images

КАНАД УЛСАД СУУГАА ЭМЭГТЭЙ ЭЛЧИН САЙД НАРТ МОНГОЛ УЛСАА СУРТАЛЧЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-09-16

100

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Канад Улсад суугаа эмэгтэй элчин сайд нарт зориулан монгол соёл, уламжлал, зан заншил танилцуулах сурталчилгааны үдэшлэгийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Онтарио мужийн Александрия хотод зохион байгууллаа. Канад Улсад суугаа “Дипломат төлөөлөгчийн газрын эмэгтэй тэргүүн нарын холбоо”-ны хүрээнд зохион байгуулсан дээрх арга хэмжээнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогосын урилгаар Ямайка, Словак, Саудын Араб, Йордан, Грек, Нидерланд, Панам улсуудаас тус улсад суугаа Элчин сайд нараас гадна Онтарио мужийн Норт Гленгарри дүүргийн Захиргаа хариуцсан захирал Сара Хаскинсон оролцов.

Зочид монгол хоол, монгол ахуй, зан заншил, уламжлал, урлаг, соёлтой танилцаж нэгэн үдшийг Монголоор амьсгалж өнгөрөөв. Арга хэмжээг монгол гэр импортлодог “Груви Юртс” компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, тус компанийн захирал Ив Балленеггер хүрэлцэн ирсэн зочдод монгол гэрийн танилцуулга хийж, монгол гэрийн уламжлал, монгол ахуй байдлыг таниулан сурталчлав. Түүнчлэн монгол үндэсний бүжгийн үзүүлбэр үзүүлж, Монголын үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнийг сурталчилж, монгол дээл хувцас, үндэсний онцлогийг илтгэсэн бэлэг дурсгалын булан ажиллуулав.

Элчин сайд Э.Сарантогос хүрэлцэн ирсэн эрхэм зочдодоо талархал илэрхийлж, эх орноо төлөөлөн Оттава хотод ажиллаж амьдарч буй эмэгтэй элчин сайд нар хэлхээ холбоогоо бэхжүүлэхийн хэрээр Канад Улсаас нандин дурсамжтай үлдэх боломжийг энэ харилцаа олгож буйг онцлон дурдав. Суртачилгааны үдэшлэг нь Монгол орон, монгол соёл, бүтээгдэхүүнээ дипломат корпусын эмэгтэй тэргүүн нар, мөн Канадын орон нутагт сурталчлан таниулахад чиглэсэн арга хэмжээ боллоо.