images

ТӨРИЙН ДАЛБАА МАНДУУЛАХ ЁСЛОЛ БОЛОВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-07-12

228

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолыг Канад Улсын нийслэл Оттава хотын захиргаатай хамтран 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулав.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос, Оттава хотын дарга Марк Сатклифф, Канад Улсын Гадаад хэргийн яамны Зүүн ба хойд Азийн газрын Ерөнхий захирал Жоя Донелли нар үг хэлж Монгол, Канадын харилцаа хоёр орны ижил төстэй тал, нийтлэг үнэт зүйл, харилцан итгэлцэл дээр тулгуурлан Иж бүрэн түншлэлийн түвшинд өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглэлээ.

Ёслолд Канадын Парламентын Нийтийн танхимын гишүүн Ив Перрон, Канадын Гадаад хэргийн яамны Зүүн Хойд Азийн газрын ажилтнууд, Канад Улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Г.Голдхөүк, Квэбэк муж дахь Монгол Улсын Өргөмжит консул П.Лемэй нар оролцов. Мөн Япон, Казахстан, БНСУ, ОХУ, Итали, Франц, Унгар, Грек, Куба, Чили, Аргентин, Йордан, Колумби, Парагвай, Алжир, Тунис, Ямайк, Ирак зэрэг улсын Элчин сайд, дипломат ажилтнууд болон тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж алтан соёмбот Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэв.