“ОЛОН УЛСЫН ТАВЦАН, ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ МОНГОЛ-КАНАДЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДВЭЭР ҮНДСЭН ИЛТГЭЛ ТАВЬЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ
Энэ сарын 21-ний өдөр Канадын Олон улсын харилцааны зөвлөлийн ээлжит арга хэмжээнд Элчин сайд Э.Сарантогос уригдан оролцож, “Олон улсын тавцан, ЗХА дахь Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагаа” сэдвээр үндсэн илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцов.
Хэлэлцүүлэгт Канад Улсаас Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан, эдүгээ Канадын олон улсын харилцааны зөвлөлийн Ази, Номхон далайн салбарын дэд дарга Г.Голдхөүк, Канадын МкДоналд Лориэр судалгааны хүрээлэнгийн Гадаад бодлого, үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын хөтөлбөрийн захирал Ж.Миллер нар мөн оролцов. Монгол Улсын олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого, ЗХА-ийн бүс нутагт дахь үйл ажиллагаа, мөн Канадын Энэтхэг-номхон далайн стратегийн хэрэгжилт, Хойд номхон далайд хамтран оршиж буй Монгол, Канад хоёр улс ирж буй он жилүүдэд хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж болох талаар дэлгэрэнгүй ярилцаж, арга хэмжээнд оролцсон зочдын сонирхсон асуултад хариулт өгөв.
Манай хоёр улс 2023 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад албан ёсны айлчлал хийж, талууд харилцааны түвшинг Иж бүрэн түншлэлд хүргэсэн билээ.
Канадын Олон улсын харилцааны зөвлөлийн 60 гаруй гишүүд Монгол орны талаар ихээхэн сонирхсоны дунд олон залуус байсан нь хоёр орны харилцаанд оролцогчдын хүрээг нэн ялангуяа залуу үеэр тэлж, манай улсын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд дөхөм үзүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Канадын талаас хамтран зохион байгуулсан Олон улсын харилцааны зөвлөл, МкДоналд Лориэр судалгааны хүрээлэнд талархал илэрхийлье.