images

УИХ-ын Байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй УИХ-ын гишүүд Канад Улсын Рижайна хотод ажиллаж байна

Элчин сайдын яамны мэдээ

2022-11-29

347

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Канад Улсын Саскачеван мужийн Хууль тогтоох Ассамблейн дарга эрхэмсэг ноён Рэнди Уийкстай уулзаж, хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламентын зүгээс үзүүлэх дэмжлэгийн чухлыг онцлохын зэрэгцээ хөдөө аж ахуйн чиглэлээр тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэхэд Саскачеван муж тэргүүлэх байр суурьтайг тэмдэглэв.

Мөн өдөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Саскачеван мужийн Хөдөө аж ахуйн сайд Дэвид Мариттай уулзаж, манай улсын хөдөө аж ахуйн салбар Саскачеван мужтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгааг нотлохын хамт Монгол Улстай хамтран ажиллахад УИХ-ын зүгээс бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Төлөөлөгчид түүнчлэн Рижайна хотноо жил бүр зохион байгуулагддаг Канадын хөдөө аж ахуйн үзэсгэлэнг үзэж сонирхон уг үзэсгэлэнгийн Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Ким Хексталл, Рижайна хотын дарга Сандра Мастерс нартай уулзав.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Саскачеван мужийн Спикер Р.Уийкс, Хөдөө аж ахуйн сайд Д.Марит, Рижайна хотын дарга С.Мастерс нарыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.


тагууд: MongoliaCanada