images

ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ОТТАВАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ТУХАЙ ЛЕКЦ УНШИВ

Элчин сайдын яамны мэдээ

2026-01-30

45

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Канадын Оттавагийн их сургуулийн Улс төр судлалын сургуулийн цахим хичээлд оролцож, Монголын түүх, гадаад бодлого болон Монгол, Канадын харилцааны тухай лекц уншив.

Тус цахим хичээлд Оттавагийн их сургуульд улс төр судлалын чиглэлээр суралцаж буй 120 гаруй оюутан оролцож, Элчин сайдаас Монгол Улсын талаар сонирхсон асуултууддаа хариу авав.

Оюутнууд Монгол Улсаас хоёр хөрш, гуравдагч хөрш улс орнуудтай хөгжүүлж буй түншлэлийн харилцаа, Монгол орны хөгжлийн асуудлууд, түүний дотор эдийн засаг, байгаль орчны талаар сонирхож байв. Мөн Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг сонирхож асуусанд, Элчин сайдын зүгээс хоёр орны харилцааны ирээдүйг авч явах оюутан залуучуудад дэлгэрэнгүй хариу өгч, Монгол Улсад зочлохыг урив.

1848 онд байгуулагдсан Оттавагийн их сургууль нь Канадын хамгийн эртний, нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Түүнчлэн англи, франц албан ёсны хоёр хэлээр сургалтаа явуулдгаараа дэлхийн хамгийн том хос хэлтэй их сургуульд тооцогддог байна.

Өнөөдөр тус их сургуульд дэлхийн 150 гаруй орны 40,000 гаруй оюутан нийгэм, улс төр, хууль, анагаах ухаан, инженер, байгалийн ухаан, бизнес, олон улсын харилцаа зэрэг чиглэлээр суралцаж байна.