images

ЭЛЧИН САЙД АЛГОНКҮИН КОЛЛЕЖИД ЗОЧЛОВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-09-17

151

Элчин сайд Э.Сарантогос Алгонкүин коллежийн захирал Клод Брулегийн урилгаар тус коллежид 9 дүгээр сарын 13-ны өдөр зочлов.

Элчин сайд захирал К.Бруле, дэд захирал П.Дювэй, гадаад хамтын ажиллагаа хариуцсан ажилтнуудтай уулзаж, дотоодын сургуулиудтай холбох, хамтарсан 2+2 гэх мэт хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголоос оюутан суралцуулах зэргээр хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл, санал солилцов. Түүнчлэн тус сургуулийн нүүрсхүчлийн хийг бууруулах, цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжих зорилготой Ногоон нийлүүлэлтийн сүлжээний лаборатори, Барилга, архитектурын судалгааны төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Алгонкүин коллеж нь 1967 онд байгуулагдсан, Канад Улсдаа хэмжээгээрээ 7 дугаарт эрэмбэлэгддэг, барилга угсралт, нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сувилахуй, технологи, медиа зэрэг 300 гаруй чиглэлээр техник, мэргэжлийн боловсрол олгодог байгууллага юм. Тус коллеж нь Канадын мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудын холбоо (CiCAN), мөн Канадын “Политехникс Канада” нийгэмлэгийн гишүүн ба Оттава, Перс болон Пэмброк хотод салбар сургуультайгаас гадна цахим сургалт явуулдаг байна.

Тус сургуульд өдгөө 22 мянган оюутан суралцаж байгаагаас 8000 нь 90 гаруй улсаас ирсэн гадаад оюутан юм. Сүүлийн жилүүдэд нийт 6 монгол оюутан тус коллежид суралцаж төгссөн ба одоо нэг оюутан бакалаврын түвшинд суралцаж байна.

Алгонкүин коллеж нь бакалаврын түвшний, мөн ахисан түвшний дипломын болон сертификатын практик дадлага хосолсон сургалт явуулдаг ба төгсөгчдийн 90 орчим хувь нь ажлын байраар хангагддаг байна.