөөлөгчидтэй уулзаж, ажил хэргийн холбоо тогтоох зэргээр ажиллав.

📍ЭБЭХ-ний Дэд сайд Б.Ариунсан, Канадын Байгалийн нөөцийн Туслах дэд сайд Стефан Лукас нарыг уулзуулж, 2010 оны 3 дугаар сарын 8-ны өдөр "Уурхай ашиглалтанд оруулах, уурхайн нөхөн сэргээлт, уурхайг хаах, эрдэс баялгийн нөөцийн ангиллын стандартууд, гео-шинжлэх ухааны салбарт харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилгоор Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Канадын Байгалийн нөөцийн департамент хоорондын Санамж бичиг"-т Торонто хотноо гарын үсэг зурав.

📍Чуулга уулзалтын үеэр зохион байгуулсан “Монгол-Канадын Дугуй ширээний уулзалт”-ын бэлтгэл ажлыг хийв. Уулзалт дээр Эрдэс баялаг, эрчим хүчний Дэд сайд Б.Ариунсан, Элчин сайд Т.Залаа-Уул нар үг хэлэв. Канадын хөрөнгө оруулагч байгууллагуудын 100-80 орчим төлөөлөгч, мөн “Bloomberg” гэх мэт хэвлэл, мэдээллийн агентлагийн сурвалжлагчид уулзалтад уригдан оролцож иржээ.

📍“Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийн шугамаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ц.Батбаяр, Мон Атом компанийн гүйцэтгэх захирал Р.Бадамдамдин нар Оттава хотод 2010 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд ажиллав. Элчин сайд Оттавад Канадын Цөмийн Аюулгүй байдлын Хороонд болон Торонто хотод болсон албан ёсны уулзалтуудад оролцов. Мөн төлөөлөгчдийн Оттава, Саскатун, Торонто хотод ажиллах хөтөлбөрт зарим зохицуулалт хийж өгөв.

📍ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайгийн Канадын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Герри Ритцийг Монгол Улсад албан ёсоор айлчлах урилгыг уламжилж, өмнө хүргүүлсэн яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийн төсөлд санал авахаар ажиллав. Уг баримт бичигт Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр гарын үсэг зурлаа.

📍Өөрийн орны байгууллага, хувь хүний хүсэлтээр хонины ноосоор байшингийн дулаалга хийдэг Канадын технологи, туршлагыг судалж, “Good Shepherd Wool Insulation” компанийн тухай мэдээлэл, “Belfast Mini Mills” ноос, ээрмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниас тоног төхөөрөмжийн үнийн санал, тээвэрлэлт, захиалагчийн хүссэнээр тоног төхөөрөмж угсардаг эсэх талаарх мэдээллийг тус тус авч төвд хүргүүлэв. Дараах судалгааг хийжээ:

- Канадын Худалдааны ерөнхий хөнгөлөлтийн тарифын тухай судалгаа, 2009 онд Монгол Улсаас Канад Улсад импортлогдсон барааны дүн мэдээ, ХЕТ-т хамрагдах барааны жагсаалт зэргийг боловсруулж төвд танилцуулав.

- Барьцаагүй зээл олгодог суугаа орны туршлагын талаар мэдээлэл боловсруулж танилцуулав.

- Канадын хот байгууллалтын хуулийн талаар судалж танилцуулга бэлтгэж ЗТБХБЯ-нд хүргүүлэв.

- ОУВС-гийн “Банкны Татварын тухай” танилцуулга боловсруулав.

📍ЭСЯ-ны төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Канад Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд худалдаа, эдийн засгийн харилцааны чиглэлээр санал дүгнэлт, судалгаа, мэдээлэл боловсруулж төвд илгээв. Ерөнхий Сайдын айлчлалын үеэр зурагдсан ХХААХҮЯ, ЗТБХБЯ, Стандарт хэмжил зүйн газар, Канадын холбогдох яам, газар хоорондын “Санамж бичиг”-ийг байгуулах талаар талуудыг холбож ажиллав. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Канадын Байгалийн нөөцийн департаментад ирүүлсэн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн төслийг тус департаментын холбогдох хүмүүст гардуулж санал солилцов. Мөн айлчлалын хүрээнд: Элчин сайд Ванкувер хотноо энэ оны 1 дүгээр сард ажиллахдаа "BC Forestry Innovation Investment", "Ivanhoe Group", "Entree Gold Inc." компанийн удирдлага, төлөөлөгчидтэй уулзаж Монголд хэрэгжүүлж буй төсөл, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцсон болно. Элчин сайд Канад Улсын “Prophecy Coal” компанийн Торонтогийн хөрөнгийн биржид бүртгүүлэх ёслолын ажиллагаанд урилгаар оролцож үг хэлэв. Мөн 2012 оны 3 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Торонто хотноо болсон Уул, уурхайн чуулга уулзалт-PDAC 2012” арга хэмжээнд оролцов.

