images

КАЛГАРИ ХОТ ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-07-17

215

Элчин сайд Э.Сарантогос Калгари хотод ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн төлөөлөлтэй 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр уулзаж иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг ойртуулах, иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих, мөн Монголын өв соёлыг сурталчлан таниулах, хамгаалах чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл Калгари хотод 2005 оноос хойш Монголчууд суурьшиж эхэлсэн бөгөөд Монгол иргэд хамгийн ихээр төвлөрсөн хот болж байгааг тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагыг идэвхжүүлэх, энэ хүрээнд Монгол сургуулийг дэмжих, өв соёлоо сурталчлан дэлгэрүүлэх, Монгол-Канадын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор хийж байгаа ажил, санал санаачилгынхаа талаар танилцуулж, сонирхсон асуултууддаа хариулт авав.

Элчин сайд Э.Сарантогос Монгол-Канадын харилцааны талаар товч танилцуулж, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Тэрээр Калгари хотод байгаа иргэдтэй Монгол сургуулийг дэмжих, эх орон, өв соёлоо сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг хүргэх, мөн мэдээлэл солилцох чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлж, иргэдийн тавьсан асуултад хариулт өгөв.