images

БРИТИШ КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-25

353

Элчин сайд Э.Сарантогос 3 дугаар сарын 22-ны өдөр Бритиш Колумбын Их сургуульд зочилж, тус их сургуулийн Ерөнхийлөгч Доктор Бенуа-Антуан Бэконтой уулзав. Тэрээр Монгол-Канадын Иж бүрэн түншлэлийн харилцааны тэргүүлэх таван чиглэлийн нэг болох боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Канад дахь монгол оюутны тоог нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Бритиш Колумбын Их сургууль нь Монгол Улстай нягт хамтын ажиллагааг хөгжүүлж, жил ирэх тутам тус Их сургууль дахь манай оюутны тоо нэмэгдэж, Монгол Улсын талаарх судалгааг түлхүү хийж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Бэкон БКИС-д эдүгээ 50 орчим монгол оюутан суралцаж байгаа, цаашид энэ тоог нэмэгдүүлэх, манай улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургууль хооронд оюутан солилцох, судалгааны чадавхыг бэхжүүлэх, хамтран судалгаа, эрдэм шинжилгээний ажил нийтлүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

Уулзалтад БКИС-ийн Ойн сургуулийн захирал Робэрт Козак, нэрт Монгол судлаач Жулиан Дийркэс нар мөн байлцав. Р. Козак уул уурхайн нөхөн сэргээлт болон мод тарих, ойжуулах, хот суурин газрыг моджуулах чиглэлд манай улстай харилцаа холбоо тогтоогоод байгаа бөгөөд энэ чиглэлд ЭСЯ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

БКИС-ын Профессор Жулиан Дийркэс өнгөрөгч оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнуулсан бөгөөд эдүгээ Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн талаар Хойд Америкт түлхүү танилцуулах, манай судлаачдыг дэмжих чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Элчин сайд Э.Сарантогос БКИС дахь Монгол судлалыг дэмжих үүднээс манай судлаачдын ном бүтээлийн дээжийг Их Сургуулийн Ерөнхийлөгч Бэконд гардуулав.