📍Канадын ГХОУХД-ын туслах дэд сайд П.МакГоверн надтай Оюу Толгойн асуудлаар 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр уулзаж Канадын Засгийн газрын байр суурийг уламжилж, Элчин сайдаас тодруулга хүссэн. Энэхүү уулзалтын үеэр айлын тал улс төрийн шахалт үзүүлэх гэж оролдсон тул миний бие Оюу Толгойн гэрээ болон түүний хэрэгжүүлэлтийн талаар олон түмний дунд хийгээд хэвлэл мэдээллээр юу яригдаж, бичигдэж буйг тайлбарласан. Энэ тухай тэр дор нь Гадаад хэргийн сайд С.Болдод мэдэгдэж, ярианы тэмдэглэлээ илгээсэн ч хариу үгүй өнгөрсөн юм. Уг гэрээнд 2009 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо Монголын төр, засгийн бүх л эрхтэн дархтан оролцон сүр дуулиантай гарын үсэг зурсан. Ерөнхийлөгч нь магтан үг хэлж, ерөнхий сайд нь толгойгоороо хариуцна гэж мэдэгдэж байсныг хүмүүс мартаагүй байх аа. Тэр дуулиант ёслолд миний бие уригдаагүй болохоор энэ гэрээ Элчин сайд Т.Залаа-Уулд огтхон ч хамаагүй гэж ойлгогдож байгаа юм. Тэр нь ч батлагдаж, гэрээтэй холбогдсон асуудлаар би ямар ч үүрэг даалгавар төвөөсөө авч байгаагүйг зориуд тэмдэглэж байна. Оюу толгойн гэрээнд миний оролцооны тухай хүмүүс заримдаа асуудаг тул үүнийг энэ завшаанд өчиж байгаа юм.

2013 оны 3 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Торонто хотноо болсон Уул, уурхайн чуулга уулзалт-PDAC 2013” арга хэмжээнд оролцож , Канадын Олон Улсын Хамтын Ажиллагааны Сайд Эд Фасттай уулзсан бөгөөд уг арга хэмжээний үеэр УАМБЗ-өөс зохиосон хөрөнгө оруулагчдын чуулганд үг хэлсэн болно.

📍2013 оны 5 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо хуралдсан УАМБЗ-ийн 2013 оны уулзалтад миний бие зөвлөхийн хамт оролцов. Элчин сайд "Монгол Канадын харилцаанд тулгарч буй сорилт" сэдвээр хэлсэн үгэндээ Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгааг онцлоод хоёр орны харилцааны цаашдын төлөв, тулгарч буй асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн.

🔹Боловсрол, соёл, сурталчилгааны чиглэлээр:

📍Канадын Төрийн Албаны Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Мария Баррадосыг 2010 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлуулсан нь чухал ач холбогдолдтой болсон. Энэхүү айлчлалын үеэр хоёр орны Төрийн Албаны Зөвлөлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Канадын төрийн албаны бүтэц, залгамж чанар, зохион байгуулалт, сонгон шалгаруулалтын зарчмаас туршлага судлах, манай төрийн албаны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндсөн юм. Энэ нь үр дүнгээ өгч 2011 оны 5 дугаар сараас төсөл хэрэгжиж эхэллээ. ТАЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам тэргүүтэй төлөөлөгчид Канадын туршлагыг судалсан байна. Канадын ТАК-ийн Ерөнхийлөгч хатагтай М.Баррадос Монгол Улсад гурван удаа бие даасан айлчлал хийж Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын Төрийн албаны комисстой хамтран 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан "Улс төрөөс хараат бус, Мерит зарчимд суурилсан төрийн албаны томилгоо" сэдэвт Олон улсын бага хуралд мөн оролцсон.

