ТОРОНТОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЗИЙН ХҮРЭЭЛЭНД НОМ БЭЛЭГЛЭВ
Элчин сайдын яам Монголын түүх дурсгал, хэл шинжлэл, Монгол судлалын асуудлаар сүүлийн үед хэвлэгдсэн хорь орчим ном бүтээлийг Торонтогийн Их сургуулийн Азийн хүрээлэнд бэлэг болгов.
Монгол-Канадын харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 10 дугаар сард Торонтогийн Их сургуультай хамтран зохион байгуулсан “Монгол-Канадын харилцаа олон улсын өнцгөөс” бага хурлын үеэр ЭСЯ Азийн хүрээлэнгийн монгол судлалын ажилд хувь нэмэр болгож мөн хорь гаруй ном, бүтээл бэлэглэсэн билээ.
Торонтогийн Их сургууль Канад дахь Монгол судлалын чухал тулгуур бөгөөд 1980-аад оны сүүлээр тус сургуульд байгуулагдсан Төв, Өвөр Азийн Семинар 1994 оноос 2013 он хүртэл Монгол, Төв Ази судлалаар жил бүр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хурлын илтгэлээр 10 эмхтгэл гаргасан. Одоо тус сургуульд Монголын эзэнт гүрэн, Юань гүрний үеийн соёлын бүтээл, биет өв, мөн монгол хэл шинжлэлийн чиглэлээр хичээл зааж байна.