images

КАНАДЫН ХАЙГУУЛЧ, ОЛБОРЛОГЧДЫН ХОЛБООНЫ PDAC-2024 ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-06

448

Канад Улсын Торонто хотноо 2024 оны 3 дугаар сарын 3-6-ны өдөр Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос зохион байгуулсан PDAC-2024 буюу Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын дэлхий нийтийн чуулга уулзалтад Монгол Улсаас засгийн газар, хувийн хэвшил, хэвлэл мэдээлллийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцов. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүлж, уул уурхайн сайд нарын өндөр түвшний уулзалтад оролцов. PDAC-2024-т Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч компаниуд, геологи, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчид өргөнөөр оролцож дэлхийн өнцөг бүрээс ирсэн уул уурхайн салбарынхны үзэсгэлэнг үзэж сонирхов.

УУХҮЯ, МУУҮА хамтран Монгол Улсын уул уурхайн салбарыг толилуулан танилцуулах үзэсгэлэнгийн бүүт ажиллуулж, “Монголын өдөрлөг” зохион байгуулан Монгол Улсын ашигт малтмалын салбарын өнөөгийн байдал, төрөөс явуулж буй бодлого, зохицуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Түүнчлэн “Монголын өдөрлөг” арга хэмжээнд Монгол Улсад хөрөнгө оруулагч уул уурхайн томоохон компаниуд төдийгүй критикал эрдэс, геофизикийн судалгаа зэрэг чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шинэ хөрөнгө оруулагчдын төлөөлөгчид илтгэл тавьж, танхим дүүрэн хүрэлцэн ирсэн зочдын асуултад хариуллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар PDAC-2024-ын үеэр мөн Канад Улсын Парламентын Нийтийн танхимын гишүүн, Байгалийн нөөцийн байнгын хорооны дарга Жорж Чахал, Олон улсын хөгжлийн сайд Ахмед Хуссэн нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон, Канад Улсаас Монгол Улсад хөгжлийн тусламж үзүүлэх боломжтой салбаруудын талаар ярилцав. Канадын тал уул уурхайн салбарын арвин туршлагаасаа хуваалцах, чадавхийг бэхжүүлэх, тухайлбал, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн гаргах, эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Канадын Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн төдийгүй бусад тэргүүлэх чиглэлд хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга Канад Улсын Байгалийн нөөцийн орлогч сайд Жефф Лабонтетэй уулзаж, байгалийн нөөцийн ашиглалт, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн Сайд Ж.Ганбаатар Канад Улсын Онтарио муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Брайон Вилфертын офист зочилж, хөрөнгө оруулагчдын төлөөлөгчидтэй уулзав.

Энэ үеэр Канадын “Хилл Таймз” сонины 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн дугаарт “Invest in Mongolia” гарчиг бүхий нийтлэл гарч Монгол Улсын ашигт малтмалын салбарт төрөөс явуулж буй бодлого, зохицуулалтын талаар танилцуулав.