images

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-29

323

Тус Элчин сайдын яам Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүрээнд энэ сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв.

Элчин сайд Э.Сарантогос суугаа орны Энэтхэг-Номхон далайн үзэл баримтлал, түүнд суурилсан эдийн засгийн гол бодлогыг танилцуулав. Мөн манай улсын худалдаа, бизнесийн төлөөллийг Канад Улсад ирүүлэх, Канад Улсад болдог олон улсын бизнес, эдийн засгийн чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцуулах, бизнес, эдийн засгийн форум хамтран зохион байгуулах, манай компаниудыг Торонтогийн хөрөнгийн биржид бүртгүүлэх зэрэгт хамтран ажиллахыг санал болгов.

Ерөнхийлөгч Д.Энхтүвшин эдгээр саналыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрээр экспортыг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, хилийн чанадад бизнес эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, танхимын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлд хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.

Элчин сайд Э.Сарантогос Канад Улсад жилийн турш зохион байгуулагддаг бизнес, эдийн засгийн гол арга хэмжээ, хурлуудын талаарх хуанлиг танилцуулж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хоёр орны бизнесүүдийг хооронд нь зуучлах, хэлхээ холбоо тогтооход дэмжих нь хамгийн үр дүнтэй болохыг онцлоод, энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллахаа нотлов.