📍Элчин сайд Торонто хотноо болсон Уул, уурхайн чуулга уулзалт - PDAC 2012” арга хэмжээнд оролцох үеэр Канад Улсын Олон улсын хамтын ажиллагааны сайд Б.Одатай уулзаж хоёр орны харилцааны тодорхой асуудлуудаар харилцан санал солилцож, энэ үеэр Канадын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийг дэмжих төслийн хоёр дахь шатанд зориулж 250,000 Канад доллар олгуулах асуудлыг зарчмын хувьд шийдвэрлүүлэв.

📍Элчин сайдын хувьд улс орноо Канадад сурталчлан таниулах ажлыг ээлж дараатай, тодорхой зорилготой хийж ирсэн. Бритиш Колумбид ажиллах үеэрээ тус мужийн Ричмонд хотын дунд сургуульд зочлов. Элчин сайдыг сургуулийн захирал Жим Мклеод, Ричмонд хотын захиргааны төлөөлөгчид, багш Кевин Матени болон сурагчид угтан авч хүндэтгэл үзүүлэв. Миний бие Монголыг зорих багш сурагчдад улс орныхоо талаар дэлгэрэнгүй танилцуулан элэгсэг яриа өрнүүлж, тэдний сонирхсон асуултад хариулав. Энэ сургуулийн 30 сурагч 2 багшийн хамт Зүүнхараа хотод ажиллаж, сургуулийн барилга барихад оролцсон юм.

📍БСШУЯ, Канад Улсын Бритиш Колумбийн их сургууль хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Санамж бичиг байгуулснаар тус сургуульд Монгол оюутан тэтгэлэгээр суралцах боломж бүрдэв.

Иргэний нисэхийн шугамаар 20 оюутан Жорж Брауны коллежид, мөн 20 гаруй оюутан Бритиш Колумбийн Нисэхийн удирдлагын коллежид 2012, 2013 оноос тус тус суралцаж эхэлсэн билээ.

Канадын Квебек мужийн Китиган Зиби тойрогт зочилж, холбогдох удирдлагуудтай уулзаж тус тойргийн ерөнхий боловсролын дунд сургуулийг манай орны аль нэг дунд сургуультай холбоо тогтоох боломжийн талаар санал солилцов. Мөн тус улсын Өмнөд Алберта мужийн Кэлгари, Летбриж, Медесине Хат хотуудад 2011 оны 5 дугаар сарын 9-нөөс 13-нд "Криштн Эмбэсси" Төрийн бус байгууллага болон орон нутгийн бизнесс эрхлэгчдийн урилгаар тэдний зардлаар аялж, 3 удаа нийт 400 орчим хүнд "Монгол Улс, хөрөнгө оруулалтын боломж" сэдвээр үзүүлэнт лекц уншжээ.

📍Элчин сайдын хувьд Канадын гадаад бодлогын долоо хоног тутмын “Embassy” сонин, СиТВ радиод ярилцлага өгдөг. Мөн өөрийн орны МТВ, ТВ9, ТВ5, ТВ25 дугаар телевизид 3-4 удаа ярилцлага өгөв

📍Умард нутгийн аялалд оролцсон тухай аяны тэмдэглэл бичиж монгол хэвлэлд нийтлэв. Мөн ЭСЯ-ны веб хуудсанд байрлуулжээ.

Элчин сайдын хувиар Канадын ГХОУХД-аас Оттава дахь ДТГ-ын тэргүүн нарт зориулан Ньюфоундлэнд ба Лабрадор мужид зохион байгуулсан "Эдийн засгийн чуулга"-нд оролцож Улаанбаатар хотноо ЭБЭХЯ-наас зохион байгуулсан Эрчим хүч - Хөрөнгө оруулалт - Технологийн Олон улсын арга хэмжээний тухай болон Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хөгжлийн талаар чуулган дээр мэдээлэл хийв. Элчин сайд нарыг Ньюфоундлэнд ба Лабрадор мужийн захирагч, Засаг дарга нар, мужийн засаг захиргаа хүлээн авч уулзсан байна.

