images

БРИТИШ КОЛУМБ МУЖИЙН АЖЛЫН БАЙР, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ, ИННОВАЦЫН САЙДТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-26

319

Элчин сайд Э.Сарантогос 3 дугаар сарын 22-ны өдөр Бритиш Колумб мужийн Ажлын байр, эдийн засгийн хөгжил, инновацын сайд Бренда Бэйлитэй Ванкүвэр хотноо уулзав. Тэрээр Канад Улс Энэтхэг-Номхон далайн стратегийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа энэ цаг үед Монгол, Канадын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг тэмдэглээд Энэтхэг-Номхон далайн бүс рүү гарах суугаа орны гол гарц болох Бритиш Колумб мужтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг нотлов.

Сайд Б.Бэйли Монгол орон зудын аюулд нэрвэгдээд байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлээд, Бритиш Колумб муж нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь эдийн засаг, худалдааны түншүүдээ төрөлжүүлэх стратегийг баримталж байгаа тул Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн гэдгийг онцлов.

Элчин сайд Э.Сарантогос Б.Бэйли сайдыг Бритиш Колумб мужийн бизнесийн төлөөллийг тэргүүлэн Монгол Улсад айлчлахыг урилаа. Сайд Б.Бэйли урилгыг хүлээн авч, мөн манай улсын бизнесийн төлөөллийг Бритиш Колумб мужид хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.