images

БРИТИШ КОЛУМБ МУЖИЙН САЙД НАРТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-21

276

Элчин сайд Э.Сарантогос 3 дугаар сарын 21-ний өдөр Бритиш Колумб мужийн Ой мод болон Дипломат төлөөлөгчийн газрууд хариуцсан сайд Б.Ралстон, Худалдааны сайд Я.Брар нартай Ванкүвэр хотноо уулзав. Элчин сайд Э.Сарантогос манай улсын эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлэл өгч, Бритиш Колумб мужтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Бритиш Колумб муж нь 5.5 сая хүн амтай бөгөөд ДНБ-ий хэмжээ 281 тэрбум ам.доллар, Ази-Номхон далайн бүс нутагтай хамгийн өргөн харилцаатай, Канад Улсын далайн тээврийн гол гарц юм.

Сайд Б.Ралстон Бритиш Колумбын компаниуд Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан туршлагатайг дурдаад, байгаль орчин, ой модны чиглэлд монголын талтай хамтран ажиллах боломжийг судлахаа илэрхийлэв.

Худалдааны сайд Я.Брар Бритиш Колумб нь манай улстай хийж буй худалдааны хэмжээгээр Канадын мужуудаас хоёрдугаарт ордгийг онцлоод, Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд тус бүс нутаг дахь худалдааны түншүүдээ төрөлжүүлж, Мексик, Тайвань, Вьетнамтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж байгаагаа танилцуулав. Мөн манай улсын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Э.Сарантогос манай улсын “Тэрбум мод” санаачилгын хүрээнд Бритиш Колумб мужтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Ванкүвэр хот дахь Монгол сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг мужийн удирдлагаас хүсэв.