🔹Мэдээлэл, судалгааны ажлын чиглэлээр

ЭСЯ-ны судалгаа, мэдээллийн ажлыг нэгдүгээрт, суугаа орны гадаад, дотоод бодлогын тулгамдсан асуудлууд, бүс нутаг, олон улсын анхаарал татсан асуудлаарх тус улсын байр суурийг мэдээлэх, хоёрдугаарт, гадаад харилцааг эдийн засагжуулах, дэлхийн эдийн засгийн хямрал, түүний үр дагавар, хямралыг давах талаар суугаа орны зүгээс дотооддоо болон бусад оронд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамжийн талаар судалгаа, мэдээлэл бэлтгэх, гуравдугаарт, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар мэдээлэл, санал боловсруулах, дөрөвдүгээрт, төвийн үүрэг даалгавраар судалгаа, мэдээлэл бэлтгэх чиглэлээр гүйцэтгэж ирсэн болно.

🔹Консулын үйл ажиллагааны талаар

📍Элчин сайд Канадын Бритиш Колумб мужийн Ванкувер, Алберта мужийн Калгари хотноо оршин суугаа монгол иргэдтэй жилд тогтмол уулзаж, ЭСЯ “Явуулын консул”-ын үйлчилгээ үзүүлж ирсэн нь нийслэл Оттавагаас алс суугаа Бритиш Колумб, Алберта мужийн иргэдийн цаг, зардлыг хэмнэхэд чухал тустай байлаа.

📍Монреал хот дахь Монголчуудын Холбоо тус хотын Ангриньон амралтын хүрээлэнд “Монголын өдөр” зохион байгуулав. Элчин сайд “Монголын өдөр”-ийг нээж дэлгэрэнгүй үг хэлсний дараа иргэдтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариулж, Монгол ахуй соёлоо сурталчилсан, олныг хамарсан, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж байгаад нь талархаж, цаашид Монреал дахь Монголчуудын холбооноос зохион байгуулах аливаа үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ.

ЭСЯ Канад дахь Монголчуудын Холбоодтой хамтран 2010 оны 6 дугаар сарын 19-нд Торонто хотноо “ЭСЯ-ны цом” сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулав. Элчин сайд “ЭСЯ-ны цом-2010” Канад дахь Монголчуудын спортын наадмыг нээж үг хэлэв. Тэрээр Канад Улсад оршин сууж буй Монголчууд анх удаа нэг дор хуран чуулж, спортоор хүч үзэн өрсөлдөж байгааг цохон тэмдэглээд, алслагдмал хотуудаас энэхүү тэмцээнд ач холбогдол өгч хүрэлцэн ирсэн Ванкувер, Калгари, Монреал хотын багийнхан болон хүлээн авагч Торонто хотынхонд талархал илэрхийлж Монголчуудын холбооноос зохион байгуулах аливаа үйл ажиллагааг ЭСЯ дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-ны нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахтай холбогдуулан уг тэмцээнд түрүүлсэн багт мөнгөн урамшуулал олгож байх тухай Элчин сайдын тушаал гарав. Үүнтэй холбогдуулан 2012 оны арга хэмжээнд Элчин сайд урилгаар оролцож, түрүүлсэн багуудад шагнал гардуулав.

📍2012 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Элчин сайд Канад Улсын Торонто хотноо суух Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон Дэвид Цүбочид консулын тамга, патентыг гардуулж үүрэгт ажилд нь албан ёсоор оруулав. Үүнтэй холбогдуулж Өргөмжит консул Д.Цүбочид зохих журмын дагуу ГХОУХД-д хандаж дипломат машины дугаар олгуулж, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Миний бие Элчин сайдаар томилогдож ирсэн цагаасаа Монгол иргэд Канадад зорчих явдлыг хөнгөвчлөх тухай асуудлыг Гадаад хэргийн яам, Парламентын гишүүд, түүний дотор Цагаачлалын сайд Ж.Кеннейд удаа дараа тавьж ирсэн. Сонин хэвлэлд ярилцлага, хэлсэн үгэндээ байнга тэмдэглэж байв. Эдгээрийн үр дүнд Канадын тал энгийн паспорттай монгол иргэдэд 10 хүртэл, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жилээр виз олгох шийдвэр гаргаад байгаа нь 2013 оны хувьд Монгол-Канадын консулын харилцаанд гарсан томоохон өөрчлөлт, ахиц дэвшил байв.

Эцэст нь намайг дэмжиж, надтай хамтран Монгол Канадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж ирсэн Монгол, Канад журмын нөхдөдөө халуун сэтгэлийн гүн талархал дэвшүүлж байна.


тагууд: MongoliaCanada50years